Султан Мохаммед Өзбег (Үзбек, Узбек) (1282-1341), (1313-1341 онд төр барьсан) нэрээрээ алдаршсан энэ хан Алтан Ордыг хамгийн удаан захирч, оргил үед нь хүргэсэн хан юм. Өзбегийн дараагаар түүний хүү Тинибег нь хаан болсон. Тэрбээр 1267-1280 онд Алтан Ордын хаан байсан Мөнхтөмөрийн хөвүүн Тогрилчагийн хөвүүн юм.

"Тверийн Михаил Өзбег ханы өмнө", Василий Верещагиний бүтээл.

Хаанчлал засварлах

Өзбег авга ах Тохтаг нас барсны дараа Хорезм мужийн Үргенч хотоос хааны гашуудалд оролцох нэрээр беклярбек Кутлугтөмөрийн хамтаар Сарай руу хөдөлж, 1313 оны нэгдүгээр сард Сарайд ирж, Тохта хааны хөвүүн Ильбасмиш, беклярбек Хадаг нарыг исламын шашинтнуудын дэмжлэгтэйгээр хороож хаан суурийг булаан авсан. Өзбегийг хаан болсны дараа Алтан Ордыг хөгжин цэцэглэн байсан талаар исламын шүтлэгт түүхчдийн ном зохиолд дурдах нь олон хэдий ч, Чингис хаанаас уламжлан байсан тэнгэр шүтлэгт монгол төрийн бодлого, Их Засаг хуулийг арчин хаясан нь энэ улсын дотоодын хямралын эхлэлийн суурийг тавьсан. "Өзбег хааныг исламын шашныг хүчлэн дэлгэрүүлэгч байсны төлөө хэт өргөмжлөн магтаж байснаас "Алтан үе" гэсэн хий хоосон ойлголт бий болжээ."[1] Тэрээр хаан болонгуут Чингис хааны үеэс бүх шашинтныг эрх тэгшээр үзэн зөвшөөрдөг монголын уламжлалт бодлогыг огоорч, зөвхөн исламын шашныг чухалчилж үзэх болж, ингэхдээ бүх иргэдийг исламжуулж эхэлсэн. "Өзбег хаан 1320 онд исламын шашныг албан ёсоор Зүчийн улсын төрийн шашнаар тунхагласан."[2] Түүнээс өмнө Бэрх, Мөнхтөмөр, Тодмөнх хаад исламын шашинтан болсон ч, энэ нь хувь хүний шүтлэгээс хэтрээгүй байсан. Гэтэл төрийн шашныг өөрчилсөн нь монгол угсааны ихэнх хан хөвүүд, ноёд эсэргүүцэж байсан.

Тэр Лалын шашинг төрийн шашин болгосноос үүдэн бөө мөргөлт ханхүү нарын дунд түүний эсрэг хуйвалдаан гарсан боловч нухчин дарагджээ. Лалын шашинг төрийн шашин болгосноор хан Ордын доторхи зөрчил тэмцлийг дарж, төрийн байгууллагуудыг тогтворжуулж чадсан байна. Энэ хэргийн эцэст "Чингис хааны удмын 120 хан хөвүүнийг цаазалсан нь монгол хаадын угсаан дахь хамгийн том харгислалд тооцогдоно."[2] Ингэснээр тус улс дахь Монгол аймгуудын хэл соёлыг устган, исламжсан Түрэг хэлт угсаатан болгох хэмжээний гай авчирсан.

Түүний хаан байх үед шинэ Сарай хотыг байгуулж, гоёмсог орд харш сүндэрлүүлж, нийслэлээ Сарай Бэрх буюу Сарай ал-жадид нэрт хот руу шилжүүлж, хааны орд, шашны сургууль, мечет сүмүүд, өргөн гудамжтай хороолол баригдаж, тус хот дахь угсаатан бүр тусдаа амьдрах хороолол, захтай байжээ.

"Мамлюкын эх сурвалуудад Өзбег хаан 70 түмтийн ноёнтой хэрэг зөвлөлдсөн"[3] тухай цөөнгүй дурдсан ч, энэ нь яг 700,000 цэрэгтэй байсан гэхэд эргэлзээтэй. Тэрбээр 1319, 1335 онд Арранд Ил Хан улсын эсрэг аян дайн явуулахдаа цэрэг дайны нөлөөгөө ашиглажээ. Өзбег Ил Хан улсын эсрэг Египетийн Мамлюкуудтай эвсэхэд, Каир хотын нэгэн талбайг түүний нэрээр нэрлэж байв. Өзбег мөн Болгар, Византийн дайнд оролцсон. Харин Сербид Монголчуудын хяналтыг дахин тогтоох гэсэн түүний оролдлого талаар болсон ажээ.

Русь дахь улс төрийн хувьд Өзбег Москвагийн эхэн үеийн вангууд болох өөрийн хадам ах Москвагийн Юрий, Юрийн залгамжлагч Иван Калита нарыг дэмжиж, өрнийг түшиглэж байсан Тверийн вангуудыг дарж байлаа. Тверийн гурван ван, тухайлбал Тверийн Михаил, түүний хүү Александр, ач Теодор нарыг Өзбегийн зарлигаар Сарайд цаазалж байлаа. Ордын эсрэг Тверийн бослогыг 1327 онд Москва, Татарын нэгдсэн хүч цус урсган дарсан юм. "Оросын он дарааллын бичигт өгүүлснээр Өзбег хаан 6 их ван, 3 ванг хороосон байна."[4]

Гэр бүл засварлах

  • Эцэг: Тогрилча ноён
  • Эх: Баялун хатан[5]

Хатад засварлах

  1. Тайтугла хатан (?-1360)
  2. Хабаг хатан: хонгирадын эмир Нангидайгийн охин
  3. Их Баялун хатан (?-1323)
  4. Бага Баялун хатан: Византийн 3-р Андроникосын охин.
  5. Урдуж хатан: улус эмир Исабегийн охин.

Хүүхэд засварлах

Өзбег хаан дөрвөн хатнаас долоон хөвүүн, гурван охинтой (түүхэнд тэмдэглэж үлдсэн) байсан.

Хөвүүд:

  1. Төмөрбег (?-1330)
  2. Тинибег (?-1342): Тайтугла хатнаас төрсөн.
  3. Жанибег (?-1357): Тайтугла хатнаас төрсөн.
  4. Тулунбег
  5. Иринбег
  6. Тугдыбег
  7. Хызрбег (?-1342)

Охид:

  1. Ит Күчүжүк: Их Баялун хатнаас төрсөн. Улус эмир Иса бегтэй хуримласан.
  2. Нэр тодорхойгүй: Их Баялун хатнаас төрсөн. Эмир Али Арзактай гэрлэсэн.
  3. Нэр тодорхойгүй: Тайтугла хатнаас төрсөн. Хорезмын эмир Кутлугтөмөрийн хөвүүн Харунбегтэй хуримласан.
  4. Тулунбай: мамлюкийн Ал-Насир Мухаммед султанд өгсөн. (өргөмөл охин)

Мөн үзэх засварлах

Лавлах бичиг засварлах

Өмнөх
Тохта
Алтан Ордын Хаан
1313-1341
Дараах
Тинибег

Эшлэл засварлах

  1. П., Дэлгэржаргал (2019). Монголын Эзэнт Гүрний Түүх - Зүчийн Улс. Улаанбаатар: МУИС. p. 69. ISBN 9919-9552-2-1.
  2. 2.0 2.1 П., Дэлгэржаргал (2019). Монголын Эзэнт Гүрний Түүх - Зүчийн Улс. Улаанбаатар: МУИС. p. 70. ISBN 9919-9552-2-1.
  3. П., Дэлгэржаргал (2019). Монголын Эзэнт Гүрний Түүх - Зүчийн Улс. Улаанбаатар: МУИС. p. 191. ISBN 9919-9552-2-1.
  4. П., Дэлгэржаргал (2019). Монголын Эзэнт Гүрний Түүх. Улаанбаатар: МУИС. p. 73. ISBN 9919-9552-2-1.
  5. П., Дэлгэржаргал (2019). Зүчийн Улс. Улаанбаатар: МУИС. p. 68.