TCP/IP буюу Transmission Control Protocol/Internet Protocol гэдэг нь сүлжээнд хэрэглэгддэг программ хангамж дээр үндэслэгдсэн харилцааны протокол юм. TCP/IP нэг машинаас нөгөөд мэдээллийг дамжуулах үйлдлийг тодорхойлно. Мэдээлэл харилцааны протокол нь мэдээлэл солилцоонд гарах алдаа, мэдээлэл хүргэх дэг журам, удирдлагыг хянаж байх үүрэгтэй. TCP/IP эдгээр үүргийг гүйцэтгэнэ. Энэ 2 протокол бусад протоколтой харилцан ажилладаг гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл протоколууд тус тусдаа өөрийн гэсэн үүрэгтэй.

Компьютерын протокол компьютер хоорондын харилцах аргыг тодорхойлно. Хэрэв нэг компьютер нөгөө компьютерт мэдээлэл дамжуулах үед хоёулаа протоколыг зөв хөтөлсөн бол машины төрөл, ямар үйлдлийн системтэйгээс үл шалтгаалан мэдээлэл дамжина. Компьютерын протокол нь мэдээлэл солилцох үйлдлийг зохицуулдаг дүрмийн цогц юм.

IP буюу Internet Protocol нь TCP/IP протоколын нэг хэсэг ба сүлжээн доторх датаграмын хөдөлгөөнийг зохицуулдаг. TCP/IP бүлгийн бараг бүх протоколын хувьд IP нь мэдээлэл илгээж түүнийг зохих газарт нь хүрсэн эсэхийг тодорхойлох үндсэн хэрэгсэл юм.