Уул, ус тахих монгол ёс
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Уул, ус тахих монгол ёс -нь монголчуудын олон мянган жилийн турш уламжлагдаж ирсэн уламжлал ёс заншил юм.
Уул, ус, байгалаа тахих нь байгаль орчноо дээдлэн хамгаалах нүүдэлчин түмний гүн гүнзгий ойлголт юм. Хүн өөрөө байгалийн салшгүй нэг хэсэг бөгөөд түүний бүтээгдэхүүн гэдгээ ойлгосон учраас анхнаасаа орчин тойрноо шүтэн биширч зөв зохистой ашиглаж ирсэн байна. Хүний өөрийн мөн чанараас урган гарсан байгал дотор өөрөө амьдрах учраас түүнийг хайрлан хамгаалах үзэл санаа юм. Уул, ус, ургамал цэцэгс бүгд амьд гэдэг ойлголт байдаг учраас түүнийг хайрлаж хамгаалахаас гадна шүтэж, харьцаж ирсэн бөгөөд хүсэл мөрөөдлөө шивнэж иржээ. Улмаар уул, усаа тахидаг болжээ. Эрт цагаас Монголчууд уул овоог орон нутгийн хэмжээнд шүтэж тахиж байснаас гадна түүхийн сурвалжид тэмдэглэснээр XIII зууны үед Чингис хаан Бурхан Халдун уулыг тахиж шүтэж байхыг зарлигдаж байжээ. Эх болсон байгаль дэлхийгээ хүмүүнчлэн үзэж хайрлан хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, ард иргэдийнхээ эх оронч, үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа энэхүү тайлга тахилгын ёслолын ач холбогдолд оршиж буй.
2017 онд Монгол Улс ЮНЕСКО-ийн биет бус өвийн жагсаалтад уул, ус тахих ёс заншлыг бүртгүүлсэн байна.
Монгол улсад 890 гаруй тахилагтай газар бүртгэгдсэн байна. Монгол төрөөс Уул, ус тахихыг дэмжиж Төрийн тахилгат 10 хайрханыг онцлоод байна. Үүнд:
Бурхан Халдун хайрхан- Бурхан Халдун нь Монгол улсын Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн орой хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм.1995 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус зарлиг буулган Бурхан Халдун уулыг Төрийн тахилгат уул хэмээн нэрлэж, уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг дөрвөн жилд нэг удаа үйлдэж байхаар болсон. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэх санал боловсруулан хүргүүлэх тухай зарлиг гаргасан.
Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан- Отгонтэнгэр уул нь Монгол Улсын баруун бүс, Завхан аймгийн нутагт орших Хангайн нурууны хамгийн өндөр уул юм. Энэхүү уул нь хангайн нурууны тахилгатай, ариун дагшин уул бөгөөд Монголчууд эртнээс нааш тахиж шүтэж ирсэн байна. Далайн төвшнөөс дээш өндөрт өргөгдсөн учраас уулын оргил хэсэг нь мөнх цас, мөстэй. Отгонтэнгэр хайрханыг “Очирваань” бурхны орон буюу Богд Очирваань хайрхан хэмээн нэрлэх болсон нь Монгол дахь Буддын шашны гурав дахь их дэлгэрэлтийн үе буюу 1585 оны хавиас эхтэй. Очирваань бурхныг арван хангал дотроо төдийгүй бүх ядам бурхдын дунд гойд хүч чадлаараа нэрд гарсан тул “чадал хүч” хайрлагч хэмээн шүтэх явдал XVI зууны сүүлчээс монгол орноо үлэмж дэлгэрсэн байна. Түүнчлэн Очирваань бурхныг “Монголыг даасан ядам” гэж эрхэмлэн үздэгтэй холбоотой Отгонтэнгэр уулыг “Очирваань бурхны орон” гэх буюу эзэн нь “Богд Очирваань” гэж монголчууд билэгшээж тайж шүтсээр ирсэн уламжлалтай.
Сутай хайрхан- Сутай хайрхан уул нь цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон хэмээн эртний домогт өгүүлдэг. Эрт цагт Сүүтэй уул хэмээх нэрлэдэг байснаас улбаалан Сутай хайрхан уул гэж нэрлэдэг болжээ. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэх домог тайлбар байдаг.Сутай хайрхан уулын ихэнх хэсэг нь Говь-Алтай аймгийн нутагт оршдог боловч цаад талаараа Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутагт хаяагаа тэлж тогтсон хайрхан юм. Хан буурал Алтайн хамгийг тольдогч арван гурван мөнх цаст оргилын нэг нь Сутай хайрхан уул юм.
Хан-Хөхий хайрхан, - Монгол Улсын Увс аймгийн нутагт орших уулсын систем юм. Ханхөхий уул нь ой мод, ус, гол элбэгтэй томоохон уул бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумын нутагт оршдог. Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой нутаг. Ханхөхий нурууг 2205 ам километр талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 ам километр талбайгаар 2000 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой газар юм.
Суварга Хайрхан, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Суварга Хайрхан уул нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг тогтоц бүхий далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн юм. Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс тахин шүтэж, эр хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг эртний уламжлалтай юм.
Богдхан уул- Их хотын залуусын алхалтын нэг бүс болсон Богд Хан Уул бол Хэнтийн нурууны ай савд багтдаг Монголын түүхэн тахилгат, дархан цаазат уул юм. Ойн хилээс дээш гарсан Цэцээ Гүн, Түшээ Гүн болон бусад өндөрлөгт хүйтний өгөршлийн нөлөөгөөр тагт чулуун нуранги үүссэн газар олонтой. Богд Хан уул нь 1778 онд Богд хаант Монгол Улсын үед дархлагдаж байсан, дэлхийн хамгийн анхны Дархан цаазат газар юм. Богд Хан уулыг УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богд Хан уулыг дархан цаазат газар хэмээн нэрлэж, 1996 оны 05 дугаар сард ЮНЕСКО-оос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулах шийдвэр гарч, 1997 онд гэрчилгээг олгож байжээ.
Алтай Таван Богд,-Монгол Алтайн нурууны энэ уул нь Монгол улсын хамгийн өндөр уул юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог.Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Анхлан 1956 онд Монголын уулчид авирч түүнээс хойш 700 гаруй уулчин авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна. 1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг Төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг удаа тахихаар болсон билээ.
Алтан хөхий Хайрхан, Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай, бие даасан томоохон нуруу юм. Алтанхөхий уул Алтны эх хэмээх газар Алтанхөхий хайрханы баруун энгэр, Ховд голын хөндийд оршдог байна. Нутгийн ардууд Алтан Хөхий уулыг 1761 оноос хойш өнөөг хүртэл жил бүр тахиж ирсэн хамгийн эртний тахилгат уулын нэг юм. Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оноос хойш энэ уулыг тахих болсон.
Алтан-Овоо - Дарьгангын галт уулсын нэг бөгөөд Сүхбаатар аймгийн урд хэсгийн зургаан суманд амьдардаг иргэдийн шүтээн юм.Галт уулын шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн. Галт уулсын хүрмэн чулуу их. Амсар нь баруун хойшоо сэтэрч урсчээ. Харьцангуй өндөр нь 100м боловч аль ч талаасаа их алсаас (60км-ээс) сүр бараатай харагддаг сайхан галт уул. Алтан Овоо уулыг бүр 1700-аад оноос нутгийн тахилгатай болгосон бөгөөд 1913 оноос төрийн их тахилгатай болгосон Монголын их тахилгатай уулсын нэг юм. Энд орших хүн чулуудыг 1998 онд улсын хамгаалалтад авчээ. 2004 онд ерөнхийлөгчийн зарлигаар Дарь-Овоог Төрийн тахилгат уул болгосон юм.
Говь гурван сайхан- Говь гурван сайхан нь Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх гурван том нуруу юм. Энэ ууланд алдарт Ёлын ам бий. Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар юм. Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх 3 том нуруу. Гурвансайхны нурууны хамгийн өндөр нь Зүүнсайхан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2846 метр юм.Энэхүү байгалийн цогцолборт газрын нэгээхэн хэсэг Зүүн Сайхан Ууланд байрлах мөсөөр хучигдсан хөндий Ёлийн амыг хамгаалахаар анх 1965 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. Манай орны томоохон байгалийн цогцолборт газарт ордог.