Ховд аймгийн Булган Үенч сумын заагт Жаргалан уулын орой дээр байх сүрлэг чулуун байгууламжийг "Харуул овоо" хэмээдэг. Овооны өндөр нь 25 метр, суурийн диаметр нь 50 метр орчим аж. Судлаачид энэ овоог XYII-XYIII зууны үед хамааруулан үздэг байна. Уг овоо нь Булган голын хөндийд нутаглах Торгууд ястны босгосон 13 овооны нэг аж. Харуул овоо нь гурван үеэс бүтэх ба доогуураа өргөн цүлхэгэр, дээшээ нэгэн жигд нарийсч цамхаг хэлбэрийг бий болгосон байна. Хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж, дундуур нь модон шургаагаар бэхэлгээ хийж зангидсан байдаг аж. Энэ овооны тухай хэд хэдэн домог байх бөгөөд урьд цагт Захчин ястны өлгий нутаг болох Жаргалан хэмээх газар нутагт Их хааны харуулын албыг гүйцэтгэх албатууд суурьшдаг байжээ. Тухайн үед хойд Жаргалант уулаар харийн хошууны хил хязгаар залгаж байсан тул харуул манаатай байв. Нэгэн айлын ганц хүү тэрхүү харуул манааны үүргийг гүйцэтгэсээр насан өөд болжээ. Түүнийг нутаглуулахаар хошуу ноёны зарлиг гарч харуул хүүгийн унадаг морь, анч нохой, бүх зэр зэвсгийн хамт овооны дотор хийж чулуугаар хашиж бунхалсан гэдэг. Овоог босгоход Ар Жаргалантын голоос Харуулын овоо хүртэл хүмүүс нэг эгнээ болон зогсож зуурсан шавар, чулуу, модыг гар дамжуулан уулын оройд гаргасан гэж ярьдаг. Энэхүү домог түүхээс сэдэвлэн Ховд аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчид "Харуул овооны домог" хэмээх жүжгийг тавьжээ.


Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.