Хачиун (Хачиун алчи) бол Чингис хааны дүү, Есүхэй болон Өэлүн хоёрын дундаас гарсан гуравдахь хүүхэд байсан юм.

"Монголын нууц товчоо"-д:

„Тэмүжинийг есөн настай байхад Зочи-Хасар долоон настай, Хачиун алчи таван настай, Тэмүгэ отчигин гурван настай, Тэмүлүн өлгийтэй байсан бүлгээ“

гэсэн байдаг. Дээрээ хоёр ахтай хүүхэд байсан учраас түүнийг “айлын Алчидай” гэж өхөөрдөн дууддаг байжээ. Иймд Нууц товчоонд болон бусад түүхэн эх сурвалжид Хачиун алчи, эсвэл Алчидай гэж нэрлэсэн байдаг. Түүний хүү Алчидайн (Илжигдэй) үед түүний угсаа нилээн нэр төртэй болж ирсэн.

Тэмүжиний өөр хоёр дүү Хасар, Тэмүгэ нар том ахынхаа үйл хэрэгт дотны хамтран дэмжигч байсан тухай Нууц товчоонд дурьдах нь олон байдаг бол Хачиуны тухай заах нь ховор. Ялангуяа Чингис хааны хожим төрийн эрх барьж буй үеийн тухай бичээст Хачиуны тухай бараг байхгүй. Иймд Хачиун залуудаа насан өөд болсон байж болох юм гэсэн таамаглал байдаг. Гэхдээ тэрээр 1207 онд гэхэд лав амьд байжээ: бүх Монголын эзэн хаан, төрийн бүрэн эрхт захирагч болсныхоо дараа Чингис хаан төрийн хэрэг явдлыг зохицуулан байгуулах үед хамгийн ойр төрлийн хүмүүсээсээ эхлэн газар нутаг, албат хамжлага өгөхдөө Хачиунд эрэмбэ дарааллаар долоо дахь хүн болгон өгчээ (эх Оэлүн, отгон дүү Тэмүгэд нэг өрхийн хувьд, дараагаар нь өөрийн 4 хүүдээ, дараагаар нь доорхи дүү Хасар, тэгээд удаахь дүү Хачиунд гэсэн дарааллаар).[1] Отгон дүү Тэмүгэ нь хүүхэд ба өсвөр насандаа ээж, ах нараараа эрхлүүлсэн, тансаглах хандлагатай байснаас гадна Чингис хаан түүнд хамгийн их газар нутаг, хамгийн олон тооны хамжлагын иргэдийг хайрласан зэргээс харахад Хачиун нь ах Хасартайгаа илүүтэй дотно, сайн харьцаатай байсан байх гэж таамагладаг.

Эшлэл засварлах

  1. "Монголын нууц товчоо", 242-р хэсэг