Юрий Петрович Любимов

Юрий Петрович Любимов (1917 оны 9 дүгээр сарын 30-нд Ярославль хотод төрж, 2014 оны 10 дугаар сарын 5-нд Москва хотноо нас барсан) - Зөвлөлт, Оросын театрын найруулагч, жүжигчин, багш, ОХУ-ын Ардын жүжигчин (1992). Сталины нэрэмжит II зэргийн шагналтан (1952), ОХУ-ын Төрийн шагнал (1997). Москвагийн Таганка дахь Театрын уран сайхны удирдагч(1964—1984; 1989—2011) болон захирал (1990—2011). Оросын театрын шинэчлэгчдийн нэг.

Юрий Любимов. 2013 он

Эцэг- Пётр Захарович Любимов, худалдааны сургууль төгсөөд худалдаачин байсан, Москва хотын Охотный рядад дэлгүүртэй байж 72 насалсан. Эх нь бага ангийн багш байжээ. Ах нь Давид.

1922 онд Любимовынхон гэр бүлээрээ Москвад ирж амьдарсан. Юра Любимов хүүг бага байхад эцэг эх нь хоригдож байжээ. 1934 онд тэрбээр Москвагийн урлагийн хоёрдугаар театрын (МХАТ-2) дэргэдэх жүжигчдийн студид орж, 1935 онд тус театрын тайзан дээр «Мольба о жизни» (Амьдрах мөргөл) жүжигт анх тоглосон байна.

1936 онд тус театр хаагдаж, Любимов Вахтанговын нэрэмжит театрын дэргэдэх Щукины нэрэмжит театрын сургуульд элсэж 1939 онд төгссөн байна.

Зөвлөлт-Финландын дайнд оролцсон Любимов 1941-1945 онуудад Дотоод хэргийн Комиссариатын дэргэдэх Дуу бүжгийн ансамблийн гишүүн бөгөөд хөтлөгч, жүжигчин байж, фронтын дайчдын өмнө тоглолт хийдэг байжээ.

Дайны дараа 1946 онд тэрээр Вахтанговын нэрэмжит театрын бүрэлдэхүүнд орж 1959 онд А.Галичийн "Хүнд их юм хэрэггүй" («Много ли человеку надо») жүжгийг анх найруулжээ. 1953 оноос Щукины нэрэмжит театрын сургуульд багшилж байжээ.

1954 онд түүнд ЗХУ-ын гавьяат жүжигчин цол олгосон ажээ.

Таганка дахь театрт Владимир Высоцкийтой ойр дотно ажиллаж хуурай эцэг шиг байжээ.

1984 оны 3 дугаар сард ямар ч шалтгаан хэлэлгүй Таганка дахь театраас Юрий Петровичийг албан тушаалаас нь халж, мөн оны 7 дугаар сарын 11-ний өдрийн ЗХУ-ын Дээд Зөвлөлийн шийдвэрээр Зөвлөлтийн иргэншлээс хасжээ.

Иргэншлээ алдсаны дараа түүнд Израил Улс иргэншил олгож, тэрбээр АНУ, Англи, Скандинавын орнууд, Франц, Итали, Германд ажиллаж драмын болон дуулалт жүжиг тавьж байжээ.

1988 оны 5 дугаар сард Любимов Москвад эргэн ирж Зөвлөлтийн иргэншлээ сэргээлгэсэн байна. Таганка дахь театрын анонс зарлал дээр уран сайхны удирдагч Любимовын нэр дахин гарч эхэлжээ.

Түүнд 1992 онд ОХУ-ын Ардын жүжигчин цол олгосон байна.

Юрий Петрович Любимов 2014 оны 10 дугаар сарын 5-нд 11:40 цагт нойрон дундаа 97 насандаа нас баржээ.

2014 оны 10 дугаар сарын 8-нд Е.Вахтанговын нэрэмжит театрт алдарт найруулагчтай салах ёслол гүйцэтгсэн байна. Юрий Любимовыг Москва хотын Донскойн сүмийн оршуулгын газар нутаглуулжээ.

Шагнал засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Юрий Любимов – Викимедиа зураг, бичлэг, дууны сан