Түндэвийн Юмсүрэн

Түндэвийн Юмсүрэн (1937 онд Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн- 2021 онд нас барсан)- Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, нэрт орчуулагч, сэтгүүлч. ХХ зууны Монголын хүүрнэл зохиолын авьяаслаг зохиолч.

1958 онд Говь-Алтай аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1963 онд Монгол Улсын Их сургуулийн монгол хэл уран зохиолын ангийг, 1985 онд ЗХУ-д М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг тус тус төгссөн.

1963-1982 онд МҮЭ-ийн “Хөдөлмөр” сонины соёлын хэлтэст утга зохиолын ажилтан, 1982-1986 онд “Утга зохиол, урлаг” сонинд ажиллаж байхдаа хөдөлмөрийн хүмүүсийг сурвалжлан, даацтай наруулал, тэмлэглэл, сурвалжлага олныг бичсэн нэрт нийтлэгч, сэтгүүлч юм.

Уран бүтээл

засварлах

Тэрээр газар тариалан, ой мод, уул уурхай, мал аж ахуй, хэлмэгдүүлэлт, Халх голын дайн, хүний ёс суртахуун, хайр сэтгэл зэрэг янз бүрийн сэдвээр “Ахин цэцэглэхгүй яргуй”, “Хөвчийн униар”, “Хорвоо хөмрөх мөч”, “Утаат шөнө”, “Даван дээр”, “Ялалтын дараах түгшүүр”, “Гэмшил”, “Шалгалт” зэрэг 20-иод тууж бичиж уншигчдын талархлыг хүлээсэн хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч байлаа.

Т.Юмсүрэн 80 гаруй өгүүллэгтээ хүний мөс чанар хайр сэтгэл, амьдарлын гарцаагүй байдлаас үүдэн бий болсон зовлон, бэрхшээлийг давахын төлөө тэмцэл зэрэг ээдрээтэй хурц асуудлыг уран яруу дүрслэл зураглал сайтай, дүрийн дотоод ертөнцийг уудлан харуулахыг хичээдэг зохиолч юм. Түүний өгүүллэгүүд нь орос, украин, унгар, герман, казахстан, буриад хэлнээ орчуулагдан хэвлэгджээ.

Гадаад орнуудын утга зохиолд гарч байгаа шинэ урсгал хандлагын тухай “Романы тухай шинэ онол”, “Модернизм шинэ арга уу” “Постмодернизмын дараа утга зохиол байхгүй болох уу”, “Өнөө үеийн баримтат зохиол”, “Өгүүллэгийн учир”, “Эерэг баатрын тухай эргэцүүлэл” өгүүллүүд бичсэнээс гадна дэлхийн арван нэгэн орны 17 зохиолчийн 24 шилдэг өгүүллэгийг орчуулан “Өнө дорнын шилдэг өгүүллэгүүд” нэртэйгээр хэвлүүсэн утга зохиол судлалд, шинэ залуу үеийнхэнд утга зохиолын боловсрол олгоход үлэмж үнэ цэнтэй хувь нэмрийг оруулсан гэж МЗЭ-ийн Удирдах Зөвлөл зүй ёсоор үнэлэн тэмдэглэсэн байдаг.

Мөн Ази, Европ, Латин Америкийн онуудаас Нобелийн шагналыг хүртсэн Р.Таагуур, Я.Кавабата, Кэнзибур Оэ, Иван Бунин, Жан Поль Сартр, А.Камю, Г.Маркес нарын зохиолчдын тууж өгүүлэгүүдийн түүврийг “Хүн дүрс хонинууд” нэртэйгээр хэвлүүлсэн. Үүнээс гадна дэлхийн нэр цуутай 26 зохиолчийн өгүүллэг, ярилцлага, өгүүлэл, уран бүтээлийн хөрөг, дурьтгал эмхэтгэл “Дэлхийд алдартай зохиолчид” нэртэйгээр хэвлүүлсэн.

Т.Юмсүрэн Монголчуудын дунд ардын дуу шиг мөнхөрсөн “Буурал аав” дууны үгийг 1960 онд зохиож, аяыг Ардын жүжигчин Дашийн Мяасүрэн зохиосон байна.