Фэй Юи Сей
1925 оны 5-р сарын эхээр МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчид Хятад газар явсан намын төлөөлөгчдийн тайланг хэлэлцээд тэр үед Хятадад үйл ажиллагаагаа явуулж байсан цорын ганц улс төрийн нам Гоминдантай харилцах тухай тогтоол гаргажээ. Тогтоолд Гоминданы зэвсэгт хүчний генерал Фэн Юй Сенд туслах тухай заалт тусгагджээ. Фэн Юй Сен БНМАУ-ын анхаарлыг тэгж татах ямар шалтгаан байв? Товч боловч түүх сөхье. 1924 оны 12-р сарын 31-нд хүнд өвчтэй байсан Сүн Ят Сен Бээжинд иржээ. Милитаристуудын Чжилин бүлэг буюу Чжан Цзо Лин, Фэн Юй Сен нарын хооронд хагарал гарч ганцаардсан Фэн Юй Сен хувьсгалчидтай холбоо тогтоохоор оролдож эхэлжээ. Тэрээр Сүн Ят Сен-ий үзэл бодлыг дэмжсэн тунхаг гаргаж, өөрийн армиа “Үндэсний Арми” гэж нэрлэж, 1924 оны 10-р сарын 23-нд Бээжинг эзлэн авав. Бээжинг гартаа оруулсны дараа Фэн Юй Сен Төв Засгийн Газар байгуулахын тулд Үндэсний Хурал хийхийг уриалж, Сүн Ят Сен-ийг урьжээ. Гэвч Сүн Ят Сен 1925 оны 3-р сарын 12-нд нас барж, одоо түүнд зөвхөн Чан Кай Ши л үлдэв.1927 оны 4-р сарын 27-нд Ухань хотод Хятадын Коммунист Намын V Их Хурал хуралдаж, хуралд Мао Цзэ Дун, Чжоу Энь Лай нар илтгэл тавьжээ. Уг хуралд Зөвлөлт Холбоот Улсаас ирсэн зөвлөх М. М. Породин оролцжээ. Уханы Их Хурлын нөлөө бүхий хүмүүс Фэн Юй Сен-ийг өөртөө татахыг оролдон, түүнтэй нууц уулзалт хийсэн боловч хэлэлцээр үр дүнд хүрсэнгүй. 1927 оны 6-р сарын 21-нд Фэн Юй Сен Чан Кай Ши-гийн бүлэглэлд орсоноо албан ёсоор зарлажээ. Түүхийн энэ өчүүхэн зурвас хэсгээс үзэхэд Фэн Юй Сен бүр 1924 оноос гоминдантай нягт холбоотой ажиллаж байсан харагддаг. МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн тогтоол гарсаны дараахан Фэнг Юй Сен-ий армийн штабын дарга Жан БНМАУ-ын Засгийн Газарт хандаж, зэвсэг хүргэх машин, машины сэлбэг хэрэгсэл, мөн Чжан Цзо Лин-той байлдахад хүч хавсрах нэг хороо цэрэг гаргаж туслах, бас Монгол, Хятадын хооронд харилцан төлөөлөгч суулгах зэрэг хүсэлт тавьжээ. Хүсэлтийг нь МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид 1925 оны 6-р сарын 4-ний өдрийн 31-р хурлаараа авч хэлэлцээд цэрэг туслахаас бусад хүсэлтийг нь хүлээн авах шийдвэр гаргасан байна. Дараахан нь МАХН-ын төлөөлөгчидийг Хятадад очиход Фэн Юй Сен хүлээж аваад Хятад, БНМАУ, ЗХУ хамтран автомашины хоршоо байгуулах хүсэлт тавьжээ. Хэрэв Фэн Юй Сен-ий энэ хүсэл биелэх юм бол тэр өөрийн армидаа Коминтерны шугамаар ЗХУ-аас илгээсэн тусламжийн зэвсгийг БНМАУ-ын газар нутгаар дамжуулан хүлээн авах бүрэн бололцоотой болохоор байлаа. Фэн Юй Сен-ий энэ хүсэл нь биелж, 1925 оны 9-р сард Жанчхүү (Чуулалт хаалган буюу Хаалган) хотноо Гурван Улсын хэлэлцээ хийж, автомашины хамтарсан хоршоо байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Гарын үсэг зуран ийнхүү баталснаар 1925 оны 11-р сард Улаанбаатар- Жанчхүү- Улаанбаатар- Дээд Үд (одоогийн Улаан Үд)-ийн хооронд авто тээврийн байнгын ажиллагаа нээгдсэн юм. 1923- 1929 онуудад Чуулалт Хаалган, Хайлаар, Тяньцзин хотод Монголын Харилцан Туслалцах Хоршоодын Төв Холбооны Ерөнхий Хорооны салбар байгуулагдаж, БНМАУ Гоминдантай төлөөлөгчидөө харилцан суулгасан байна. 1927 онд Чан Кай Ши-гийн толгойлж байсан Улсын Зөвлөлийн 18 гишүүний 7 нь милитаристууд байсан бөгөөд энэ 7-д Фэн Юй Сен, Янь Си Шань, Чжан Сюэ Лин нар орж байлаа. 1928 оны эхээр армийн ерөнхий командлагч Чан Кай Ши-г Генералисмус хэмээн өргөмжилжээ. 1929 оны 1-р сард Чан Кай Ши даргалан генералуудын бага хурлыг Нанжин хотноо хийж, армийн хүний тоог хорогдуулах санал тавьсан нь Фэн Юй Сен, Чан Кай Ши хоёрыг хагаралд оруулав. Энэ үед Фэн Юй Сен-ий мэдэлд 220,000 хүнтэй арми захирагдаж байв. Чан Кай Ши-тэй үзэл бодол зөрөлдсөн Фэн Юй Мен цэргээ авч Хэнаньд шилжин суурьшив.1929 оны 3-р сарын 18-нд Гоминданы Төвийн Гүйцэтгэх Хорооны Их Хурал хуралдаж, Ван Цзин Вей-г Гоминданы Намын Төв Хорооноос зайлуулж, Гоминданы Намаас хөөжээ. 1929 оны эцсээрЧан Кай Ши Ван Цзин Вей-г баривчлах тушаал гаргав. Ван Цзин Вей зүгээр харж суусангүй. Чан Кай Ши-д гомдсон Ян Си Шань, Фэн Юй Сен нарыг ашиглан Чан Кай Ши-гийн эсрэг шахалт үзүүлж эхэлжээ. Нэгэн цагт хүж барилцан, ахан дүүс болж, хамтран тэмцэхээр тангараг өргөж байсан Чан Кай Ши, Фэн Юй Сен хоёр бие биенийгээ илт дайсагнан тандах болсон нь улам даамжирч, 1930 оны эхээр Фэн Юй Сен, Янь Си Шань хоёр Чан Кай Ши-гийн эсрэг дайн дэгдээжээ. 150,000 хүний амь нас ыг бүрэлгэн авч одсон энэ цуст дайн зургаан сар үргэлжилж, Фэн Юй Сен Монголд, Янь Си Шань Манжуурт зугтаан гарснаар төгсгөл болжээ. Чухам энэ үеэс Фэн Юй Сен юу хийж явсан бэ? гэдэг нь тодорхой бус. Ямартай ч Фэн Юй Сен-ий анхны хүүхэд нь монголд төрсөн тухай түүхч М. Шаллер номондоо бичсэн байдаг. 1935 онд Монголын Дотоодыг Хамгаалах Газраас “Халуун усны хэрэг”-ийг илрүүлэн бутцохисон. Энэ –Халуун усны хэрэг”-т Фэн Юй Сен-ий нэр холбогдсон байдаг. Фэн Юй Сен-ий төлөөлөгчөөр Чен Ю Хуан Улаанбаатарт ажиллаж байгаад, 1927 онд түүний оронд Фэн Юй Сен-ий армийн штабын дарга байсан Чин хэмээх хүн ирсэн. Энэхүү Чин-тэй тэр үед Монголд ажиллаж байсан Уурын тэрэгний гараашийн дарга Ли Хай Цин, Күзима хэмээх нэгэн Япон эмч болон Эр Дао, Сүн Сян Лин нар байнга уулзаж ярилцдаг байжээ. “Халуун усны хэрэг”-т холбогдон баривчлагдсан Сүн Сян Лин мэдүүлэгтээ: “1933 онд Жан Ю Мин уулзаад: “Монголд энэ засаг байгуулагдсанаас хойш бидний хятад худалдааг үгүй хийж,Оростой худалдаа хийх болов. Иймд Жан Ю Мин миний бие өөрийн сайн дураар 1924 онд Хятад худалдааны зөвлөхөөр дамжуулан Жанчхүүд сууж байсан Фэн Юй Сен-тэй холбоо тогтоож, 1924 онд нууц тагнуулын бүлгэм байгуулсан.” гэж ярьсан” хэмээжээ. Фэн Юй Сен Монголд байхдаа Ван И Шан нэртэй байсан байж магадгүй юм. Учир нь Жан Ю Мин Ван И Шан-тай Хятад Сономын пүүсэнд уулзаж байсан тухай мэдүүлэг өгсөн байдаг. Хүний амьдрал хувь заяаны тохуурхал мэт. Фэн Юй Сен нэг хэсэг Монголд амьдарч байгаад, нутагтаа буцаж очоод, Чан Кай Ши-тэй нэгдэн Японы эсрэг дайтаж байсан мэдээ байдаг. Ямар ч байсан бид гоминданчуудтай харилцаа холбоо тогтоож, зэр зэвсгээр тусалж, төлөөлөгчидөө харилцан солилцож байжээ.
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |