Жироламо Фрескобальди[E1]  (итал.Girolamo Frescobaldi.1583-1643) - италийн хөгжмийн зохиолч, орган болон клавесин хөгжимчин. Бароккийн эхэн үеийн алдартай тэргүүлэх төлөөлөгчдийн нэг. Жироламо Фрескобальди италийн Ферраро төрсөн ба түүний эцэг нь хүүдээ хөгжмийн анхны хичээлүүдийг зааж байжээ. Мөн тэрээр орган хөгжим сурах боломж, хүсэл ихээхэн байсан тул түүнийг ордны орган хөгжимчин Луццаско Луцасскид шавь оруулжээ. Энд байхдаа Н.Винчентиногийн архиклавесин дээр тоглож сурав. Жироламо Фрескобальди өөрийн багшийг “ховор органист” хэмээн дурсахын зэрэгцээ түүнд зориулан каприччио зохиосон байдаг. 14 настайдаа Фрескобальди Ферраро хотын Accademia della Morte-ийн органист цолыг хүртсэн юм.

Хожим нь залуу Фрескобальди сурвалжит гэр бүл болох Ферраро хотын Бентиволийн ивээлд багтжээ. 1604 онд Гэгээн Цецилийн Академийн гишүүн болов. Ромын папын дэргэд алба хашихаар болсон Бентивольо явахдаа Фрескобальдиг хажуудаа авч явжээ. 1607 онд Фрескобальди Санта-Мария-ин Трастевере-д орган хөгжимчин болов. 1608 оноос амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл тэрээр Ром хотын Гэгээн Петрийн сүмд орган хөгжимчнөөр ажиллажээ. Мөн энэ хугацаанд Флоренц дахь Медичигийн ордонд орган хөгжимчнөөр давхар ажилласан байдаг.

Фрескобальди нь өөрийн эрин үед хэрэглэж байсан бүх төрлийн орган, клавесин, арф зэрэг хөгжимд зориулан зохиолуудаа туурвидаг байжээ. Дор үзүүлсэн Фрескобальдийн партитын пассакальд олон хоолойн чанд бичлэг, имитац, секвенц зэрэг аргууд хэрэглэгдсэн байх бол түүний зэрэгцээ тухайн зохиолын хөгийг анхааран үзвэл зохино. Мажор, минорын тогтолцоо хараахан бий болоогүй цаг үе байсан тул эртний хөгт зохируулан бичсэн байх ажээ. Энэ талаасаа хувиргалын тэмдгүүдийг чөлөөтэй хэрэглэсэн байна. Мөн дуурьслын үдмэл эгшгүүдийг өргөн хэрэглэсэн нь бароккийн үеийн дуугаралтыг тодотгож байгаа юм.

Түүний урын санд токката, партита, ричеркар, уран сэтгэмж, canzona francese (франц маягийн канцон), каприччио, куранты, пассакалии, чаконы, баллетто, месса зэрэг олон тооны бүтээл байдаг.


[E1]Жироламо Фрескобальди