Холбоотон гурван гүрний удирдагчдын Тегераны уулзалт

Холбоотон гурван гүрний удирдагчдын Тегераны уулзалт буюу Тегераны Бага хурал- (англи. Tehran Conference) Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы буюу Тэнхлэгийн гүрнүүдийн эсрэг Холбоотны эвсэлийг бүрдүүлэгч нараас голлох гурван улсын тэргүүн ЗХУ-ын И.В.Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нарын 1943 оны 11-р сарын 28-наас 12-р сарын 1-нд Ираны нийслэлТегеран хотод хийсэн уулзалтыг хэлдэг. Тегераны Бага хурлаар Германы эсрэг Холбоотнуудын харилцан ажиллах үндсэн зарчмуудыг хэлэлцэн тохиролцсон байна.

Бага хурлын бэлтгэл засварлах

Бага хурлыг Тегеранаас өөр Каир (Черчиллийн санал болгосоноор), Стамбул болон Багдад хотуудад хийх төлөвлөгөө байсан. Бага хурлыг «Эврика» (Eureka) гэж нууц нэрээр нэрлэж байжээ. 11-р сарын сүүлчээр И.В.Сталин Москва хотоос № 501 дүгээр галт тэргээр Москва-Сталинград-Баку чиглэлд маш нууцаар гарсан байна. Баку хотоос Тегеран руу төлөөлөгчид 27 сөнөөгч онгоцоор хамгаалуулсан хоёр нисэх онгоцоор гарсан байна. Рузвельт алжирын Оран боомтод линкор /цэргийн усан онгоц/ «Айова»-оор ирээд Черчилльтэй Каирт уулзаж 11-р сарын 28-нд Тегеранд ирсэн байна. Бага хурал 1943 оны 11-р сарын 28-ны өдрийн 16:00 цагт эхлэж 12-р сарын 1-нд өндөрлөсөн юм. Энэ Бага хурлаар И.Сталин, Ф.Рузвельт нар анх удаа нүүр тулан уулзсан юм.

Оролцогсод засварлах

ЗХУ-ын талаас: ЗХУ-ын Ардын Комиссаруудын Зөвлөлийн дарга И.Сталин, ЗХУ-ын Гадаад хэргийн сайд В.Молотов, ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд, маршал К.Ворошилов.

АНУ-ын талаас: Ерөнхийлөгч Ф.Рузвельт, Ерөнхийлөгчийн зөвлөх Харри Хопкинс (англи. Harry Lloyd Hopkins, 1890-1946), ЗХУ дахь Элчин сайд Уильям Харриман (англи. William Averell Harriman; 1891-1986).

Их Британий талаас: Ерөнхий сайд У.Черчилль, Гадаад хэргийн сайд Энтони Иден (англи.Robert Anthony Eden, 1897-1977), Ерөнхий сайдын цэргийн ахлах зөвлөх Хастингс Исмэй (англ. Hastings Lionel Ismay, 1887-1965).

Бага хурлаар хэлэлцсэн асуудлууд засварлах

  • Холбоотнууд Францад хоёр дахь фронт нээх боломж (мөн Их Британийн санал болгосон "Балканы стратеги" -ийг хүлээж аваагүй) хэлэлцсэн. Англи-Америкийн тал "Оверлорд" /Overlord/ ажиллагаа эхлэх өдрийг 1944 оны тавдугаар сар гэж урьдчилсан байдлаар тогтоосон. Сүүлд энэ хугацааг 1944 оны 6-р сарын 6-ны өдөр болгон хойшлуулсан.
  • Иранд тусгаар тогтнол олгох асуудлыг ("Ираны тухай тунхаг") хэлэлцэв.
  • Польшийн асуудлыг шийдэх эхлэл тавигдсан.
  • Нацист Германыг ялсны дараа ЗСБНХУ, Японтой дайн эхлүүлэхийг тохирсон.
  • Дайны дараах дэлхийн бүтцийн ерөнхий дүр зургийг анх тодорхойлсон.
  • Олон улсын аюулгүй байдал, тогтвортой энх тайвныг хангах асуудлаар үзэл бодлын нэгдмэл байдалд хүрсэн (НҮБ-ыг үүсгэн байгуулах) .