Тяньаньмэний талбай

Тяньаньмэний талбай (Хятад: 天安门广场, Тэнгэрийн амгалан хаалга) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл Бээжин хотын төвд байрладаг. Анх 1651 онд төлөвлөн барьсан бөгөөд хэмжээгээрээ дэлхийн хамгийн том нийтийн талбай гэж үздэг.

Хориотой хотоос тусгаарласан хаалганы нэрээр нэрлэгдсэн уг талбай дээр 10 мянган хүний багтаамжтай Бүх Хятадын Ардын хурлын Ордон, Үндэсний Дуурийн Их театр болон Мао Зэдуны бунхан, Хятадын үндэсний музей болон Ардын баатруудын хөшөө дурсгалууд байрладаг байна. Үүнээс гадна тус талбай дээр БНХАУ-ыг зарлан Тунхагласан зэрэг тус улсын олон түүхэн үйл явдал болж байсан юм.  

Талбайд болсон үйл явдлууд засварлах

1976 оны 4-р сарын 4-5-ны өдрүүдэд ХКН-ын удирдагчдын нэг Жоу Эньлайг нас барсантай холбогдуулан жагсаал цуглаан талбай дээр болоход эрх баригчид хүчээр тараасан.

1989 оны 6-р сард тус улсын Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж иргэд энд жагсаал хийж, олон зуун энгийн иргэн амиа алдсан гэдгээр нь дэлхий нийт илүү сайн мэддэг болсон юм.

2001 оны 1-р сарын 23-нд тус талбай дээр Хятадын Засгийн газрыг эсэргүүцэж хэсэг иргэн өөрийгөө шатаасан үйл явдал мөн болсон юм.

 
Бээжин хот, Тяньаньмэний талбай

“5 дугаар сарын 4-ний хөдөлгөөн” Хятадад 1917-1921 онд гарсан оюуны хувьсгал ба нийгэм-улс төрийн шинэчлэлийн хөдөлгөөн мөн энэ талбайтай холбоотой байдаг юм. Энэхүү хөдөлгөөн нь үндэсний тусгаар тогтнол, хувь хүний эрх чөлөөл, нийгэм, соёлыг сэргээхэд чиглэгдэж байжээ.

Талбайн умард хэсэгт байрлах Хятадын Төрийн далбааг нар мандах үед мандуулж нар жаргах үед буулгадаг ёслол үйлддэг.

Талбайн урт 880 метр, өргөн 500 метр бөгөөд нийт талбай 440 мянган м² ажээ.