Төгсбуянтын хүрээний бослого (1930)

Төгсбуянтын хүрээ нь тэр үеийн Төгсбуянтын хошууны Байнхайрхан сумын нутагт 1745 онд байгуулагдсан, Цогчин, Чойр, Жуд, Дуйнхар, Мамба гэдэг 5 дацантай байсан байна. Феодалын хөрөнгө хураах ажил 1928 оноос эхэлж, Чандмань уулын аймагт 49 хүн "феодал" хэмээн бүртгэгдэж Төгсбуянтын хошууны 5 феодалаас 4368 хувь хөрөнгө, Баянмандал хошууны 9 феодалаас 832 хувь хөрөнгө, Баянчандмань хошууны 6 феодалаас 1910 хувь хөрөнгө хурааж, Төгсбуянтын 1203 ламаас 360 ламыг албадан хар болгож, жасын хөрөнгийг нь битүүмжилж, Төгсбуянтын хүрээнд байсан хятадын Буян, Даашинхүүгийн салбар пүүсүүдийг хөөн зайлуулжээ.

Энэ бүхэнд дургүйцэж эгдүүцэн 1930-аад оны үеэс эхлэн зохион байгуулалттай хэлбэрт шилжиж, хуучин түшмэл явсан хүмүүс, лам нар хоорондоо холбоо тогтоон, Ардын засгийг эсэргүүцэн 4 дүгээр сарын эхээр бослого гаргахаар хэлэлцэн тохирчээ. 1930 оны 3-р сарын 20-доор Төгсбуянтын хүрээний хамба лам Лувсанчүлтэм нас барж, түүнийг оршуулахад олон хүн оролцжээ. Оршуулгын үеэр Ардын засагт алба хааж байсан Төгсбуянт уулын хошууны Тамгын газрын эрх баригч, хошууны дарга О.Марайзан, хошуу тамгын түшмэл Б.Хандсүрэн, Тамгын мээрэн Б.Цэрэнжав, Тамгын байцаагч Гочоосүрэн, Танхимийн багш Даржаа нар ирснийг Бөхмөрөн сумын харъяат Давад, Лүндэн гэдэг хоёр лам, мөн Түсэрвээний Хатуу тэргүүтэй хэдэн лам нар барьж хүлжээ.

Ингээд байдал улам төвөгтэй болж, сэтгэл санаа хөөрсөн хүмүүс, зарим ухвар мөчид, холын хараагүй хүмүүсийн ятгалгаас үүдэн оршуулга нь үймээн болж, улмаар үймээнээсээ хэтэрч улс төрийн шинж чанартай, Ардын засгийн эсрэг бослого болж хувирчээ. Босогчид 3-р сарын 26-нд Чандмань уулын аймгийн яаманд мэдэгдэл гаргажээ.

Энэ мэдэгдэлд: "..... манай хошууны эрх баригчдаас үргэлж албаны нэр сүрийг далайлган лам хар биднийг занаж, элдвээр хавчих буюу биднийг барих, хорих мэтээр доромжилсоор ирсэнийг цаасан дээр бичих аргагүй. Үүний улмаас хүн бүрийн дотор гомдол төрж, цаашид хэвээр хүлээж болохгүй болмогц бид өөрсдийн үзэл санааны чигийг өөрчлөн, олноор урваж, дээр дурьдсан эрх баригчдыг барин хорив. Эдүгээ бид олноор хэлэлцэж, ардын намыг устгаж, адил тэгш эрхтэй нам байгуулахаар дурьдсан учрыг зохих Чандмань уулын аймгийн яамнаа мэдэгдэж улмаар гүйцэтгүүлсүгэй" гэжээ.

Ингээд байдал яах ийхийн зуургүй өрнөж зогсоох аргагүй болж Ардын засгийн газраас Чандмань уулын аймагт гарсан бослогыг дарахаар Байлдааны эрхт хувьсгалын түр хороог Ховдын хязгаарын IV морьт хорооны дарга, сургагч нар, хошуу аймгийн яамны дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, Чандмань уулын аймаг руу илгээжээ. Мөн засгийн газрын Бүрэн эрхт комиссыг байгуулж, Комиссын даргад Дотоодыг Хамгаалах газрын дарга Б.Элдэв-Очир, гишүүнд Л .Дарьжав, О.Дашчирэв, Эрдэнэ нарыг томилж, тэд 3-р сарын 30-аас урьд ирж ажилдаа оржээ.

Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт комиссоос юуны өмнө Төгсбуянтын хүрээнд гарсан бослогыг дарахаар шийдвэрлэж, Б.Элдэв-Очир машинаар Төгсбуянтын хүрээнд очиж, хүрээний ар талаар урсдаг Дэлгэрмөрний дэнж дээр ирж зогсоод цагаан дарцаг барин буух үед Сагилын Боршоон шар Жана гэдэг хүн хүрээнд Майдар хурах үеэр ёс болгож, муу зүйлийг хөөж байна гэж бууддаг байсан "Баали цагаан" гэдэг буугаар Б.Элдэв-Очирыг буудаж, хөнгөн шархдуулжээ.

Ингээд бослогыг даруулахаар Улаангомд ирээд байсан Ховдын IV морьт хороог дуудуулжээ. Энэ хороог комиссар Буяндэлгэр командалж 3-р сарын 20-ны өглөө Засгийн газрын цэргүүдийг хүрээ рүү дөхөж ирэх үед Түсэрвээний Хатуу гэдэг хүн хамгийн түрүүнд явж байсан комиссар Буяндэлгэрийг буудаж хүнд шархдуулжээ.

Тэр даруй цэргүүд хүрээний өмнө байх Таван Дэнхэрвээ уулын давааг эзлэн авч пулёмотоор гал нээжээ. Бууж өгөхгүй бол бүгдийг нь буудан хороож хийдийг шатаана гэхэд айж ичсэн, гартаа зэвсэггүй хүмүүс орон тэр, байшингийнхаа доор ухаж бэлдсэн зоориндоо орж хоргодсон боловч тэднийг бүгдийг хөөн гаргаж, хүрээний баруун талын уулын хормойд цуглуулан цэргээр харгалзуулан суулгажээ. Нийт 400-500 гаруй хүн байсан гэдэг. Цэргийн дарга тэр хүмүүст яриа хийж, "...нам төрийн эсрэг бослого гаргасан та нарыг хуулиар хатуу цээрлүүлэх ёстой” гэсэн байна.

Сумын дарга, албан тушаалтнуудаас асуухад хошуу дарга О Марайзан "Бүх лам нар эсэргүү биш ээ. Учир мэдэхгүй дагалдагсдыг бүгдийг буудаж болохгүй. Хэрэв цөмийг нь буудах юм бол би дунд нь сууж буудуулъя" гэхэд Б.Элдэв-Очир "Тэгвэл бослогын толгойлогчдын нэрийг гаргаж өг" гэснээр тэднийг хэдхэн цагийн дотор "ялтай, ялгүйгээр нь ялгаж" 38 хүнийг баривчилж шууд хүлжээ. Баривчлагдсан хүмүүсийг хүрээний хойт захад байсан сангийн хэрмийн дотор манаж хоноод маргааш нь хүрээнээс 7-8 км орчим зайд байх Ногооны хавчуу хэмээх газар аваачиж бүгдийг нь буудан хороосон байна. Цаазлуулсан 38 хүний 20 нь ард гаралтай хүмүүс, 18 нь лам нар байжээ. Төгсбуянтын хүрээний энэ эмгэнэл З8 хүнийг буудсанаар бас дууссангүй 247 хүнийг баривчилж их бага хэмжээгээр хорихоор шийтгэжээ.