Ушаандар хааны тууж

(Ушаандар-с чиглүүлэгдэв)

Ушаандар хааны тууж бол Монгол оронд өргөн дэлгэрсэн зохиолын нэг юм. Хүмүүсийн дунд “Уйлъя гэвэл Ушаандар, инээе гэвэл Илдэнтэйг унш” гэж сэцэн үг дэлгэрсэн байдаг нь энэ зохиолын хичнээн их дэлгэрснийг харуулж байна. Илдэнтэй гэдэг зохиол нь “Үлгэрийн далай” доторх нэгэн үлгэр юм. Энэхүү “Ушаандар хааны тууж” бол бурхан Шагжамүнийн урьд төрлийн цадиг хэмээх номын дотор байдаг 34 үлгэрийн нэг болно. Бурхан Шагжамүнийн урьд төрлийн хоёр зүйл цадиг монгол Данжуурын 179, 180, 181-р ботиудад байдаг бөгөөд нэгийг нь Урадын гүүш Билигийн Далай монголчлон орчуулжээ. Билигийн Далай бол Данжуурыг орчуулахад гар бие оролцож явсан хүн, мөн “Лишийн орд харш” гэдэг төвөд хуучин үгний толийг монголчлон орчуулж хэвлэсэн, Бээжингийн Сүнжүсэ буюу Ариун Суурин сүмийн Да лам байсан хүн бүлгээ. Нөгөө нэг цадиг “Ороолдсон Галбарваасан модон” хэмээх нэг боть, 108 бүлэг зохиолыг Энэтхэгийн Сува Индра гэгч зохиожээ. Үүнийг Сөнөдийн гүүш Дамбадаржаа гэлэн орчуулжээ. “Ороолдсон Галбарваасан модон” хэмээх цадигийн 24-р бөлөгт Ушаандарын тууж байна. Ушаандар хэмээх нь Вишандара хэмээх санскрит үг бөгөөд монголоор хамгийг гэтэлгэгч гэсэн утгатай.

Данжуурын дотор байгаа Ушаандарын хоёр зүйлийн цадигаас гадна Ушаандар хааны тууж гэдэг нэртэй гар бичмэлээр Монгол нутагт ихэд дэлгэрсэн байна. Эдгээр гар бичмэлүүдийг үзвэл монгол ахуй соёлд уусан шингэж, бүр монгол зохиолын шинжтэй болсон байдаг. Ушаандар хааны туужийг 1920 хэдэн онд дуулалт жүжиг болгон зохиож, Монголд тоглож байсан байна. “Цэнхэрлэн харагдах уулс” гэдэг дуу бол анх энэ жүжигт дуулагддаг байсан байна. Хожмоо ардын дуу мэтээр олонд тархаж дэлгэрсэн ажээ. Энэ зохиолыг академич Ц.Дамдинсүрэн 1959 онд “Монголын уран зохиолын дээж зуун билиг”-тээ хэвлэсэн. Мөн “Бурхан багшийн урьд төрлийн цадиг” гэж ном 2008 онд хэвлэгдсэн. Түүнд Ушаандар хааны тууж товч хэлбэрээр байдаг.

Агуулга засварлах

Энэтхэгийн оронд Самандар хэмээх нэгэн их хаан байжээ. Түүний хөвгүүн Ушаандар нь үгээгүй ядуу хүмүүст ямар ч юмаа хайр харамгүй өглөг болгон өгдөг байв. Хааны эрдэнийн тэрэг, эрдэнийн заан хоёрыг гуйлгачдад өгсөнд хаан ба түшмэд Ушаандар хан хөвгүүнд хилэгнэж, дургүйцжээ. Тэгэхэд нь Ушаандар хан хөвгүүн хатан Мандари болон хоёр хүүхдээ дагуулж, ой хээрт нямба даяан хийе гээд явчихжээ. Тийнхүү явах замдаа уналга хөсгөө гуйлгачдад өгөв. Дөрвүүл хов хоосон болоод ойд очиж суусны хойно хатан Мандариг жимс түүхээр явсан үед нь Ушаандар хан хөвгүүн гуйлгачин бярманд хоёр хүүхдээ зарц болгон өгөв. Хэд хоносны дараа Хурмаст тэнгэр нэг бярман болж хувилаад, Мандари хатныг нь гуйсанд Ушаандар зөвшөөрч, хатнаа бярманд өгөв. Гэвч Хурмаст тэнгэр өөрийн дүрдээ хувилж, түүнийг шалгаж сорьсноо хэлээд Мандари хатаныг авсангүй. Харин урьд нь нэгэн бярманд өгсөн хоёр хүүхдийг нь олж уулзуулъя гэв. Тэр гуйланч бярман хоёр хүүхдийг нь хотод аваачиж худалдахаар очсонд, өвөг эцэг Самандар хаан нь хоёр ачаа таньж худалдан авав. Эцэстээ Ушаандар хатны хамт ордондоо буцан ирж, ард албатаа жаргаан хаан болон суужээ.