Украины Зэвсэгт хүчин

Украины Зэвсэгт хүчин (товч.УЗХ) (украин. Збройні сили України (ЗСУ) - Украин улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг цэрэг зэвсгийн аргаар хамгаалах зорилготой цэргийн байгууллага юм.

Украины Зэвсэгт хүчний бэлэг тэмдэг

2024 оны байдлаар Украины Зэвсэгт хүчний тоо 700-800 мянган хүн, нөөцөд 300-400 мянган хүн байна. "Global Firepower"-ийн мэдээлснээр, Украины арми 2809 танк, 8217 хуягт байлдааны машин, 1302 өөрөө явагч их буу, 1669 их буу, 625 угсран харвах пуужингийн системээр зэвсэглэсэн байна. "Global Firepower"-ийн мэргэжилтнүүд 39 сөнөөгч болон 33 довтолгооны нисэх онгоц зэрэг нийт 234 байлдааны онгоцтой гэж үзжээ.

Зэвсэгт хүчин болон бусад цэргийн ангиудад цэргийн алба хаах хугацаа 18 сар, дээд боловсролтой хүмүүст 12 сар байдаг.

Үндэсний аюулгүй байдал, батлан ​​хамгаалах салбарын 2021 оны улсын төсвийг 267 тэрбум украин гривен (Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.93%) баталсан. Гэхдээ зөвхөн Украины Батлан ​​хамгаалах яамнаас гаргасан зардал нь 117.5 тэрбум украин гривен (4.171 тэрбум доллар) юм.

1991 оны 8-р сарын 24-нд Украины тусгаар тогтнолыг тунхагласны дараа Украины ЗХУ-ын Дээд зөвлөл Украины газар нутаг дэвсгэр дэх ЗХУ-ын Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудыг өөрийн харьяанд шилжүүлэх, Украины Батлан ​​хамгаалах яамыг байгуулах шийдвэр гаргажээ. Энэ үед хуучин Украины ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр 700 мянга гаруй цэргийн албан хаагчтай гурван цэргийн тойрог байсан байна.