Уул уурхай ба байгалийн нөхөн сэргээлт

Экосистемийн оршин тогтнох үндэс нь түүнийг бүрдүүлэгч амьд ба амгүй хүчин зүйлсийн тэнцвэрт харилцан шүтэлцээ юм. Энэхүү тэнцвэрт байдал алдагдах нь экосистемийг доройтуулж, сүйрүүлдэг. Экосистемийг бүрэлдүүлэгч хүчин зүйлсийн зохистой харьцаа алдагдахыг байгаль орчны доройтолд тооцож болох бөгөөд экосистемийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс зарим нь бүрмөсөн үгүй болохыг экологийн сүйрэл гэж ойлгож болно. Жишээлбэл уул уурхайн олборлолтын явцад хөрс хуулалт хийгдэх ба хөрсгүй болсон газарт ургамал, амьтны төрөл зүйл устаж, дайждаг байна.

Уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл экосистем, түүний бүрэлдэхүүн хэсгүүдэд гарцаагүй сөрөг нөлөө үзүүлнэ. Уул уурхайн үйл ажиллагааны явцад экосистемд үзүүлэх сөрөг нөлөөллөөс зайлсхийх, үр дагаварыг бууруулах, нөхөн сэргээж, хамгаалахын тулд тухайн экосистемийг цогц байдлаар нь судалж, төлөвлөх ёстой юм.

Аливаа экосистемд ургамал ургах үндсэн нөхцөл нь ус чийгийн хангамж, газрын гадаргын зохистой хэлбэр, үржил шимтэй хөрсөн давхарга билээ. Ургамлан бүрхэвчийн олон янз байдал нь ургамал идэштэй амьтдын олон янз байдлыг тодорхойлдог. Бүх экосистемд махчин амьтад нь ургамал идэштний тооноос цөөн, ургамал идэштэн нь ургамлын биомассаас бага байдаг зүй тогтолтой. Үүнийг экосистемийн суваргаар илэрхийлбэл хялбар ойлгогдоно.

Экосистемийг зохцуулагч хүчин зүйлсийг гадаад, дотоод гэж ангилдаг. Экосистемийн оршин тогтноход нөлөө үзүүлэгч гадаад гол хүчин зүйл бол уур амьсгал юм. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар асар хурдацтай явагдаж буй уур амьсгалын өөрчлөлтүүд, дэлхийн дулаарал нь экосистемийг өөрчлөх, уугуул байдлыг доройтуулагч шалтгаан нь болж байна.