Фемистокл
Фемисто́кл (Эртний Грек: Θεμιστοκλῆς; МЭӨ524 — МЭӨ-459) — Афины төрийн зүтгэлтэн, Афины ардчиллын нэг эцэг[1], Грек-Персийн дайны үеийн жанжин.
Намтар
засварлахАфины авьяаслаг жанжин Фемистокл хуурай газрын тулалдаанд Персийн үлэмж давуу хүчний эсрэг амжилт олоход бэрх гэдгийг ойлгож байлаа. Тиймээс тэрээр тэнгисийн тулалдаанд персүүдийг өдөж оруулахаар шийдэв. Тэрээр афинчуудыг зэргэлдээх Саламин арал руу нүүлгэн шилжүүллээ. Грекчүүд төрөлх хотыг нь персүүд хэрхэн шатааж, явдлын ая даалгүй үлдсэн хөгшид, өвчтөнүүд, тэднийг асрахаар үлдсэн хүмүүсийг яргалан алж байгааг зэргэлдээ арал дээрээс хилэн нь бадран харж байсан юм. Грекийн цөөн тоотой ч чадварлаг усан цэргүүдтэй, хөдөлгөөн сайтай усан онгоцтой флот Саламины хоолойд байршиж, тулааныг хүлээж байлаа. Харин Персийн арми-флот Афины жанжны тооцоолж байснаар Саламины зүг эргэжээ. Тэд нүсэр хүчиндээ хэтэрхий эрдэж байсан юм. Афины зарим холбоотнууд айн сандарч, зугтаахыг завдсан ч Фемистокл мэргэн ухаан, уран илтгэлээрээ зогсоож чадав. Грекийн дайчид эгнээндээ үлдлээ. Энэ үед Фемистокл хамгийн овжин, шийдсэн мэхээ хэрэглэсэн юм. Тэрбээр грекүүдээс урвасан дүр эсгэж, өөрийн элчээ нууцаар заран Ксеркс хаанд “Шалавхан довтол. Айж сандарсан Грекийн флот эмх замбараагаа алдаад байна” гэсэн нууц зурвас илгээжээ. Заншлаач нараасаа Грекийн зарим жижиг хот-улсын флот тулааны талбарыг орхиход бэлэн байгааг өмнө нь дуулсан Персийн хаан түүнд эргэлзсэнгүй. Тэрээр усан флотоо Саламины хоолой руу орж тулалдахыг тушаалаа. Персийн флот довтлон орж ирэхүйд нөгөөх “айн зугтаах гэж буй” Грекийн флотын онгоцууд сэлүүрээ өргөн эрс шийдэмгий довтлон тулаанд орсон юм. Грекийн суут яруу найрагч, жүжгийн зохиолч Эсхилийн өөрийн биеэр оролцсон энэ тулалдааны тухай тэмдэглэл тодорхой үлдэж, яруу найраг, дуунд мөнхөрсөн байдаг.
Эх нутгаа харийн түрэмгийлэгчдэд гатчуулж, ураг садан, ахан дүүсээ хөнөөлгөсөн грекчүүд үхлээс үл шантарч, аймшиггүйгээр баатарлан тулалджээ. Ялангуяа төрөлх хотоо хэрхэн шатаагдан үнс болж буйг харсан Афины дайчид улангасан довтолж байв. Үүний дээр арван жилийн өмнө Марафонд байгуулсан ялгуусан ялалт нь тэднийг өмнө нь ялагдашгүй дайсан байгаа биш гэдгийг ойлгуулж, зоригжуулна. Персийн задгай далайн том онгоцуудаас усанд нам суудаг, хөнгөн, хөдөлгөөн сайтай, тулаанд зориулж хошууг нь төмрөөр тоноглосон Грекийн онгоцууд гүехэн, хязгаарлагдмал орон зайтай хоолойн усанд илүү амжилт үзүүлж байлаа. Грекүүдэд ухрах эрх байгаагүй юм. Хоолойн эрэг дээрээс Ксеркс хаан Персийн далайн хүчин хэрхэн тулалдахыг ихэмсгээр ажиглаж байсан бол арал дээр грек дайчдын эхнэр хүүхэд, азай буурал аав ээж эр нөхрийгөө, аавыгаа, хүүгээ яаж дайсантайгаа эрслэн тулахыг амьсгал даран харж байв. Усны мандал улаанаар бүрхэгдсэн ширүүн тулалдааны төгсгөл рүү Персийн онгоцууд булан руу шахагдаж, нэгдсэн удирдлагаа алдаж, хоорондоо мөргөлдөн живж эхэлжээ. Давуу хүчиндээ хэт эрдэж, басхүү Фемистоклын хуурамч урвалтад итгэсэн Ксеркс хаан аргагүйдэн армидаа ухрах тушаал өгснөөр афинчууд хоёр дахь удаагаа Азийн хамгийн том гүрэн Персийн хүчирхэг армийг ялав.
Саламины хоолойн алдарт тулаан нийтийн тооллын өмнөх 480 онд болсон юм. Энэ түүхэн үйл явдлаас яг жилийн дараа Персийн хуурай газрын хүчин Платеи хотын ойролцоо Спарт, Афины хүч голлосон Грекийн нэгдсэн армид бут цохигдсоноор Грек-Персийн дайн дуусчээ. Энэ дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн сод ухаант Афины цэргийн зүтгэлтэн Фемистоклын хувь тавилан харин эмгэнэлтэйгээр төгссөн юм. Эрх чөлөө, тусгаар тогтнолыг нь хамгаалсан Фемистоклыг Афины жирийн иргэд хүндлэн хайрладаг байжээ. Гэвч түүнд атаархсан улс төрийн дайснууд нь гар хумхин суусангүй. Фемистоклыг нэр хүндээ ашиглан улс төрийн өндөр байр суурь булаалдаж магадгүй хэмээн айсан Афины улс төрч Аристид тэргүүтэй бүлэг сенатууд түүнийг Перс хэмээх дайсныг умартан, холбоотон улс Спартын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж дайран, хотын иргэдийн санал хураалтаар түүнийг Афинаас хөөв. Хожим малтлагаар Афины орхигдсон худгаас Фемистоклын нэрийг бичсэн асар олон чулуу олджээ. Энэ бол тухайн үеийн Афины иргэдийн саналаа өгдөг “саналын хуудас” байсан юм. Уг баримтаас үүдэн Аристид нар Афины бичиг үсэггүй жирийн иргэдэд мөнгө тараах замаар бэлэн “саналын хуудас” өгч Фемистоклыг хөөлгөсөн байж магадгүй гэх тун ч ортой таамаглал биежжээ.
Ийнхүү Афины суут жанжин, төрийн зүтгэлтэн, шинэчлэгч энэ эр Грек Персийн дайнаас ердөө долоохон жилийн дараа буюу МЭӨ 471 онд амь биеэ үл хайрлан зүтгэсэн хот-улсаасаа хөөгдөв. Афинаас зайлуулагдсан Фемистокл цэргийн дарангуйлалт Спартын аюулын талаар очсон газар бүртээ ухуулан ярьж байлаа. Гэвч түүний талаар Аристидын тараасан цуурхалд итгэсэн бусад хот улсын грекчүүд Фемистоклын үгийг сонссонгүй. Нөгөө талаар хамгийн баян, хүчирхэг хот улсын нөлөө бүхий улс төрчидтэй тэрсэлдэх зүрхтэй грек хүн байсангүй. Ийнхүү түүнийг аюултай эсэргүү этгээд хэмээн грек даяар үзэх болжээ. Өөрийнх нь бүхий л амьдралаа зориулсан тэр нутаг даяар нь.
Ингээд Фемистокл зэвсэг зөрүүлсэн-дайсан улс Перс рүүгээ зугтахаас өөр аргагүй болов. Аймшигтай, эмгэнэлтэй, мөн хачин тохуутай хувь тавилан. Үнэндээ Спартын талаарх түүний бодол зөв байсан юм. Харалган афинчууд түүний үгийг сонсоогүйнхээ шийтгэлд спартчуудад хотоо шатаалган, Грекийн хот-улсуудын дундах оройлох нэр хүндээ алдсан билээ. Фемистоклыг Перст очиход Ксеркс хаан хэдийн тэнгэрт хальж, хүү нь хаан ширээнд суугаад байв. Эртний атаат дайсан улсын хаан харин ч түүнийг хүндэтгэн угтаж, элбэг хангалуун амьдралаар хангажээ. Гэхдээ мэдээж алсын тооцоотой. 10 жилийн дараа буюу МЭӨ 460 онд Фемистоклыг Персийн усан флотыг удирдан Грекийн хот улс уруу дайлаар мордохыг хаан хүсэв. Өшөө авах сайхан боломж. Гэвч эх оронч Фемистокл өөр бодолтой байлаа. Тэрбээр төрөлх нутаг-грекийн эсрэг хөдлөхийг хүссэнгүй. Гэхдээ өөрийг нь хүндэтгэн хүлээн авч, хүнд хэцүү цагт тэтгэн тулсан Персийн хааны хүсэлтээс татгалзах боломж түүнд байсангүй. Гэвч эх орныхоо эсрэг, өлгийдөн өнөө хүргэсэн нийгмийн тогтолцооныхоо эсрэг тулалдана гэдэг Фемистоклд байж болшгүй хэрэг байлаа. Ингээд 70 насны сүүдэр зэрэгцсэн Грекийн суут жанжин Фемистокл Персийн нутагт хор уун амиа егүүтгэжээ.