Химийн Факультет (Монгол Улсын Их Сургууль)

Монгол Улсын Их Сургуулийн Химийн Факультет нь 1998 оны есдүгээр сард химийн сургалт, эрдэм шинжилгээний ажил хариуцсан нэгжүүдийг нэгдсэн удирдлага, бүтэц, зохион байгуулалттай болгон МУИС-ийн бүрэлдэхүүний нэгж болох Химийн факультет байгуулагдан сургалт, судалгааны ажлаа эхэллээ. Химийн салбар бол МУИС-ийн ууган салбарын нэг юм. 1942 онд МУИС анх байгуулагдсан тэрхүү цагаас эхлэн химийн тэнхим, лабораториуд нь сургалтанд үйлчилж, дунд сургуулийн химийн багш нарыг бэлтгэх, монгол орны эрдсийн баялаг, ус, хөрсний шинжилгээ судалгааны ажил эхэлсэн түүхтэй. Улмаар 1951 оноос хими-биологийн салбар нээгдэж тэнхим нь ерөнхий ба аналитик хими, органик биохимийн тэнхим болон өргөжсөн байна. 1955 оноос химийн ухаанаар дагнан мэрэгжсэн боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн бөгөөд 1959 онд анхны төгсөлт хийснээс хойш 47 жил болж байна. Энэ хугацаанд химийн шинжлэх ухааны төрөл бүрийн салбараар мэргэшсэн, химийн багш мэргэжлээр 1200 орчим хүн төгсөж, анагаах ухаан, хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбар нэгжид амжилттай ажиллаж байна.

Бүрэлдэхүүн салбар төвүүд

засварлах

Тус факультет нь 3 тэнхим, нэг төвөөс бүрддэг.

Ерөнхий ба аналитик химийн тэнхим

засварлах

2006-2007 оны хичээлийн жилийн байдлаар тус салбар дээр гурван мэргэжлээр 200 гаруй бакалаврын оюутан, 15 гаруй магистр, 15 орчим докторант оюутнууд сургалт, эрдэм шинжилгээний ажлаа явуулж байна.

Химич, химийн багш мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг ХФ-ийн ерөнхий, аналитик химийн тэнхим хариуцан хэрэгжүүлдэг бөгөөд 40 гаруй жил сургалт судалгааны ажлыг бусад тэнхимтэй хамтран явуулж нийтдээ 1400 гаруй мэргэжилтэн бэлтгээд байна. Химич, химийн багш мэргэжлээр 46 жил, экологийн химич мэргэжлээр 9 жил, хими-байгаль шинжлэлийн багш мэргэжлээр 5 дахь жилдээ сургалтыг тус тус явуулж хими-байгаль шинжлэлийн багш мэргэжлээр 2006 онд бакалаврын анхны төгсөлтөө хийсэн болно.

Ерөнхий аналитик химийн тэнхимийн эрдэмтэн багш нар химичдийн хийж бүтээсэн эрдэм шинжилгээний ажлууд нь улс эх орондоо анхдагч, одоогийн болоод ирээдүйн агуулга ач холбогдолтой дараах чиглэлүүдээр олон арван жил үргэлжлэн хөгжиж иржээ: Эх орны рашаан, эрдэст нуур, байгалийн баялаг, ус, хөрс, үнэт өнгөт ховор металл, фосфорит, силикатын хими, физик хими, органик биш хими, гетерополи болон металлорганик хими, хүдэр баяжмалаас өнгөт, үнэт металлыг ялгах гидрометаллурги, биометаллурги, химийн дидактик зэрэг чиглэлээр өргөн хүрээтэй судалгааг явуулж, тэнхимийн багш нараас олон эрдэмтэн төрж гарсан юм.

Органик ба хүнсний химийн тэнхим

засварлах

1942 онд МУИС-ийн Химийн тэнхимийн бүрэлдэхүүнд үүсч, 1951 онд Органик-Биохимийн тэнхим нэртэй бие даасан тэнхим, 1982 онд Органик химийн тэнхим нэртэй болж хөгжиж ирсэн түүхтэй. Уг тэнхим нь ХФ-ын бакалаврын түвшний нийт оюутнуудад Органик хими, Биохими, Полимер хими; Нефтийн химийн ангид Нефтийн хими, Нефтийн технологи, Нефтийн анализ, Нүүрсний хими; Хүнсний химийн ангид Хүнсний хими, Хүнсний анализ, Хүнсний технологи, Байгалийн нэгдлийн хими; Байгалийн нэгдлийн химийн ангид Эм судлал, Эм зүй, Эмийн хими, Эмийн технологи, Фитохимийн судалгааны арга хичээлүүдийг эрхлэн заадаг. Мөн энэ чиглэлээр магистрант докторантын шаталсан сургалт явуулдаг. Тус тэнхим одоогоор 11 багш, ажилчид ажиллаж байгаа бөгөөд 6 багш нь гадны оронуудад ахисан түвшиний сургалт судалгаанд хамрагдан ажиллаж, сурч байгаа юм. Органик хими, хүнс судлалын тэнхимд одоогийн байдлаар 20 магистрант, 15 докторант суралцаж байна.

Хими технологийн тэнхим

засварлах

Хими-технологийн тэнхимийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг доктор (Ph.D), хүндэт профессор А.Доржпалам үндэслэсэн бөгөөд 1997-2001 онд тус тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. 2001-2006 онд доктор (Ph.D), дэд профессор Д.Төмөр-Очир тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байв. 2006 оноос тус тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D), профессор Ч.Ганзориг ажиллаж байна.

1991-1992 оны хичээлийн жилд Хими-технологийн ангид анхны элсэлт авч, 1995 онд анхны төгсөлт хийсэн. Хими технологич мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалт явуулж байна.

Энэ хугацаанд 12 удаа төгсөлт хийж, 181 хими-технологич мэргэжилтэн бэлтгэгдсэн болно. Одоо тус салбарт 90 гаруй оюутан, 10 магистрант, 3 докторант суралцаж байна. Мөн тус хими-технологийн салбарт эрдсийн химич мэргэжлээр элсэлт авч 7 дахь жилдээ тус салбарт 30 гаруй оюутантай сургалт явуулж байна.

Тус салбарыг төгсгөгчид зах зээлийн өнөө үед манай орны олон төрлийн салбар, жижиг дунд үйлдвэрт инженер-химич, химич-технологич, их дээд сургууль, коллежид багш, судалгаа шинжилгээний байгууллагуудад эрдэм шинжилгээний ажилтанаар амжилттай ажиллаж байна.

Шинэ Материалын Хими, Технологийн Судалгааны Төв

засварлах

Шинэ Материалын Хими, Технологийн Судалгааны Төв нь анх 1991 онд МУИС-ийн харъяа, Шинэ Материалын Хими, Технологийн Төв нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1998 онд химийн факультет тусдаа байгуулагдахад түүний харъяаны нэгж болсон юм. Төвийн ажилтан нарын 60 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой, олон арван жил судалгааны ажил хийсэн, туршлагатай ажилтан нар болно. Эдний дотор шинжлэх ухааны доктор (Sc.D) 1, (Ph.D) 5, дэд профессор 3 тус тус ажиллаж байна. Тус төв нь силикат шинэ материал, суперпластификатор-гадаргуугийн идэвхит материалын хими, шатах тосолгооны материалын химийн 3 лабораторитой. ШМХТТөв байгуулагдсанаас хойш цементийн шинэ технологи буюу композит материал , холимог металл, сульфогумин хүчил, золь-гелийн технологи, сорбент, суперпластификатор, силикат шинэ материал-крент зэрэг чиглэлүүдээр ажиллаж ирсэн ба манай улсад эрдэс материалын химич мэргэжилтэнгүүд бэлтгэх үндэслэл шаардлага байгааг харгалзан тус төвийн эрдэмтэд уг "Эрдэс-Материалын Хими" чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх Бакалавр, Магистр, Докторын зэргийн шаталсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан БСШУЯ-аар батлуулж, дотоодын эрдэс материалын химич мэргэжилтэнгүүд бэлтгэж эхэлснээс хойш өдгөө 10 гаруй жил өнгөрчээ. Дэлхийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийн хөгжлийн онцлогоос ажиглахад сүүлийн үед цоо шинэ шинж чанартай шинэ материал гарган авах, шинэ технологи боловсруулахад онцгой анхаарал тавих боллоо. Мөн Монгол улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд “шинэ материал, шинэ технологи” гэдэг чиглэл албан ёсоор тусгагдсан болно.