Шагалын Жадамбаа

Жалайр овогт Шагалын Жадамбаа (1940 онд Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт хошуунд буюу өнөөгийн Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг Дунд Улиастай гэдэг газар төрсөн- ) Монгол Улсын Төр нийгмийн зүтгэлтэн, БХЯ-ны сайд асан, дэслэгч генерал.

Шагалын Жадамбаа
Монгол УлсМонгол Улс Монгол Улсын Батлан хамгаалахын сайд
Албан тушаал хашсан
1990 оны 9 дүгээр сар – 1996 оны 7 дугаар сар
ӨмнөхЛ.Моломжамц
ДараахД.Дорлигжав
Хувийн мэдээлэл
Төрсөн1940 онд Говь-Алтай аймаг Халиун сум

Намтар засварлах

Тэрээр малчин, анчин Сэрээдоогийн Шагалын гэрт төрсөн. Эцэг нь хэдэн хүүхдээ ангийн махаар хооллож, Алтайн хишиг буянаар өсгөсөн байна.

Эцэг эхээс наймуулаа зургаан хүү, хоёр охинтой айл байж. Багадаа ядуу зүдүү байсан учир айлд хөлсөөр мал маллаж, цэрэгт явах хүртлээ ачигч хийж байсан байна. Борог амьдрал дундаас л сургууль соёлын мөр хөөсөн нэгэн.

1949-1953 онд Баян сум (одоогийн Халиун сум)-ын бага сургуульд суралцахад нь тус сургуулийн захирал, ангийн багшаар нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Пунцагийн Жасрай гуай ажиллаж байсан гэдэг. Сүүлд 1992-1996 онд П.Жасрай гуай Засгийн газрын тэргүүн болоод өөрийн багтаа авч ажиллуулсан байна.

Цэрэгт ирээд удаагүй байтал бага дарга бэлтгэх ЗХУ-ын Алс Дорнодын цэргийн сургуульд тэнцэж явсан. Ингээд 1961-1964 онд ЗХУ-ын Алс Дорнодод Благовещенск хотын цэргийн сургуулийг онц дүнтэй төгсөж ирээд цэргийн салбарт ажиллаж эхэлсэн. Цэргийн их сургуульд ротын захирагч, тактикийн багш хийж байв. Энэ хугацаанд армийн бүх шат дамжлагаар ажилласан. Москва хотод М.М.Фрунзын нэрэмжит ерөнхий цэргийн командын академи, К.Е.Ворошиловын нэрэмжит Зэвсэг хүчний жанжин штабын дээд академи, академийг онц дүнтэй төгссөн. Оросын дээрх хоёр том сургуулийн ханан дээр "Монгол Улс, Шагалын Жадамбаа" гэж алтан үсгээр бичигдсэн байдаг. Фрунзын нэрэмжит академид "Монголын Жадамбаа шиг суралцацгаая" гэсэн хөдөлгөөн хүртэл өрнөдөг байсан гэдэг.

Батлан хамгаалахын орлогч сайд, нэгдүгээр орлогч болон сайдаар ажилласан хугацааг нь аваад үзэхээр 12 жил хоёр ч Засгийн газар дамжиж алба хашсан. "Нийгмийн гольдрол өөрчлөгдсөн хүнд цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Дашийн Бямбасүрэн түүнийг нөмөр түшигтэй төрийн сайд гэж тодотгосон юм" хэмээн Ш.Арвай генералын дурсамжид байдаг. Тэрээр Жадамбаа генералыг "Монголын алт" гэж үнэлсэн нь бий. Энэ үгийг Арвай генералд Оросын Цэргийн командын академийн захирагч, хурандаа И.Н.Воробьев 1970-аад онд манайд айлчлахдаа хэлсэн байдаг.

Монголын Батлан хамгаалах салбар хүчирхэг байсан үеийн Ш.Жадамба генерал армийн бүх шатны сургууль, албыг дүүргэж, цэргийн эрдэмд төгс боловсорсон жинхэнэ эх орны цэрэг байж. Махруу дайчин шаргуу, нягт нямбай, энгүй хөдөлмөрч тэрбээр суралцсан цэрэг, хүчний сургууль бүрээ алтан тэмдэгтэй дүүргэж, хашсан албан тушаал бүртээ бүтээсэн гавъяа хэлэх үгтэй байж цэрэг армийнхаа төлөө хатуу чанд тэмцдэг, хамгаалдаг генерал байж. Ш.Жадамба хээрийн дадлага, сургууль буудлага жолоодлогын талбайд офицер, цэргүүдтэйгээ халуун, хүйтнээс халшрахгүй ихэнх цагаа өнгөрүүлдэг байв. Түүний удирдсан хээрийн томоохон сургууль, дадлага, бүтээж туурвисан ном, илтгэл, өгүүлэл, дүрэм журам, зөвлөмжүүд нь энэ салбарын хөтөч гэгдэх юм. Монголын ардын армийг өргөтгөн зохион байгуулах нь Ш.Жадамба генерал, түүний хамтран зүтгэгчдээс хичээл зүтгэл, эр зориг, тэвчээр хатуужил шаардсан ажил байжээ. Ш.Жадамба, Л.Моломжамц, Ч.Пүрэвдорж, Р.Гаваа, Ц.Дашзэвэг, П.Мөнхдорж нарын цэргийн шилдэг дарга нар зэвсэгт хүчнээ хүмүүнлэг шинэ цагийн зорилгод нийцүүлэн өөрчлөн байгуулах цаг ирснийг эрт ойлгосон байжээ.

Ардчилсан хувьсгал ялсны дараахан Ю.Цэдэнбалыг хаана оршуулах талаар Монголын төр хуралдахад “Төр нь тэргүүнээсээ нүүр буруулж, төмөр нүүрээ харуулж байгаа бол арми нь маршалаа авъя...” гэж ёсолчхоод гарч одсон8 тухайн үеийн Батлан хамгаалахын сайд, Дэслэгч генерал Ш.Жадамба хүн чанар, төрт ёсыг түүхэнд сийлжээ. Шавилхан биетэй буурал генералыг уудам дэлгэр эх орноо сэтгэл зүрхэндээ багтаан, ган зуд, өвчин тахал, гал усны гашуун зовлонд элэг зүрхээ эмтлэн явсан жинхэнэ монгол эр гэх юм билээ.

Гэр бүл засварлах

Түүний хүү Ж.Энхбаяр мөн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан улс төрч юм.