Уул уурхайн экосистемд үзүүлэх нөлөөлөл

Уул уурхайн экосистемд үзүүлэх нөлөөллийг хайгуулын, олборлолтын үйл ажиллагааны нөлөөлөл гэж ангилж болно. Ашигт малтмалын ордын хайгуулын үед болон ашиглалтын явцад экосистемийн бүрэлдэхүүн хэсгүүдэд үзүүлэх нөлөөлөл нь шууд болон дам байдлаар илэрдэг. Экосистемийг бүрдүүүлэгч хөрс, ус, агаар болон ургамал, амьтны аймагт уул уурхайн аливаа үйл ажиллагаа ерөнхийдөө их, бага ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлдэг.

Экосистем нь харилцан шүтэлцсэн амьд болон амьгүй бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрддэг учраас уул уурхайн экосистемийн аль нэг бүрэлдэхүүн хэсэгт учруулсан өөрчлөлт, сүйрэл бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд шууд болон дам байдлаар нөлөөлнө. Жишээлбэл хөрс хуулах явцад ургамал ургах орчингүй болох ба улмаар ургамалтай шүтэлцээтэй амьтны аймаг мөхөх, тухайн талбайгаас дайжих зэргээр нөлөөллийн хамрах хүрээ нэмэгдэнэ.

Уул уурхайн экосистемд үзүүлэх нөлөөлөл нь тухайн экосистемийн өөрийнх нь онцлог болон уурхайн олборлох арга, ашиглаж байгаа техник, технологийн нөхцөлөөс хамаараад харилцан адилгүй юм. Монгол орны хэмжээнд ашигт малтмал олборлох явцад хүрээлэн буй орчин, түүний бүрэлдэхүүн хэсгүүдэд нийтлэг ажиглагддаг нөлөөлөлүүд байдаг.