Тэмээ эврээ алдсан нь

Тэмээ эврээ алдсан нь үлгэрийг монголчууд "Тэмээ буга хоёр", "Тэмээ бугад эврээ алдсан нь", "Тэмээ ус уухдаа алсыг ширтэх болсон нь" зэргээр нэрлэж иржээ.

Тэмээ эврээ алдсан нь

засварлах

Эрт урьд цагт тэмээ одоогийн бугынх шиг арван хоёр салаа эвэртэй байсан ажээ. Бас өтгөн болоод урт сайхан сүүлтэй байж гэнэ. Харин тэр цагт буга эвэргүй мухар мулзан, адуу сүүлгүй шахам годон шодон байсан юмсанжээ.

Иймд тэмээ, сүрлэг сайхан эвэртэйдээ их л биеэ тоон эврээрээ ямагт гайхуулан хөөрлөдөг байжээ.

Тэмээ нэг өдөр ус уухаар нуурын хөвөөнд ирээд уухаасаа илүү усанд туссан дүрсээ олж үзээд сүр жавхлангаа их л бахдан хараад зогсож байжээ.

Тэгтэл энэ үеэр ойгоос буга гарч ирээд толгой бөхийлгөн мэхэсхийж гунигтайгаар хэлжээ:

– Өнөө үдэш би ойн амьтдын чуулганд айлчлан очих учиртай билээ. Ийм муухай мөлчгөр мухар духтай яаж очих билээ? Ядаж нэг цагийн төдий ч бол чинийх шиг ийм сайхан эвэртэй явж үзэхсэн, тэмээ чи өршөөж, өнөөдөр надад эврээ түр өгөөч! Маргааш чамайг ус уухаар энд ирэхэд чинь би эврий чинь авчирч өгөмз гэж гуйжээ.

Тэмээ бугыг үзвэл үнэхээр өрөвдмөөр сүр үзэмжгүй харагдсан тулд эврээ мултаж өгөөд «Ус уухаар ирэхэд минь заавал авчирч өгөөрэй!» гэж захив. Сүрлэг сайхан чимэглэл болсон эврийг шүүрч аваад буга ойдоо орчив. Замд нь морь дайраддсанд буга хэнээс звэр авснаа хэлж өгчээ. Морь бас нэг гоё сайхан юм олж авах санаатай тэмээнд

очоод сүүлийг гуйжээ. Сайхан сэтгэлт тэмээ аанай л морины үгэнд ороод сүүлээ бас сольчихжээ.

Түүнээс хойш өдөр хоног өнгөрсөөр он удсан боловч хөөрхий тэмээ эвэр сүүл хоёрынхоо аль алиныг олж авч чадсангүй ажээ. Авлагатай амьтадтайгаа уулзаад эвэр сүүл хоёрыг нь эргүүлж өгнө гэж амласныг нь сануулахад цаадуул нь дооглон инээгээд буга бас нэмж хэлсэн нь:

– Тэхийн эврийг тэнгэрт тулахаар тэмээний (шинэ) сүүлийг газарт хүрэхээр өгөмз гэжээ.

Тэр цагаас хойш одоо болтол тэмээ ус уух бүрдээ усан дотор эвэргүй мухар мулзан болсон дүрсээ олж хараад дур нь гутаж толгойгоо сэгсэрдэг болсон гэх ба ус хэд балгаад энэ тэр уулын орой харж байн байн өлийн зогсдог нь усан дээр эврийг нь авчирч өгнө гэж (амласан бугын болзоог санаад «Буга эврий минь авчирч яваа болов уу» гэж горьдож хардаг учраас тэр гэнэ. Бас бугын звэр жил бүр нэг удаа булгарч унадаг нь тэр звэр угаас бугад заяасан биш, тэмээнээс залилж авсны учраас тэгдэг гэнэ.

Зохиол бүтээл

засварлах

"Домгийн тэмээ жангар" номыг зохиолч Б.Цэрэн, зураач, редактор Б.Төрмөнх нар бүтээжээ.

Хатагийн Го.Аким доктор профессор "Тэмээ эвэртэй байсан уу?" нийтлэлдээ хадны сүг зургийг тайлбарлахдаа: "Ширээ бөхтэй, шодон сүүлтэй, сэлмэн эвэртэй тэмээг ертөнцийн зүгээр урагш харуулан сийлжээ. Сийлэхдээ дүрсийг хүрээлэн хонхойлгох аргаар сийлсэн аж. Энэ тэмээ эврээ шилэндээ хаяаад, хурдлан тэшүүлж байна гэж жигтэйхэн. Эвэр нь бугынх шиг арван хоёр салаа биш юм, гэхдээ бадриун, урт, урд бөхөө хүрчээ" гэжээ.

Тэмээ эвэртэй байсан хэмээг домог үлгэрээс үүдэлтэй "Эвэртэй тэмээ" уран бүтээлийн нэгдэл бий.

Гадаад холбоос

засварлах

Тэмээ эврээ алдсан нь

Тэмээ буга хоёр[permanent dead link]

Домгийн тэмээ жангар

ТЭМЭЭ ЭВЭРТЭЙ БАЙСАН УУ?