Хуханье шаньюй (хятадаар: 呼韓邪) бол Хүннү гүрний Шюйлюйчюаньчюй шаньюйн хүү, Хүннүгийн шаньюй юм.

Намтар засварлах

НТӨ 58 онд Уяньгюйди шаньюй үхсэний дараа Хүннү гүрэнд дотоодын тэмцэл дэгдэх болжээ. Тэр цагт таван шаньюй тодрон гарч, нэг нэгийгээ дарж авах гэж ширүүн дайн самуун өрнүүлж байв. Эдгээр таван шаньюйгаас говиос хойших нутгийг эзэлсэн Жижи, говиос өмнөх нутгийг эзэлсэн Хуханье хэмээх ах дүү хоёр товойн үлдэж тусгаар орших болсноор Хүннүгийн төрт улс хоёр хэсэгт хуваагдах түүх эхэлсэн. НТӨ 54 онд Жижи шаньюй Хүннүгийн ихэнх нутгийг эзэлж, Хуханье шаньюйн цэргийн хүчийг бут ниргэв. Ингээд Хуханье нь Хань улсын хуандид тал засаж, түүний ивээлд багтаж, хятад цэргийн тусламжтайгаар Жижи шаньюйг дарж авахаас өөр сонголтгүй болжээ. НТӨ 53 онд Хуханье өөрийн нэгэн хүүгээ Хань төрийн Сюаньди хаанд данж болгон илгээж, НТӨ 52 онд өөрийн биеэр Чаньань хотод очиж, Баруун Хань улсын эзэн хааны өмнө өвдөг сөгдөж, Хань улсын хараат улс болсноо хүлээн зөвшөөрсөн байна. Үүний дараа Хань улсын хааны зарлигаар түүнд 16,000 цэрэг, 34,000 ху хүнс тэжээлийг тусламж болгож илгээв. Энэ байдлаас болж Жижи шаньюй Орхоны хөндийд байсан орд өргөөгөө Хань улсын цэргээс холдуулан Или Тарвагатайн өвөр хэсэгт нүүлгэж, баруун зүгт шилжив.

Харин Хуханье шаньюй Хангайн нуруунаас Хянганы нуруу хүртэлх нутгийг эзэмшин нутаглах болов. НТӨ 37 онд Жижи шаньюй Долоон усны Талас голд Хань улсын цэрэгт ялагдаж алагдсаны дараа Хуханье Хүннүгийн цорын ганц эзэн болжээ. НТӨ 33 онд Чаньань хотод дахин хүрэлцэн очиж, Хань улсаас гүнж гуйн хоёр улсын найрамдлыг улам бэхжүүлэх санал гаргажээ. Хань улсын хаан түүнд Ван Жаожюнь хэмээх бүсгүйг яньчжи болгон өгөв. Ван Жаожюнь хүннү нартай ихэд дотно болж, Хуханьед Итужясы хэмээх нэгэн хөвгүүн төрүүлж өгсөн нь дараа үед Хүннүгийн баруун этгээдийн Жижо ноён болсон байна.

НТӨ 31 онд Хуханье шаньюй нас барж, түүний ууган хүү Дяотаомогао нь Фүжүлэй-роди цолтойгоор шаньюй болжээ. Хуханье шаньюйн үеэс эхлэн Хүннүгийн шаньюйн өргөө ордон нь Монгол нутгийн зүүн хэсэгт, тухайлбал Богд хан уул, Баян улаан уулын бүсэд байдаг болсон ба шаньюй, түүний хатад, овог төрлийнхнийг Хараагийн Ноён ууланд оршуулдаг болсон. Хуханье шаньюйн эхэн үед Хань улсын туслалцаатайгаар Хүннү улсын ихэнх хэсгийг эзлэн авсан ч өөрийн улсын үндсэн нутаг орон, хүн ард, аж ахуйн хувьд нэр төдий хараат улс хэмээгдэж, үнэн чанартаа бие даасан тусгаар улсын байдалтай оршиж байв.

Гэр бүл засварлах

Яньжи нар (Хатад) засварлах

Хуханье шаньюй нийт таван яньжи буюу хатантай байсан.

  1. Их яньжи
  2. Жюаньчюй яньжи[1]
  3. Түчи яньжи
  4. Ван Жаожюнь
  5. Тавдугаар яньжи

Хөвүүд, охид засварлах

  1. Фүжүлэй-роди шаньюй, нэр нь Дяотаомогао. Их яньжигаас төрсөн.
  2. Соусе шаньюй, нэр нь Чөмишю. Их яньжигаас төрсөн.
  3. Чөяа шаньюй, нэр нь Чемочө. Жюаньчюй яньжигаас төрсөн.
  4. Үжүлюй шаньюй, нэр нь Нанжияаси. Жюаньчюй яньжигаас төрсөн.
  5. Үлэй шаньюй, нэр нь Сянь. Их Яньжигаас төрсөн.
  6. Зүүн Шянь ван, нэр нь Лэ. Их Яньжигаас төрсөн.
  7. Баруун Шянь ван, нэр нь Лүхунь. Түчи яньжигаас төрсөн.
  8. Худуэрши шаньюй, нэр нь Юй. Тавдугаар яньжигаас төрсөн.
  9. Баруун Гүли ван, нэр нь Итужясы. Ван Жаожюниас төрсөн.
  10. Баруун Шянь ван, Жүлоучюйтан. НТӨ 53 онд Хань гүрэнд барьцааны хүнээр очсон.
Өмнөх
Уяньгюйди шаньюй
Хүннүгийн шаньюй
НТӨ 58-31
Дараах
Фүжүлэй-роди шаньюй

Эшлэл засварлах

  1. Хүннүгийн зүүн гарын Хуян вангийн охин