Ханнибал Баркас (* МЭӨ 247 оны орчим Карфагенд; † МЭӨ 183 онд Вифини) нь эртний карфагений цэргийн стратегич, цэргийн жанжин байжээ. Түүний эцгийг Гамилкар гэдэг байсан бөгөөд “Аянга” хочоороо түүхэнд мөнхөрчээ. Ханнибалын аав Гамилкар Карфагены цэргийг удирдаж Ромчуудын эсрэг Сицилийн арал дээр тулалдаж явжээ.

Ханнибалын дүрс бүхий эртний мөнгөн зоос

Бага нас засварлах

Ханнибал хүү Грек багш нарын ачаар олон талын боловсрол эзэмшсэн бөгөөд хүүхэд байхдаа ах нарынхаа хамтаар аавынхаа удирдан явуулж буй байлдааны ажиллагаанд оролцдог нэгэн байжээ. НТӨ 264-241 оны хооронд Ром-Карфагены хооронд Пунийн нэгдүгээр дайн гэж дэгдсэн ба байлдааны үйл ажиллагаа Сицилийн арал болон Испанийн нутагт өрнөж байв. Пунийн дайн нь ерөнхийдөө Ром-Карфагены хооронд газар дундын тэнгист хэн нь ноёрхолоо тогтоохоо үзсэн дайн байсан юм. Ганнибал хүүхэд байхдаа аавдаа Ромчуудын эсрэг насаараа тулалдах болно, хэзээ ч бууж өгөхгүй гэсэн тангараг тавьж, тэр тангарагдаа насаараа үнэнч явсан байна. Сүүлд нь тангарагтаа үнэнч хүнийг “Карфагены тангараг өргөсөн хүн” хэмээн нэрлэдэг нь ийм учиртай ажээ. Ганнибалын аав Гамилкар Иберийн хойг буюу одоогийн Испаний нутагт дайтаж яваад амь эрсэдсэн байна.

Ромын эсрэг дайн засварлах

Энэ үед залуу хүү Ганнибал өөрийн жанжны авьяасаа гаргаж, Ромчуудад асар их хүндрэл учруулах болов. 22 настайдаа Карфагены морин цэргийг удирдаж Ромчуудыг Испаний нутагт бут ниргэжээ. Энэ л үед Ромчууд тун ч яггүй дайсантай тулгарсанаа мэдэж авсан юм. Сүүлд Наполеон хэлсэн байдаг: “Карфаген биш харин Ганнибал л Ромчуудын зүрхэнд шар ус хуруулж байсан юм” гэж.

Түүнийг жанжин болж байх үед буюу 218-201 Пунийн 2-р дайн дэгдсэн бөгөөд Ганнибалын цэрэг Испанийг бүрэн эзэлж, мөнгө болон төмрийн хүдэр бүхий нутгийг нь хяналтандаа авсанаар Ромчуудыг хүнд байдалд оруулжээ. Пунийн 1-р дайны үр дүнд Ромчууд Сицилийн арлын чөлөөлж, Испанийн эрхшээлдээ оруулан Газар дундын тэнгист хяналтаа тогтоож, худалдааг хянах болсонтой Карфагенчууд эвлэрч чадахгүй байсан учраас Пунийн 2-р дайныг дэгдээв.

Пунийн 2-р дайны давших төлөвлөгөөг Ганнибал зохион байгуулсан бөгөөд үндсэндээ Газар дундын тэнгист ноёрхолоо тогтоох, Ромчуудыг стратегийн чухал нутгуудаас нь шахан гаргах байсан юм. Байлдааны ажиллагаа тэнгист ч тэр эх газарт ч тэр өрнөж байв. Ганнибал Испани руу дайрахаасаа өмнө тагнуулыг ашиглаж, тэнд буй Ромтой дайсагналцдаг аймгуудтай холбоо тогтоон давшилтаа эхэлжээ.

Карфагенчуудын Ромын нутагт давшаад ороод ирэх чадалтай гэж Ромчууд бодохгүй байв. Ганнибалын гэнэтийн довтолгоо Ромчуудыг сандаргажээ. Ганнибалын тагнуулууд Ромд, Балканд, Германд хүртэл ажиллаж, Ромтой дайсагналцсан овог аймгуудыг турхиран босгож байв.

Ганнибал жанжин НТӨ 218 онд 92000 цэргийн хүчээр Испаниас Ромын зүг давшиж Галлчуудыг нэгтгэн, улмаар Умард Италид довтолжээ. НТӨ 218 оны 9-р сард Ганнибалын 60000 цэрэг болон 40 заан бүхий хүчээр Альпийн нурууг даван Ромын эсэргүүцлийг дарж Ром хотод тулж иржээ. Энэ үед Галлчууд Ромын эсрэг бослого гаргав. Италид байлдаж байсан Ромчууд үндсэндээ бүрэн бутцохиулсан ба Ромын цэргийг удирдаж явсан Ланг жанжны цэргүүдээс нэг ч хүн үлдээгүй гэдэг. Үүний үр дүнд Ганнибалын арми умард Италийг бүхэлд нь хянах болов. НТӨ 217 онд Ганнибал 40000 цэргийн хүчээр давшиж, Тразимен нуурын дэргэд Ромын жанжин Фламинигийн цэргийг бүсэлж устгасан байна. Ромчууд 15000 цэргээ алдсан юм. Ганнибал цааш өмнө зүг Аппенины хойг руу давшин Ромчуудыг цохисоор л байсан юм. Ганнибал өөрийн армиа ромын цэргийн байлдааны тактикаар байлдуулж байсан нь Ромчуудад хүнд байв. Дээрээс нь байлдааны заануудыг хэрхэн устгах талаар Ромчууд учрыг нь олж чадахгүй байжээ.

НТӨ 216 онд Каннаны дэргэд түүхэнд мөнхөрсөн алдарт тулалдаан болсон юм. Ромын армийг Терецци Варрон удирджээ. Ганнибал өөрийн армийг Ромын тактикаар байлдуулж, шийдэмгий давшин Ромчуудыг ухрааж байв. Карфагенчууд хөнгөн морть цэргийнхээ ачаар Ромчуудын гол хүчийг бүслэн устгаж, Ромын 56000 цэргийн устгажээ. Харин Карфагены хохирол 7000 цэрэг болсон юм. Гэхдээ энэхүү тулалдаан өрнөж байх ид үед Ром хотынхон хамгаалалтаа бэхжүүлж чадсан юм. Тиймээс Ганнибал энэхүү хотыг эзлэн авч чадаагүй юм. Хэд хэдэн тулалдаанд ялагдсан ч гэсэн дайны чадавхиа алдаагүй Ромчууд Ганнибалтай шууд тулалдаж байхын оронд өөрийнх нь төрөлх хотод цэрэг буулгахаар болжээ. Энэ нь араасаа таслагдсан Ганнибалын хувьд муу мэдээ байсан юм. Нөгөө талаар Каннан дахь ялагдлынхаа дараа Ромчууд эв нэгдэлгүй болж, бууж өгнө гэж байсан Ганнибалын тооцоо нь талаар болсон юм. Энэ үйл явдлын дараа Ромчууд харин ч улам бүр нэгдэх болжээ. Ромын цэргүүд НТӨ 207 онд Испанид байрлаж байсан Карфагены 11000 орчим цэргийг бут цохисон байна. Ингэснээр Ганнибалыг ар талаас нь бүрмөсөн тасалсан юм. Испани дахь Карфагены армийг Ганнибалын ах удирдаж байсан бөгөөд Ромчууд тэднийг бут ниргэснийхээ дараа Ганнибалд ахынх нь толгойг илгээсэн байдаг. НТӨ 204 онд Ромын жанжин Сципион Карфагенд цөмрөлт хийсэн талаархи мэдээг Ганнибал олж мэдээд төрөлх хотоо хамгаалахаар Италиас яаран хөдөлсөн байна. Энэ маягаараа Ромчууд дайны санаачлагыг гартаа авах болсон юм. Ромчууд 17 наснаас дээш эрчүүдийг цэрэгт татсанаар Ромын армийн цэргийн тоо нэмэгдсэн байна. Мөн 8000 орчим боолуудад эрх чөлөөг амлан Ромын армид алба хааж Карфагены эсрэг тулалдахыг уриалжээ. Ромын арми тооны хувьд давуу болсон учраас Испани, Итали, Сицилийн арлуудад дараалсан хэд хэдэн ялалт байгуулав. Карфагены флотууд Газар дундын тэнгист Ромчуудыг дийлэхгүй байсан бөгөөд Ромчууд Сицилийн арлыг чөлөөлөх тэрхүү тулалдаанд эртний алдарт эрдэмтдийн нэг Архимед амь эрсджээ. Ганнибал бүхэл бүтэн 16 жил Ромын нутгийг түйвээсэн бөгөөд Карфагенд ирсэнийхээ дараа армиа дахин зохион байгуулж НТӨ 202 оны 3-р сард Зама хотын дэргэд Ромчуудтай тулалджээ. Энэхүү тулалдаанд Ромчууд хамаагүй илүү шуурхай, зохион байгуулалттай байсан учраас Карфагены армийг ялжээ. Зама хотын тулалдаанд Карфагенчууд нийтдээ 10000 цэргээ алдсан бол Ромчууд ердөө л 1500 хүнээ алуулжээ.

Пунийн 2-р дайн НТӨ 201 онд Карфагены бүрэн ялагдлаар дуусаж, Ромчууд Газар дундын тэнгист бүрэн хяналтаа тогтоож, Карфагены усан боомтуудыг 50 жилийн хугацаатай үнэгүй ашиглахар болжээ. Мөн жил бүр Ромд 10000 талант бүхий мөнгөөр Ромчуудад алба барих болов. Ганнибал хэдийгээр дайныг үргэлжлүүлэх сонирхолтой байсан гэсэн цэргийн потенциал байгаагүй юм.

Ганнибал НТӨ 196 он хүртэл Карфагеныг удирдсан бөгөөд Ромчуудыг үзэн ядсан хэвээрээл байв. Ромчууд түүнийг дайнд бэлдэж буйг олж мэдээд нууцаар хороолгохоор хүн явуулжээ. Үүнийг мэдсэн Ганнибал Карфагены нутгаас зугатаж нэг хэсэг Сирийн хаан Антиохийн дэргэд зөвлөгчөөр ажиллаж, Ромчуудтай тэмцлээ үргэлжлүүлэв. НТӨ 192-188 онд Ромын цэрэг Сирийг бүрэн эзэлжээ. Энэ үед Ганнибал Сириэс зугатаж Армений хааны ордонд нуугдах болов. Армений хааны ордонд нуугдаж байхад нь Ромчууд бүсэлсэн бөгөөд энэ үед Ганнибал хор ууж нас баржээ. Ромчуудад бүслэгдэхдээ Ганнибал 70 настай байсан бөгөөд нас барахынхаа өмнө “Энэ Ромчуудын гарт амьдаараа орохгүй, нэг муу хөгшин хүнээс Ромчууд юундаа ингэтэл их айдаг юм. Тэд нарын айдсыг үгүй болгоё” гэсэн гэдэг.

Ганнибал дэлхийн цэрэг дайны түүхэнд эртний үеийн хамгийн аугаа их жанждын тоонд зүй ёсоор ордог. Түүний байлдааны тактикууд болон дипломат бодлогууд Ромчуудыг нэг хэсэгтээ л сандаргаж байжээ. тэрээр ар талаасаа таслагдсан байсан ч гэсэн 15 жилийн турш ромын нутаг дэвсгэрийг түйвээж гайхалтай ялалтуудыг байгуулсан юм.

Карфагены Ганнибалын талаар Ромчууд бичихдээ: “Тэр цэргүүдийнхээ хамтаар үргэлж л аюулыг сөрж байсан юм” гэжээ. Каннаны тулалдаан нь дэлхийн дайны түүхэнд гайхамшигт ялалтуудын тоонд ордог. Хөнгөн морин цэргийнхээ ачаар Ганнибал Ромын армийн 2 жигүүрээс нь хаман цохиж бүслэн устгасан ба тухайн үедээ гайхагдаж байв. Альпийн нурууг заануудтайгаа давж ирсэн Ганнибалын цөмрөлтийг дэлхийн түүхчид Зэв жанжны Ферганы хөндийд хийсэн цөмрөлттэй жишин авч үздэг.

Цахим холбоос засварлах

  Commons: Ханнибал – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Ханнибал – Энэ үгийг тайлбар толиос харна уу