Хастын Вандандорж

Ачит лам хэмээх Хастын Вандандорж нь 1916 он буюу 15-р жарны гал луу жилийн намрын эхэн сарын шинийн 15-нд засагт хан аймгийн Цэцэн сартуул хошуу одоогийн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг “Мөөгний хавчиг” гэдэг газар Хаст тайжийн гурав дахь хүү болон төржээ. Ачит ламын ээж нь Хөтчин отгийн Хүүхэн ламын Сэндэр хатан гэж байсан байна. Далай ламаар анх сунтаг шүүлгүүлсэн нэрийг Их хүрээнд явуулснаар наймдугаар богд Жавзандамба хутагт зарлиг болгож Хувилгаан багшийн хойд дүр мөн болохыг тогтоож “Бүрэлгүү Вандандоржийн даншүг, солдүв, сандан лхүндүв” хэмээх ном номлож Пунцаг-Осор ламаар бичүүлжээ. Вандандорж хувилгааныг 1920 он буюу төмөр бичин жил 5 настайд нь ширээнд залжээ. Ачит лам Галуутайн хүрээнд туслаа Дацантай байсан бөгөөд маш мэргэн, чадал сайтай, номд гүнзгий мэргэшсэн хувилгаан хүн байсан гэдэг. Вандандорж хувилгааныг тухайн үедээ “Урд төрлийнхөө номыг мартаагүй юм” гэж гайхан магтацгаадаг байжээ. Түүнийг 1936 оны 10-р сарын 6-нд хилс хэрэгт баривчлан хороожээ.