Уул уурхайн олборлолт

Геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ашигт малтмал гэдэг. Нөөц, чанар нь тогтоогдсон, үйлдвэрлэлийн аргаар олборлоход эдийн засгийн ач холбогдолтой гэж үнэлэгдсэн газрыг ашигт малтмалын орд хэмээн ойлговол зохино.

Уул уурхайн үйл ажиллагааг ерөнхийд нь ашигт малтмалын ордыг илрүүлэхэд чиглэсэн хайгуулын ажил, тогтоогдсон ордыг ашиглах олборлолт, үйлдвэрлэл гэсэн хоёр үндсэн хэсэгт ангилж болно.

Хайгуулын ажлыг хиймэл дагуул болон агаарын зураглал ашиглан зайнаас тандан судлах, геологийн зураглал боловсруулах, чулуулгийн дээжийг химийн аргаар судлах буюу геохимийн судалгаа болон газрын гүнд өрөмдлөг хийх замаар гүйцэтгэдэг. Уул уурхайн хөрөнгө оруулалтын томоохон хэсэг нь хайгуулын үйл ажиллагаанд зарцуулагддаг.

Ашигт малтмалын хайгуул, олборлолтын экосистемд үзүүлэх нөлөөлөл харилцан адилгүй. Хайгуулын ажлын явцад тухайлбал өрөмдлөгийн үед хөрс, ургамлан бүрхэвчийн цэгэн талхагдал үүсдэг бөгөөд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх шаардлага тавигдана.

Орд газрыг ил, далд хэлбэрээр ашигладаг. Ашигт малтмалын ордыг далд хэлбэрээр ашиглах нь ил олборлолттой харьцуулахад газрын гадаргын эвдрэл, өөрчлөлт харьцангуй бага үүсгэнэ. Монгол улсын хэмжээнд ашиглалтын зөвшөөрөл авсан уурхайнуудын олонх нь ил олборлолт явуулж байна.

Далд уурхайн үйл ажиллагааны явцад зарим тохиолдолд газрын гадаргад суулт өгөх хэмжээний осол гардаг бөгөөд ингэснээр уурхайн дээр орших байгалийн тогтолцоо алдагдах, газрын төрх эвдрэх замаар экосистемд өөрчлөлт гарна.