Углич
Углич — Оросын Ярославль мужийн Углич дүүргийн засаг захиргааны төв хот. XIII—XVI зуунд Углич вант улсын төв байсан. Хүн ам нь 2021 оны байдлаар 32,719 байсан.
Энэ хот нь Москвагаас зүүн хойш 201 км, Ярославль хотоос баруун тийш 94 км зайд Ижил мөрөн (Углич усан сан)-ий эрэг дээр оршдог. "Оросын Алтан цагариг" хэмээх аялал жуулчлалын хотуудын тойрогт багтдаг.
Түүх
засварлахСудалгаагаар 937 онд тус хотыг үүссэн гэж үздэг бөгөөд Углич хотын тухай түүхэнд анх 1148 онд дурдсан байдаг.
1238 онд Углич сууринг монголчууд эзлэн шатаажээ. Сүүлд Углич вант улсын ханхүү Роман Владиморович (1261-1285) хотод томоохон бүтээн байгуулалт хийж эхэлжээ. 1328 онд гүн Иван Данилович Калита хотыг Москвагийн вант улсад нэгтгэсэн байна. Москва, Тверийн хоорондох ширүүн өрсөлдөөний үеэр Тверийн хунтайж Михаилын цэргүүд Угличийг хоёр удаа бүслэв. 1371 онд Угличийг Тверийн оршин суугчид бүрэн сүйрүүлж, шатаасан байна. Мөн онд Бүх Оросын Метрополит хамба лам Алексий Успен (дараа нь Алексеевский) сүмийг байгуулжээ. Москвагийн ван Доны Дмитрий 1375 онд цайзыг сэргээн босгож хотыг бэхжүүлсэн. 1380 онд хунтайжаар удирдуулсан Угличийн баг Куликовогийн тал дахь тулалдаанд оролцсон гэдэг.
1584 онд Догшин Иван нас барсны дараа бага хүү Дмитрийг эхтэй нь хамт Углич руу илгээжээ. Хотын түүхэн дэх хамгийн алдартай үйл явдал 1591 оны 5-р сарын 15-нд болсон бөгөөд ордны хашаан дотроос 8 настай хан хүү хоолойгоо хэрчүүлэн нас барсан байдалтай олджээ. Борис Годунов хаант улсын эрх мэдлийг авах зорилготой байсан учраас түүнийг Дмитрийн үхэлд сэжиглэж байжээ.
1939 онд Углич усан санг байгуулсан. 1940 онд Калязин-Углич чиглэлийн төмөр замын шугам баригдсан. 1935-1950 онд Угличийн Усан цахилгаан станц баригдсан. 1941 онд Германы цэргүүд Калинин (одоогийн Тверь) хотод ойртоход Угличийг фронтын хот гэж зарлав. Бүслэгдсэн Ленинградын хүүхдүүдийг Углич руу нүүлгэн шилжүүлж, 90-р асрамжийн газар байгуулж байжээ.