Уинстон Черчиллийн алдартай гэрэл зураг

"Уинстон Черчилль" (англи. Winston Churchill) 20-р зууны хөрөг гэрэл зургийн шилдэг мастер армян гаралтай Канадын гэрэл зурагчин Юсуф Каршийн (англи. Yousuf Karsh, армян. Յուսուֆ Քարշ; 1908-2002) 1941 оны 12-р сарын 30-нд авсан хар цагаан гэрэл зураг юм. Энэ нь Их Британийн төр, улс төрийн зүтгэлтэн, 1940-1945 онд Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Уинстон Черчиллийн хөрөг гэрэл зураг юм. Каршийн бүтээлийг алдарт улс төрчийн хамгийн алдартай хөрөг гэж үздэг бөгөөд энэ зургийг "Архирч буй арслан" (The Roaring Lion) гэж мөн нэрэлдэг байна.

Уинстон Черчилль, "Архирч буй арслан" гэрэл зураг. 1941 оны 12-р сарын 30. Канад.

Гэрэл зургийн түүх

засварлах

1932 онд Сири улсаар дамжин Армений хэлмэгдүүлэлтээс Канад руу дүрвэн гарсан Юсуф Карш Оттава хотын төвд өөрийн хөрөг зургийн студи нээж ажиллуулдаг болжээ. Удалгүй түүний ажил амжилттай явагдаж төрөл бүрийн алдартнуудын анхаарлыг татдаг болсон байсан ч 1941 онд Их Британийн Ерөнхий сайдыг Оттавад айлчлах үеэр Уинстон Черчиллийн энэхүү гэрэл зургийг авч тэрээр маш өндөр нэр хүндтэй болсон юм. Хөрөг зураг авах саналыг тухайн үеийн Канадын Ерөнхий сайд Маккензи Кинг зурагчинд тавьсан юм байна.

1941 оны 12-р сарын 22-ноос 1942 оны 1-р сарын 14-ний хооронд Черчилль "Аркадиа" нууц нэртэй "Вашингтоны анхны бага хурал"-д оролцосон байна. Хэд хоногийн өмнө зүрхний шигдээсээр өвчилсний дараа У.Черчилль 12-р сарын 29-ний шөнө Вашингтоноос Оттава руу галт тэргээр явж тэндээ Канадын амбан захирагч Лорд Атлоны гэрт буудалласан байна. 12-р сарын 30-нд У.Черчилль Канадын парламентын Нийтийн танхимд үг хэлж, Дэлхийн 2-р дайны тухай халуун ширүүн үг хэлсэн. Британий Ерөнхий сайдыг үг хэлсэний дараа Ерөнхий сайд Макензи парламентын нэгэн өрөөнд түүний гэрэл зургийг авахаар бэлдсэн байжээ. Урьд орой нь Ю.Карш зургийн гэрэлтүүлгээ тавьж бэлдээд Черчилльтэй төстэй биетэй хүний гэрэл зургийг авч туршиж үзэж бэлтгэлээ хангасан байна.

Сүүлд гэрэл зурагчны дурсаж буйгаар Кинг, Черчилль хоёр хөтлөлцөн, туслахуудтайгаа хамт бэлтгэсэн өрөөнд орж иржээ. Өрөөнд гэрэлтүүлгүүд асаалттай байсанд Британий ерөнхий сайдын хувьд гэнэтийн зүйл болж буйг анзаарсан Карш "түүхэн үйл явдлын хэмжээнд тохирсон хөрөг зураг болно" гэж найдаж байгаагаа тайлбарлав. Хариуд нь Уинстон яагаад түүнд хэн ч урьдчилан гэрэл зураг авна гэдгийг анхааруулаагүй юм бэ гэж дурамжхан асуусан гэдэг. Яг энэ үед эргэн тойрныхон нь инээлдэж, улстөрч дахин тамхи асаан инээмсэглэн гэнэтийн таагүй байдлыг намжаав. Зураг авах бэлтгэл маш богино хугацаанд болсон бөгөөд Карш тамхины утаа гэрэл зурагны дүрсэнд нь саад учруулах тул тамхиа авахыг улстөрчөөс хүссэн байна. Гэтэл хэзээний архаг тамхичин У.Черчилль гэрэл зурган дээр дандаа амандаа тамхитай гардаг тул тэрээр тамхиа авахыг татгалзсан боловч гэрэл зурагчин шууд очоод түүний тамхийг зоригтойгоор авч орхисон байна. Черчилль маш ширүүн харцтай "түүнийг ураад тасдаад" хаяхад ч бэлэн байсан яг энэ мөч зургийн кадрт үлдээжээ. Тайвширсны дараа улс төрч Каршид: "Чи зураг авахын тулд архирч буй арсланг ч хөдөлгөөнгүй зогсоож чадах юм байна" гэж хэлсэн гэдэг. Ингээд «Архирч буй арслан» гэрэл зураг 1945 оны 5-р сарын 21-нд "Life" сэтгүүлийн эхний нүүрэнд гарсан түүхтэй.

Канадын парламентад үг хэлснийхээ дараа У.Черчилль 1941 оны 12-р сарын 31-нд Вашингтонд буцаж ирээд 1942 оны 1-р сарын 1-нд "Вашингтоны тунхаг"-т гарын үсэг зурсан юм. Каршийн энэхүү Оттавад авсан гэрэл зураг түүний нэрийг улам алдаршуулж, карьерийнх нь хамгийн алдартай зураг нь болсон юм. Зургийн мастер өөрөө энэ хөрөг нь түүний амьдралыг өөрчилсөн гэж хэлсэн байдаг. Ю.Карш түүний энэхүү зураг маш чухал гэдгийг ойлгож байсан ч түүхэн дэх хамгийн их хэвлэгдсэн зургуудын нэг болно гэж төсөөлөөгүй ажээ.