Хасын Шаравжамц
Одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутгийн бөх. 1877 онд төрсөн. Түүний эцэг Хас нь 1864 оны бага даншигт шөвгөрч начин цол хүртэж байсан бөх байжээ. Хас начиний (хэвтээ налуу) гэж алдартай мэх байсан гэдэг. Энэ нь учраа бөхдөө өргүүлэн унахдаа боосон гэзэгнийх нь үзүүр газар хүрэхээс өмнө дээр нь гарчихдаг мэх.
(Их монгол) Шаравжамц анх 1900 оны их даншигт ирж барилдаад 5 даваад нутаг буцсан байна. Дараа жил нь буюу 1901 оны их даншиг дахин ирж барилдаад 6 давж шөвгөрөн начин цол, 1906 оны их даншигт 8 давж шөвгөрөн арслан цол хүртээд байлаа. Тэрээр 1908 оноос эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлжээ. Улмаар 1911 оны их даншигт Гэндэндаржаа начин (хожмын арслан)-г давж түрүүлэн даян аварга болсон байна.
Ард олондоо (Их монгол) гэж алдаршсан энэ аварга лавтайяа 2 м 30 см өндөр байсан гэдэг. Ардын хувьсгалын дараа улсын наадамд 6 удаа ирж барилдахдаа 1937 онд 2, 1943 онд 4, 1945, 1946 онд тус бүр 3 давж 1950 оны наадамд барилдалгүй хөл хянагч(хөлийн цэц)-аар ажиллаж, 1951 онд хоёр даваад зодог тайлжээ. Түүний зээ Т.Дэмбэрэлсамбуу 1980 онд улсын начин цол хүртсэн юм. Түүний зээнцэр Пэрэнлэйдашийн Мөнхжаргал 1994, 1995 оны Самбо бөхийн Дэлхийн Залуучуудын аваргын мөнгө , хүрэл медальтай , Азийн аваргын хошой мөнгөн медальтай тамирчин байсан.1994 онд Үндэсний бөхийн Залуучуудын улсын аваргаар шагналт байранд шалгарч уран барилдааны шагнал авч байжээ.