1791 оны тавдугаар сарын 3-ны Үндсэн Хууль

Польшийн анхны Үндсэн хуулийг 1791 оны 5 дугаар сарын 3-ны Үндсэн хууль (пол. Konstytucja 3 maja) гэж нэрлэдэг. Дэлхийд АНУ-ын дараа хоёр дахь бөгөөд Европ тивийн анхны Үндсэн хууль болно.

1569 онд Польшийн Хант Улс, Литвын Их Вант Улс хоорондоо нэгдэж "Люблины Нэгдэл" буюу "Жечьпосполита" (польш. Rzeczpospolita) улс бий болж "шляхтын ардчилал" үүсч "Алтан эрх чөлөө " (польш. Złota Wolność) гэдэг ойлголт бий болсон ажээ. Ийнхүү "Шляхт" буюу улсын ноёд язгууртнууд нь тэгш өргөн эрхтэй болсон систем тогтсон юм. Шляхтууд хууль тогтоох байгууллага болох Сеймд хуралдаж гол шийдвэрүүд гаргахын дотор Хаанаа сонгодог эрхтэй байсан байна.

"Алтан эрх чөлөө" -ний зарчмууд нь язгууртнуудад онцгой эрх олгосны улмаас төрийн байгууллын тогтолцоо үйл ажиллагааг алдагдуулахад хүргэсэн юм. Станислав Август Понитовски-гийн хаанд сонгох сонгуулийн өмнө эхлүүлсэн 1764 оны Сеймийн хурлаар шинэчлэлийг хэсэгчлэн хэрэгжүүлж эхэлсэн хуралдаан Анхны Үндсэн хууль батлахад ихээхэн нөлөөлсөн юм.

Улмаар Сейм (парламент) Үндсэн хуулийг 1791 оны 5 дугаар сарын 3-нд баталсан байна.

Анхны Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажил 1788 оны 10 дугаар сарын 6-нд эхэлсэн бөгөөд нийт 32 сар үргэлжилсэн байна. Улсын улс төрийн тогтолцооны дутагдлыг арилгах зорилгоор боловсруулсан уг баримт бичгийг "Засгийн газрын тухай хууль дүрэм" (польш. Ustawa rządowa) нэрээр баталж байжээ.

Энэхүү Үндсэн хууль язгууртнууд болон хотын энгийн оршин суугчдад улс төрийн зарим тэгш эрх олгож, тариачдад төрөөс зарим хамгаалалтыг тунхаглаж, улмаар хамжлагат хүнд дарангуйллыг бага боловч зөөлрүүлсэн юм. Үндсэн хууль нь хууль тогтоогчдын ажлыг боогдуулсан парламентын зарим хэсгүүдийг хазаарласан. Жишээ нь аль нэг гишүүн хэлэлцэж буй асуудлын талаар санал зөрөлдөж байгаа бол асуудлыг эсэргүүцэж "чөлөөт хориг"-ийг (liberum veto) ашиглан цуцлах боломжийг хаасан байна. "Жечьпосполита" буюу Польш-Литвын хамтын нийгэмлэгийн хөрш орнууд уг Үндсэн хуулийг батлахад өөрийн орнуудад нөлөө үзүүлнэ хэмээн ихээхэн дургуй хүлээж авсан байна. Үүний үр дүнд Пруссийн хаан II Фредерик Вильхелм Польш-Литвын төртэй байгуулсан эвсэх гэрээг цуцалсан. Дараа нь Польш-Литвйн Хамтын Нөхөрлөл Оросын II Екатерина тэргүүлж байсан улс болон Үндсэн хуулийг эсэргүүцсэн дотоодын магнатууд, язгууртнуудыг нэгтгэсэн "Тарговицкийн холбоо"-той 1792 онд дайтаж эхэлжээ. Улмаар Үндсэн хуулийн гол хамтран зохиогч болсон Хаан ялагдаж, бууж өгчээ. Тиймээс уг Польшийн анхны Үндсэн хууль 19 сар хүрэхгүй хугацаанд эрх зүйн чадамжтай хүчин төгөлдөр байсан бөгөөд үндсэн хуулийг 1793 оны 11 дүгээр сарын 23-нд Гродно хотод хийсэн Сеймийн хурлаар хүчингүй болгосон байна. Дараагийн 123 жил үргэлжилсэн хугацаанд Үндсэн хуулийг дэмжигчид дотоод шинэчлэлийн амжилттай загвар, тусгаар тогтносон Польшийг сэргээх найдварыг хүлээн байсан юм. Энэхүү анхны Үндсэн хуулийн төслийг Польшийн Хаан, польшийн алдарт худалдаачин, улс төрч, зохиолч Игнаци Франчишек Потоцки (Roman Ignacy Franciszek Potocki), улс төрийн зүтгэлтэн, боловсролын шинэчлэгч, Краковын Их сургуулийн багш Хуго Ковонтай ( Hugo Kołłątaj) нартай хамтран зохиосон байна.

Агуулга засварлах

Польшийн анхны Үндсэн хууль 11 зүйлтэй.

I зүйлд- Ромын католик шашныг "давамгайлсан шашин" гэж баталж, бусад бүх урсгалд хүлээцтэй хандаж, эрх чөлөөг баталгаажуулсан. Энэхүү заалт нь 16-р зууны Варшавын Холбоотой харьцуулахад бага дэвшилттэй болж, Польшийг католик шашны нөлөөнд шууд оруулсан болно.

II зүйлд хуучин ноёдын олон давуу эрхийг баталгаажуулсан; бүх язгууртнууд тэгш эрхтэй, хувийн аюулгүй байдал, өмчлөх эрхтэй байх ёстой гэж заасан.

III зүйлд Чөлөөт хотуудын тухай хууль нь Үндсэн хуулийн салшгүй хэсэг гэж заасан байв.

IV тариачдыг Үндсэн хууль тогтоомжийн хамгаалалтад авсан заалт байгаа боловч тосгоны тариачид бага эрхтэй хэвээр үлдсэн. Үндсэн хуульд хамжлагат ёсыг халах тухай заалт ороогүй.

V зүйлд “Иргэний нийгмийн бүх эрх мэдэл хүмүүсийн хүсэл зоригоос ирэх ёстой” гэж заасан. Үндсэн хуулийн текстийг "иргэдэд" хаягласан бөгөөд үүнд хотын иргэд, тариачид багтсан нь дэвшилтэт болсон байв.

VI зүйл нь хоёр танхимтай парламентад сонгогдсон депутатууд, томилогдсон сенаторууд ба хаанд харьяалагдсан байв. Сейм 2 жилд нэг удаа ээлжит ёсоор цугларах, мөн онцгой үед хэзээ ч цуглаж болохоор заасан.

VII дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх засаглал нь "түүний зөвлөлд байсан хаан"-ы гарт байсан - "Хууль сахиулагчид" нэртэй сайд нарын танхим.

VIII зүйлд Шүүх засаглалын тогтолцоог тодорхойлсон бөгөөд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалаас салгасан байна. Мөн шүүгч нарыг сонгодог тогтолцоотой байхыг заажээ.

IX зүйлд Хааны эзгүйд улсыг удирдах байдлын тодорхойлсон бөгөөд үүнийг хатан хаанаар удирдуулсан хянагчдын зөвлөл, эсвэл байхгүй бол шашны тэргүүн гүйцэтгэх ёстой гэж заажээ.

X зүйлд хааны хүүхдүүдийн боловсролын ач холбогдлыг тэмдэглэсэн; энэ хариуцлагыг Боловсролын комисст хариуцуулсан.

XI зүйлд төрийн байнгын армитай холбоотой. Үндсэн хуульд армийг "зөвхөн ард түмнийг хамгаалахад шаардлагатай батлан ​​хамгаалах хүч" гэж тодорхойлсон байна. Армийн бүрэлдэхүүнд 100 мянган цэрэг байх ёстой гэж заасан.

Польш улс тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон 1918 оноос хойш Үндсэн хуулийн өдрийг тус улсын гол баяр гэж үзэн тэмдэглэдэг болжээ.