Халимагийн Улсын Драмын театр

Халимагийн Улсын Драмын театр - ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын нийслэл Элст хотод байрладаг Халимагийн мэргэжлийн драмын театр юм.

Халимагийн Улсын Драмын театр

Түүх засварлах

1927 онд Оросын Астрахань хотод анхны Халимагийн драмын студи нээгдэж, түүний үндсэн дээр явуулын Халимагийн театр байгуулагджээ. Энэ театрын 300 оюутны оролцсон анхны театрчилсан бүтээл "Улан сар"-ыг Москвад үзүүлж байжээ. 1932 оны 1-р сард Саратов хотод Халимагийн үндэсний урлагийн техникум байгуулагдаж, Халимагийн уран бүтээлчдийг бэлтгэж эхэлжээ.

Орчин үеийн Халимагийн Улсын Драмын театр 1936 онд байгуулагдсан. 1936 оны 4-р сарын 21-нд Большевикуудын Бүх Холбооны Коммунист Намын Халимагийн бүсийн хороо "Элиста хотод Халимагийн үндэсний студийг зохион байгуулах асуудал" хэлэлцэж тогтоол гаргасан түүхтэй. 1936 оны 5-р сарын 25-наас Халимагийн Зохиолчдын эвлэл Халимагийн жүжгийн урын санд оруулах жүжгүүдийг бэлтгэж, Уильям Шекспир, Александр Грибоедов, Александр Островскийн нарын зохиолыг халимаг хэл рүү хөрвүүлж эхэлжээ. 1936 онд театр нээгдсэнээс 1937 оны эхэн үе хүртэл тус театрын анхны даргаар Халимагийн Ардын яруу найрагч Санжи Каляев ажиллаж байжээ.

1936 оны 11-р сарын 5-нд театрын нээлтийн тоглолтоор халимагийн яруу найрагч Хасыр Сян-Белгин "Өнчин бөх" жүжигээр эхэлсэн байна.

1938 онд театрт орос жүжигчидийн хэсэг байгуулжээ.

Дэлхийн хоёрдугаар дайн эхлэж 1942 онд театрыг Актюбинск хот руу нүүлгэн шилжүүлсэн байна. Зөвлөлтийн Аугаа эх орны дайны үед театр фронтын бүс нутагт уран бүтээлүүдээр аялан тоглодог байжээ. 1943 оны 12-р сараас хойш Халимагуудыг албадан нутаг заагдах үеэр театрын ажилтнууд Сибирьт мөн цөлөгджээ. Театр тухайн үед цөллөгдсөн Халимагийн тусгай суурин газруудад тоглодог байв. 1957 онд Халимагуудыг цагаатгаж, 1958 онд Элст хотноо театр үйл ажиллагаагаа сэргээн үргэлжлүүлсэн байна. 1958-1962 онд театрын найруулагчаар Халимагийн яруу найрагч, жүжигчин Михаил Хонинов ажиллаж байжээ.

1961 онд тус театрыг Халимагийн зохиолч, жүжгийн зохиолч Баатар Басанговын нэрэмжит болгожээ.

Халимагийн драмын театрын урын сан нь одоогийн байдлаар халимаг, орос хэл дээрх бүтээлүүд байдаг байна. 2011 оны арваннэгдүгээр сард Халимагийн улсын Драмын театрт "Жангар" залуу үзэгчдэд зориулсан театрыг нэгтгэсэн байна.

Энэ театр нь 232 үзэгчийн суудалтай.

Театрын захирал-Шураева Галина Борисовна.

Театрын уран сайхны удирдаач- Манджиев Борис Наминович.

Театрын алдартнууд засварлах

  • Бадма Джимбеев — халимагийн «Нюдля» дууны зохиолч.
  • Дорджин, Сангаджи-Гаря Оджакаевич (1941—1943), Халимагийн гавьяат жүжигчин, хөгжмийн хэсгийн удирдагч.
  • Нахимовская, Ася Ефимовна (1961—1997), Халимагийн гавьяат жүжигчин.
  • Сасыков, Александр Тимофеевич (1963—1996), Оросын Ардын жүжигчин.
  • Яшкулов, Сергей Борисович — Оросын гавьяат жүжигчин.