Тариалан сум (Увс)

Тариалан нь Увс аймгийн нэгэн сум.

Тариалан сум
ᠲᠠᠷᠢᠶ᠋ᠠᠯᠠᠩᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Увс
Байгуулагдсан1925 он
Хүн ам
 (2022)
  Нийт 4,125
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)

Түүх засварлах

Тус сум анх Дөрвөд далай хан аймгийн Зоригт хааны хошууны Алтан тээл сум нэртэйгээр 1925 онд байгуулагдаж, 1934 онд Увс аймгийн Тариалан сум нэртэй болжээ.

Газарзүй засварлах

Тариалан сум нь Алтайн нурууны салбар уулс болох Мөнх цаст Хархираан уулсаас Увс нуур хүртэл үргэлжилсэн 247,9 мянган км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Увс аймгийн Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Ховд, Улаангом сумуудтай хиллэдэг. Улаанбаатар хотоос 1344 км, Улаангом хотоос 31 км алслагдсан, газар нутгийн хувьд ерөнхийдөө өндөрлөг, далайн түвшнээс дээш 1600-4200 м-т оршдог, эрс тэс уур амьсгалтай. Хархираа, Түргэний болон Цагаан салаа, Харгайт, Гурван хороо, Бургастай, Орлого, Намир зэрэг том жижиг голууд, Их бага Адуун нуур, Яст, Шар, Хар зэрэг нууруудтай. Буга, янгир, аргаль, ирвэс, шилүүс, дорго, нохой зээх, гахай зэрэг ховор амьтад нутаглаж, агь, ерхөг, арц, таана, хөмүүл, сонгино, тошлой, үхрийн нүд, нохойн хошуу, тэхийн шээг зэрэг эмийн болон бэлчээрийн ургамал ургадаг.

Хүн ам засварлах

2016 оны байдлаар 904 өрх, 3873 хүн амтай, үүнээс 0-18 насны хүүхэд 1476, 60-аас дээш насны ахмадууд 211, хөдөлмөрийн насны 2186 хүн амьдардаг. Хүн амын 89,3% нь үндэсний цөөнх хотон ястан болно.

Эдийн засаг засварлах

Эдийн засгийн голлох салбар нь нүүдлийн мал аж ахуй, ардын уламжлалт газар тариалан юм. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Мал аж ахуй засварлах

Тус сум 126,293 толгой малтай.

Уул уурхай засварлах

Тус сумын газар нутаг алт, нүүрс, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялгаар элбэг бөгөөд одоо алтны нөхөн сэргээлтийн 4, нүүрсний 2 компани тус тус олборлолт хийж үйл ажиллагаагаа явуулж байна.

Газар тариалан засварлах

1980 онд ашиглалтад орсон 2000 га талбай усжуулах хүчин чадалтай, 15 км урттай, газар доогуурх хоолой бүхий бороожуулах төхөөрөмж ашиглан жилд 300-450 га талбайд усалгаа хийж байна.

Дэд бүтэц засварлах

Дулаан хангамж засварлах

Сумын төвийн төсөвт байгууллагууд тус тусдаа бага оврын уурын зуухаар дулаанаа хангадаг. Үүнд, ахлах сургуульд 5, эрүүл мэндийн төвд 2, Хархираа бага сургуульд 1, цэцэрлэгт 2, ЗДТГазарт 1, Соёлын төвд 1, нийт 12 уурын зуух ажиллаж байна. Гал тогоо бүхий газрууд гар галлагаагаар үйл ажиллагаа явуулж байна.

Зам тээвэр засварлах

Аймгийн төвөөс сум хүртэл нийт 31 км шороон замаар явдаг. Хөдөөгийн 4, сумын төвийн 2 баг нь мөн хоорондоо шороон замаар холбогддог.

Эрчим хүч засварлах

Тариалан сум нь Баруун бүсийн эрчим хүчний систем /ББЭХС/-ээр дамжуулан, ОХУ-ын импортын цахилгаан эрчим хүчээр хангагддаг.

Усан хангамж засварлах

Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 5 гүний худаг, Хархираа багт 1 гүний худагтай. Хөдөөгийн айл өрхүүд худаг, гол мөрнөөс болон булгийн усаар эх үүсвэрээ хангадаг.