Сормуус — нүдний зовхины үзүүрээр ургах үс. Хүний дээд зовхины сормуус 2, 3, 4 эгнэн ургадаг учраас урт, өтгөн байдаг. Доод зовхины сормуус дан буюу давхар эгнээ ургадаг учраас богино, тачир байдаг. Сормуус нь байнга, тэгэхдээ нэгэн зэрэг бус мэдэгдэмгүй унаж ургаж байх жамтай. Сормуус 6-7 сард л солигдоно. Урт өтгөн хар сормуус нь нүдэнд өнгө оруулж, царай аятайхан болгоно. Зовхины зарим өвчин, мэдрэлийн өвчнөөр сормуус ургалт алдагдах нь бий. Тийм үед бол сормуус шингэрдэг, эсвэл бүр унадаг.