Хуучид нь дундад зууны Монгол хаадын Цахар түмнийг бүрдүүлсэн хүчирхэг овог аймгийн нэг юм. Нэрний гарал нь Даян хаанаас өмнөх үеийн Хишигтэн цэрэг, хуучин Цахарын нэршилээс үүссэн хүчирхэг юм.

Хуучид аймгийн гарал засварлах

Хуучид аймаг нь анх Хураангуй Алтан товчид Хуучидын Эсэн түгэл, Цагаан аман , Цөвөн баатар , Мянгат гэж гардаг. Эрдэнийн товчид Цахарын хуучин аймаг гэж гардаг бөгөөд Их Мингийн есөн хилийн байцаалт хэмээх судрын Гурван боомтын хилийн Монголыг байцаасан бүлэгт, Хойд Монголын их хааны нэгэн аймаг ер энэ хил дур малжин суумой, цэрэг бараг таван түм бий. Таван хороо бий амой, Энэ ину Хуучин Цахар хэмээмуй, Хишигтэн хэмээмой, Борбуг хэмээмой, зүүн хороо хэмээгч Зүүн гарыг хэлж амой, баруун хороо хэмээгч Баруун гарыг хэлж амой, дээрэмдэх ину ер бус болой[1] Энэ нь XV зууны дунд үеийн үйл хэрэг юм. Чин улсын Гадаад Монгол, Хотон ван гүнгүүдийн илтгэл шастир тэмдэглэлийг үндсэлбэл Юань улсын Тайзцу хааны 16-р үеийн ач Төрболд Хангай уулнаас говийн өмнө этгээдэд нүүж нутаглан суужээ. Түүний хөвгүүн Боди Алаг хаан залгамжлаад 3 хөвгүүн төрөв. Тус тусдаа нутаглан суужээ. Ахмад хөвгүүн Гүдэн хаан өөрийн аймгаа Хуучид хэмээн нэрийдсэн' гэжээ.

Хуучид аймгийн бутрал засварлах

Энэ аймаг нь XVI-XVII зууны үед дараах хэд хэдэн байдлаар бутарсан байна.

  • Даян хааны хүү Алболдын угсааныхны захирсан Хуучид: Алболдоос хойш түүний хөвгүүн Ажу тайж, Шар тайж хоюул Хуучид аймгийг үргэлжлэн ноёрхож Хөх дэрсэнээс өмнүүр нутаглаж байв.
    [2]
  • Дарайсүн гүдэн хааны харъяаны Хуучид аймаг: Алтан ханы түрэлтээр Цахар түмэн Хянганыг давж зүүн зүг нүүх үед Алболодын хойч үе нь дагаж нүүлгүй Алтан ханыг дагах болсон тул Дарайсан гүдэн хаан хуучид аймгийн ихэнхийг өөрөө ноёрхжээ. Дарайсун хааны дараа 2-р хүү Жонду дурал ноён бас нэг хэсэг хуучидыг өмч болгож авсан. Жонду дуралын угсааны ноёдын захирсан Хуучид нь өнөөгийн Шилийн голын Хуучид хоёр хошууг бүрдүүлсэн юм. Энэ хоёр хошуунаас 1912-1945 оны хооронл хэсэг Хуучид өрх Сүхбаатар аймгийн нутагт нүүж ирсэн. Иймээс өмнөд Монголчууд Шилийн голын хуучид нарыг "Хуучидын хуудас, хув ямааны[3] зайдас" гэж шоглодог. Харин Лигдэн хаанд уламжлагдаж ирсэн Хуучид нь Цахар 8 хошуунд багтаад, овгийн хэмжээнд хүрчээ.
  • Баруун түмний доторх Хуучид отог: Алтан ханыг дагасан Алболдын ач нарын захирсан Хуучидынхан Юншээбү түмний Харчины эзэн Баясгалын үр хүүхдүүдтэй холилдон суув. Баясгалын гуравдугаар хөвгүүнийг мөн Хуучин (哈不慎) тайж гэдэгээс үзэхэд Хуучидын нэг хэсг нь Баясгалын шууд харъяад шилжсэн байна. Тэд цөм Сюаньфү хотын харъяа Чуулалт хаалгын зүүн хойдох Үхэр чулуун амын хилийн гадна нутаглаж байжээ. Харчны доторх Алболодын үр хүүхдийн эзэмшил аймгийг xятад сударт Бага Харчин гэж хэлдэг байсаи бөгөөд Баясгалын эзэмшлийн Харчин аймгийг Харчины Их Хороо гэж хэлдэг байсаи юм. Энэ бол монгол тулгар бичигт гардаг Алболодын эзэмшилд хувьдагдсан Хуучид аймгийн хожмын байдал болно.
    [4]
  • Чингисийн онгон дахь хуучид отог: Найман цагаан гэрийн шар дархадыг бүрдүүлэгч гол овгуудийн нэг.

Манж Чин улсын үеийн Хуучид хошуу засварлах

Хуучид аймгийн ноёд Лигдэн хааны үед дотоодын хямралаас зайлж Манжаас болгоомжлон Үзэмчин, Сөнид, Авга аймгуудын ноёдын хамтаар Халхын зүүн гарын Далай жинон Шолойг түшихээр умард зүгт нүүдэллэн очиж, Шолойг Махасамади Гэгээн Сэцэн хан хэмээн өргөмжлөсөн байна. Энэ нь бараг 1625-1632 оны хооронд тохиож байгаа бөгөөд Хэрлэн голын сав газар, Гүн галуут зэрэг газраар нутаглаж байжээ.
Хуучид аймаг 1637 онд Манжийн эрхшээлд орж 1646 онд Болд-Эрдэнэ ванг засаг төрийн бэйл өргөмжилж зүүн Хуучид хошууг захируулав. 1651 онд Хуучидын Гармаацэвээн дагаар ирсэнд 1653 онд төрийн жүн ван өргөмжилж баруун Хуучид хошууг захируулжээ. Тухайн үед Хуучид аймгийг зүүн, баруун хоёр хошуу хуваан Шилийн голын чуулганд харьяалуулсан байна.

XX зууны Хуучид хошуу засварлах

Богд Хаант Монгол Улсын үед зүүн Хуучидын Сэлнэнтожил ван харьяат иргэнээ дагуулж Монгол улсад ирсэн нь Богдын харьяа шавь одоогийн Хэнтий аймаг, Сүхбаатар зэрэг аймгийн нутгаар суурьшсан байна. 1945 оны чөлөөлөх дайны дараа баруун Хуучидын олонх айл өрх нь засаг ноён Жүгдэржолмугийн удирдлагаар Монгол улсад нүүдэллэн ирж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд нутаглажээ. Хуучид гаралтай хүмүүс Монгол улсын Улаанбаатар хот, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг мөн Өвөр Монголын зүүн, баруун Үзэмчин, Шилийн хот зэрэг газар орноор тархан суурьшиж байна.

Холбоотой өгүүлэл засварлах

Эшлэл засварлах

  1. http://cyrillic.surag.net/?p=270
  2. http://cyrillic.surag.net/?p=270
  3. Монголчууд Хөгшин хув ямаагаар Цахарыг төлөөлүүлдэг.
  4. http://cyrillic.surag.net/?p=270
  5. “Эрдэнийн товч” , Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо , тал 395, 1980 он