Үндэсний Ассамблей (Өмнөд Солонгос)

Бүгд Найрамдах Солонгос Улсын хууль тогтоох төрийн дээд байгууллага болох парламентыг Үндэсний Ассамблей гэдэг.

Үндэсний Ассамблей нь нэг танхимтай, бүх нийтийн шууд сонгуулиар дөрвөн жилийн хугацаагаар сонгогддог ба гишүүдийн тоог хуулиар тогтоодог бөгөөд 200-аас доошгүй байна. Харин одоогийн парламент нь 299 гишүүнтэй байгаагаас 245 нь нэг мандаттай тойргоос, 54 нь пропорциональ төлөөллийн системээр сонгогдоно. Мөн сонгуульд зөвхөн 5-аас дээш суудал авсан нам, эвсэлд пропорциональ системээр суудал хуваадаг байна.

2008 оны дөрөвдүгээр сард болсон сонгуулиар бүрдсэн БНСУ-ын парламентад “Ханнара нам” 172 суудал авч олонхи болжээ.

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болсон сонгуулиар БНСУ-ын Үндэсний Ассамблейд 300 гишүүн сонгогдсон байна. Үүнээс 253 гишүүн сонгуулийн тойргоос, 47 гишүүн нь пропорциональ буюу намын жагсаалтаар сонгогдсон байна.

1960 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулан, урьд нь байсан Ерөнхийлөгчийн тогтолцоог халж, хоёр танхимтай парламентын тогтолцоог өрнөдийн орнуудын жишээгээр байгуулсан боловч төдийлөн амжилт ололгүй, 1961 онд гарсан цэргийн эргэлтээр дахин ерөнхийлөгчийн тогтолцоог сонгож парламентыг нэг танхимтай болгосон байна. Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблей нь хууль тогтоомж санаачлах, батлах, хүчингүй болгох, улсын төсөв батлах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, олон улсын гэрээ хэлэлцээрийг соёрхон батлах, дайн зарлах болон энхтайвны байдал тогтоох зэрэг үндсэн эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Үндэсний Ассамблей нь дотоод дэгээ өөрөө баталдаг.

Бүтэц засварлах

Үндэсний Ассамблейн удирдах байгууллага нь дарга, хоёр дэд дарга, нарийн бичгийн дарга нараас бүрдэнэ. Үндэсний Ассамблейн дарга, дэд даргыг гишүүдийн дундаас хоёр жилийн хугацаагаар сонгон ажиллуулдаг. Үндэсний Ассамблейн дарга нь Үндэсний Ассамблейн хуралдааныг зохион байгуулж, удирдах, дэг сахиулах, Үндэсний Ассамблей болон Засгийн газрын хооронд ажил хэргийн харилцааг зохицуулах, хянах, хурлын шийдвэр, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт зааварчилгаа өгөх, парламентаас гаргах хууль тогтоолын үндсэн агуулгад нэмэлт санаа өгөх эрхтэй. Парламентын даргын зөвшөөрснөөр дэд дарга хурлыг удирдан явуулж болно. Парламентын дарга, дэд дарга хоёулаа эзгүй тохиолдолд түр хугацаатайгаар ажиллах хурлын даргыг сонгоно. Мөн чуулганы хуралдаанд парламентын дарга нь тусгай хаалгаар орж ирдэг бөгөөд даргын суудлын баруун, зүүн талд байрласан гурван сандлын баруун талынхад нь Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр ажилтны хамт сууж спикерт туслах үүрэгтэй, харин зүүн талын сандалд парламентын хоёр дэд дарга суудаг.

Үндэсний Ассамблейн чуулганы нэгдсэн хуралдаан ээлжит ба онцгой гэсэн хоёр хэлбэрээр хуралддаг. Жил бүрийн төсвийн асуудлаархи чуулган 9 дүгээр сарын 10-нд эхэлдэг. Онцгой чуулганыг Ерөнхийлөгчийн санаачлагаар, эсвэл парламентын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь зөвшөөрсөн тохиолдолд 30 хоногоос илүүгүй хугацаагаар зарлан хуралдуулна. Ерөнхийлөгч хүсэлт гаргаж онцгой хуралдаан хуралдсан тохиолдолд шалтгаан нь маш тодорхой байх ёстой байдаг. Харин парламентын ээлжит чуулганы үргэлжлэх хугацаа нь 100 хоногоос илүүгүй байдаг байна. Үндэсний Ассамблейн гишүүдийн тавны нэг нь хүрэлцэн ирсэн тохиолдолд нэгдсэн хуралдаан чуулдаг. Нэгдсэн хуралдаан нь хууль тогтоох байгууллагын эцсийн шийдвэр гаргах зохион байгуулалтын онцгой хэлбэр юм. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар шийдвэр гардаг байна. Парламентын гишүүдийн санал өгөх цахим систем нь Монгол Улсынхтай бараг адил гэхэд болно. Харин гишүүдийн ирцийг картаар бүртгэдгээрээ Монгол улс давуу талтай юм. Үндсэн хууль болон төсөвтэй холбоотой асуудлыг 50% дээр нэмэх нь нэг гэсэн зарчмаар, харин үндэсний аюулгүй байдлын тухай асуудлыг тавны дөрвөөр буюу 80% аар шийдвэрлэдэг байна.

Үндэсний Ассамблейд 16 байнгын хороо үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн таван ерөнхий хороо, гурван тусгай хороо байна.

  • Төлөөлөгчдийн танхимын Удирдах хороо
  • Хууль тогтоомж, шүүхийн хороо
  • Үндэсний бодлогын хороо
  • Стратеги, санхүүгийн хороо
  • Шинжлэх ухаан, МХХТ, Ирээдүйн төлөвлөлт, өргөн нэвтрүүлэг,
  • Харилцаа холбооны хороо
  • Боловсролын хороо
  • Соёл, спорт, аялал жуулчлалын хороо
  • Гадаад харилцаа, нэгдлийн хороо
  • Үндэсний батлан ​​хамгаалах хороо
  • Аюулгүй байдал, төрийн удирдлагын хороо
  • Хөдөө аж ахуй, хүнс, хөдөөгийн асуудал, далай тэнгис, загас агнуурын хороо
  • Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний хороо
  • Эрүүл мэнд, халамжийн хороо
  • Байгаль орчин, хөдөлмөрийн хороо
  • Газар, дэд бүтэц, тээврийн хороо
  • Тагнуулын хороо
  • Хүйсийн тэгш байдал ба гэр бүлийн хороо


Үндэсний Ассамблей тусгай хороодын гишүүдийг сонгох ба хороодын дарга нар хоёр жилийн хугацаатай сонгогдоно. Мөн оюуны өмчийн хорооноос бусад хороод нь эрхлэх асуудлынхаа хүрээнд гурваас илүүгүй дэд хороо байгуулан ажиллуулж болно. Парламентын хуралдаан нь олон нийтэд нээлттэй байна. Учир нь парламент ард түмний хүсэл сонирхлыг илэрхийлэгч байгууллага болохын хувьд үргэлж ард түмэнд нээлттэй, тэдэнд үйл ажиллагаагаа байнга мэдээлж байх үүрэгтэй байдаг. Олон нийтийн төлөөлөгчид хуралдаанд сууж болох боловч хууль тогтоох үйл ажиллагаанд саад болж болохгүй. Харин үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хэлэлцэж буй тохиолдолд хуралдаан хаалттай болдог. Хуралдаан хаалттай явагдах зарчмыг хуулиар нарийвчлан тогтоосон байдаг. Хуралдаанд оруулсан аливаа хуулийн төсөл, саналыг ямар нэг шалтгаанаар хойшлуулах буюу хэлэлцүүлэхгүй байж үл болно. Парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах, эсвэл парламент хугацаанаасаа өмнө тарсан тохиолдолд шийдвэр сонгогдсон парламентын бүрэн эрхийн хугацаа эхлэх хүртэл үүрэгт ажлаа өмнөх парламент гүйцэтгэж хууль тогтоох байгууллагын залгамж чанарыг хадгалж байх ёстой. Бүгд Найрамдах Солонгос Улсын парламент нь тус улсын Үндсэн хуульд заасны дагуу дараах онцгой эрхийг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Хууль тогтоох эрхтэй. Үндсэн хууль, бусад хуулийг батлах, өөрчлөлт оруулах, засвар хийх, нэмэлт зүйл тусгах эрхтэй.
  • Мөнгө санхүүгийн эрхтэй. Үндсэн хуулийн 95 дугаар зүйлд “татварын төрөл, хувь хэмжээг парламентаас тогтоож өгнө” гэж заасан байдаг. Мөн засгийн газраас оруулсан улсын жилийн төсөв, засгийн газраас гаргах шилжих болон үл шилжих бондыг гаргах талаар шийдвэрийн төслийг батлах, улсын өрийн талаар хүлээх хариуцлагын тухай гэрээ хэлэлцээрүүд, засгийн газрын үйл ажиллагааны санхүүжилт зэрэгт хяналт тавих эрхтэй.
  • Улсын дотоод байдлыг судлах эрхтэй. Хэрэв парламент шаардлагатай гэж үзвэл улсын аливаа хэргийн талаархи шаардлагатай мэдээ мэдээллийг шаардах эрхтэй.
  • Парламент нь төрийн гол аппарат болон Үндсэн хуулийн шүүхийн гишүүдийг томилоход нэр дэвшүүлэх эрхийг эдлэж байдаг. Мөн Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүд, Дээд шүүхийн даргыг томилоход санал оруулах эрхтэй байдаг.

Бүгд Найрамдах Солонгос улсын парламентын хууль 1988 онд шинэчлэн батлагдсан ажээ. Уг хуулийн зорилго нь парламентын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдож үүссэн харилцааг зохицуулах, парламентыг ардчилсан, үр ашигтай байлгахад оршиж байна.