Уйгурын үеийн археологийн дурсгалууд
Уйгурууд дөрвөлжин шавар хэрэмт бэхлэлт хотуудыг их барьдаг ба хил хязгаарыг сэргийлэн хамгаалах бэхлэлт хотын бүхэл бүтэн сүлжээ бүрэлдэн тогтсон байжээ. Ялангуяа хил хязгаараа умар зүгээс сэргийлэн хамгаалах нумарсан хэлбэрт их бэхлэлт хэрэм, түүний бүрэлдэхүүнд олон тооны шивээ цайзыг оруулан барьсан байжээ. Энэ их хэрмийн дагуух хилийн 17 бэхлэлт цайзыг Тува улсын нутагт илрүүлэн судалсан байна. Бэхлэлт хотуудын зарим нь засаг захиргааны төвийн үүрэг ч гүйцэтгэж байжээ. Эдгээр нь суурин амьдралын төв болж газар тариалан, гар урлал, худалдаа наймаа цэцэглэн хөгжиж байв. Уйгурын эртний хот балгасны дотроос хамгийн нүсэр том нь хаант улсын нийслэл байсан Ордубалык буюу Хал балгас юм. IX зууны эхээр Арабын жуулчин Тамим Бин Бахр Орхоны хөндий дэх Уйгурын нийслэл Орду Балык хотод өөрийн биеэр очиж хүн ам ихтэй, худалдаа наймаа цэцэглэн хөгжсөн том хот байсныг тэмдэглэжээ. Археологичид Орду Балык хотод явуулсан археологийн хайгуул судалгааны дүнд 32 км квадрат талбайтай байсныг тогтоогоод байна.
Уйгурууд нас барсан хаад, язгууртнуудад тахилын онгон байгуулдаг уламжлалтай байжээ. Булган аймгийн Сайхан сумын нутаг Могойн Шинэ Усанд байгуулсан Уйгурын Моюунчур хааны тахилын онгон нь суваг бүхий шороон хэрэмтэй, голдоо чулуун овоолго болон чулуун мэлхий дээр суурилуулсан руни бичээст гэрэлт хөшөө зэргээс бүрдсэн цогцолбор дурсгал байжээ.
Уйгурууд тухайн үедээ бичиг үсгийн өндөр боловсролтой ард түмэн байжээ. Тэд эхэндээ түрэгийн руни бичгийг хэрэглэж байгаад хожим өөрсдийн хэл авианы онцлогт нийцүүлэн согд бичигт тулгуурлан уйгур бичгийг зохиожээ. Тэд гэрэлт хөшөө босгох чулууг гонзгой дөрвөлжин хэлбэртэй болгон засч, яст мэлхийн суурин дээр суурилуулах бөгөөд гэрэлт хөшөөнд элдэв тамга тэмдгийг цохиж сийлсэн байх нь олон тохиолддог. Мэлхий чулуун суурь дээр суурилуулдаг нь өнө мөнх урт удаан наслах, амгалан тайван байдлыг бэлгэдсэн гүн гүнзгий утга агуулгатай. Тэд руни, уйгур бичгээс гадна согд, брахми, хятад зэрэг хэлээр үйл хэргийг тэмдэглэн хөтөлдөг байсан аж.
Орхоны хөндий дэх Уйгурын нийслэл Хар балгаснаас холгүй орших Дөрвөлжин хэмээх дурсгалыг Монгол–Хятадын хамтарсан археологийн судалгааны анги малтан судалж сонирхолтой үр дүнд хүрсэн байна. Уг дурсгал нь гадуураа сувгаар хүрээлэгдсэн, зүүн талдаа үүд бүхий дөрвөлжин хэлбэрийн намхан шавар хэрэмтэй, түүний дотор нэг, зарим тохиолдолд хэд хэдэн барилгын туурьтай байх бөгөөд тэдгээр барилга байгууламжийг шатаасан тоосгоор барьж, шохойгоор өнгөлж элдэв зургаар будаж чимэглэсэн байжээ. Хэрмийн дотор, газрын гүнд тоосгон бунхан байгуулж нас барсан хүнийг оршуулсан байв. Бунхныг нүүдэлчдийн уламжлалт сууц болох гэрийн ерөнхий хэлбэрийг дууриалган, дугуй хэлбэртэй бөмбөгөр оройтой байгуулаад, хаалга үүдийг нь мөн зүүн зүгт гаргасан байдаг. Дөрвөлжин хэмээх эл дурсгалаас илэрч олддог барилгын хэрэглэгдэхүүн, ваар сав суулганы үлдэгдлүүд нь Уйгурын хот суурингаас гардаг олдворуудтай үндсэндээ ижил юм.
Уйгурын жирийн ард иргэдийн булш оршуулгыг малтан судалсан нь харьцангуй цөөн боловч Казахстан, Тува болон Монголын нутгаас илрүүлэн судалж байна. Тэдгээр нь Түрэг булшны нэгэн адил морь дагалдуулсан оршуулгууд байдаг бөгөөд булшнаас илэрч буй олдвор хэрэглэгдэхүүнээр нь Уйгурын үед холбогдуулан үздэг ажээ.
Уйгурын хүн чулуун хөшөөд Монголын баруун хэсэг, ОХУ-ын Тувагийн өмнөд хэсгээр тархсан бөгөөд Түрэгийн хүн чулуутай ерөнхийдөө төстэй боловч зарим нэг өвөрмөц ялгаатай. Түрэгийн хүн чулууны хажууд тахилын онгон, чулуун хашлага, зэл чулуу зэргийг байгуулсан байдаг бол уйгурчууд хүн чулууг дангаар нь босгодог байсан бололтой. Чихэвчийг нь сөхсөн хавтгайдуу оройтой малгай өмссөн, хоёр гараа хэвлийн өмнө авч цүлхэн бөөртэй сав шахаж тэвэрсэн байдлаар дүрсэлсэн, харьцангуй том хэмжээтэй хөшөөдийг Уйгурын үед хамааруулдаг. Ийм төрлийн хөшөөд Монголоос 10 орчим олдоод байна.