Хаммурапи хааны хууль
Хаммурапи хааны хуулиуд
засварлахМЭӨ 1792-1750 оны үед амьдарч байсан эртний Вавилон улсын I хаанчлалын 6 дугаар хаан Хаммурапийн хуулийг Францын археологийн экспедиц 1901 онд Сузы хотоос олжээ. Тэр нь одоогоор Парисийн Луврийн музейд хадгалагдаж байгаа. Хууль тогтоомжийг хар хүрэн чулуун багана дээр сийлж бичсэнийг дайны олз болгон Вавилоноос эламчууд нутагтаа аваачсан ажээ. Хуулийн эмхтгэл нь 282 зүйлтэй боловч чулуун баганан дээр одоо 247 нь бүтэн үлдэж, 35 зүйлийг нь Эламын хааны зарлигаар хусаж арилгасан бололтой. Хожим нь МЭӨ 660-630 оны үед байсан Ассирын хаан Ашшурабанипалын номын сангаас олдсон энэ хуулийн өөр нэг хувилбараас дутуу хэсгийг сэргээн нөхсөн юм. Энэхүү шаантаг хэлбэрт бичгийн хууль нь оршил, жинхэнэ хууль, төгсгөл гурван хэсгээс бүрджээ. Хуулийн оршил төгсгөлийн хэсэгт, энэхүү хуулийг зохиосон зорилгоо өгүүлэхдээ: <Хүчтэй нь хүчгүйгээ дарлахгүй, өнчин ядууст шударга ёс тогтоохын тулд энэхүү хуулийг тогтоов> гэжээ. Чулуун баганын нүүрэг талын хэсэгт нарны бурхан, шударага шүүгч Шамашийн өмнө Хаммурапи хаан залбиран зогсож, хуулийг авч байгааг дүрсэлсэн зураг сийлбэртэй юм. Хаммурапийн хууль нь эртний Вавилоны хаант улсын эдийн засаг, нийгмийн байгууламжийг тодорхойлох боломж олгодог.