Уул уурхайн төлөвлөлтөд нөхөн сэргээлтийн эзлэх байр суурь
Уул уурхай нь газрын хэвлийн ашигт малтмалыг олборлох ашиглах үйл ажиллагаа тул байгалийн унаган төрх өөрчлөгдөх, сүйтгэгдэх нөхцөл гарцаагүй үүсдэг. Гагцхүү ашигт малтмалыг олборлосны дараа тухайн газраа нөхөн сэргээх нь дэлхийн аль ч улс оронд тавигдах шаардлага болжээ. Уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой олон улсын хэмжээнд туршигдсан эрх зүй, стандарт аргачлал, шинэ техник технологийг нэвтрүүлэх шаардлага бий.
Уурхайн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн хаалт хүртэлх бүх үе шатанд хийгдэх ёстой байгаль хамгааллын үндсэн ажлуудын нэг бол нөхөн сэргээлт байдаг.
Иймд нөхөн сэргээлтийг амжилттай гүйцэтгэхийн тулд шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа, төлөвлөлт маш чухал юм. Сайн төлөвлөлт хийхийн тулд мөн шинжлэх ухааны үндэслэлтэй суурь судалгаа шаардлагатай.
Уул уурхайд нөхөн сэргээлтийг 3 үе шаттай хэрэгжүүлдэг. Үүнд:
Барилгын ажлын дараах нөхөн сэргээлт
Олборлолттой зэрэгцүүлэн хийх нөхөн сэргээлт (завсрын)
Үйлдвэрлэл зогсож төслийг бүрэн хаасны дараах нөхөн сэргээлт
Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн талбайг нөхөн сэргээхэд баримтлах 4 үндсэн зорилт нь:
Хүн, мал сүрэг, зэрлэг амьтдад аюулгүй орчин бүрдүүлэх
Орчныг бохирдуулагч эх үүсвэргүй болгох
Тогтвортой оршиж чадах экосистем бий болгох
Уурхайг хаагдсаны дараа тухайн газрыг аж ахуйн зориулалтаар дахин ашиглаж болохуйц байх ёстой.