Сант сум (Өвөрхангай)

Сант нь Өвөрхангай аймгийн сум юм. Нутаг дэвсгэр нь 256406 га, хүн амын тоо нь 3878. Төв нь Улаанбаатар хотоос 400 км, Арвайхээр хотоос 110 км зайтай оршдог Майхан нэртэй суурин. Талархаг гадаргатай, Нарт, Зодох, Чих, Өгзөг зэрэг далайн түвшнээс дээш 1509 м-1724 м өндөрт өргөгдсөн уулстай. Нэгдүгээр сарын дундаж температур (-7,0)-(-15,8) долоодугаар сарын дундаж температур +11,8-+19,8 , жилд дунджаар 150-200мм тунадас унадаг. Нунтаг хүрэн, мараалаг, нимгэн, цайвар хүрэн хөрс зонхилдог. Хужир, мараа элбэг. Жижиг бутлаг үетэн, хялгана, бут сөөг, харгана, алаг өвс, ботуул зонхилсон хээрийн ургамалтай. Тарвага, туулай, үнэг, мануул зэрэг амьтадтай. Сант сум 2001 оны байдлаар 126,7 мянган малтайгаас тэмээ 801, адуу 5685, үхэр 2096, хонь 70,4 мянга, ямаа 47,7 мянга байв. Сургууль, эмнэлэг, соёл, худалдаа үйлчилгээний газартай. Зээрэнгийн хийд, Олон хөшөө, Цагаан дэлийн дөрвөлжин булш зэрэг түүх соёлын дурсгалт газруудтай.

Сант сум
ᠰᠠᠩᠲᠤᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Өвөрхангай
Үүсгэн байгуулагдсан1931 он
Газар нутаг
  Нийт2,564 км2 (990 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,357
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Түүх засварлах

Сант сум 1931 онд байгуулагдсан. Тус суманд 1956 онд Мандах нэгдэл 16 өрх, 1346 толгой малтай байгуулагдсан, эдийн засгийн хүчин чадлын хувьд бэхжиж, 84,7 мянган малтай болсон. 1992 онд Мандах хувьцаат компани болон мал хөрөнгөө гишүүддээ хувьчилсан байна. 1997 онд зохион байгуулалтаа өөрчлөн Сант-Мандах нэртэй ХХК болсон бөгөөд малчид иргэдэд үйлчлэн жилдээ 125 сая төгрөгийн ажил үйлчилгээ явуулдаг, 2-10 тонн ноолуур, 50-80 мянган тонн уртын ноос, 10-20 тонн мах бэлтгэж харилцагчиддаа нийлүүлдэг.

Соёл, боловсрол, үйлчилгээний газрууд засварлах

Тус суманд 1955 онд байгуулагдсан 15 ортой дээд, дунд мэргэжлийн эмч, мэргэжилтнээр хангагдсан хүний их эмчийн салбар, 1971 онд байгуулагдсан холбооны орчин үеийн техникээр тоноглогдсон аймаг, хотуудтай телефоноор харьцдаг, үндэсний нэвтрүүлэгийн интелсат систем, Оросын нэвтрүүлэгийг Орбитын станцаас шууд үзүүлэх холбооны салбартай. Банкны салбар 1974 онд, цаг уурын харуул 1938 онд тус тус байгуулагджээ. Мөн мал эмнэлэг зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Арван жилийн сургууль нь 1940 онд Тагна гэдэг газар 2 эсгий гэрт 2 багш 1 галчтай 40 гаруй сурагчтай байгуулагдсан. 1967 оноос бүрэн бус дунд боловсрол эзэмшүүлэх сургалттай болсон. Хүүхдийн цэцэрлэг нь 1962 онд 2 багш, ажилчинтай, 17 хүүхэдтэй байгуулагдан одоог хүртэл ажиллаж байна.

Соёлын байгууллага 1945 онд Улаанбулан, 1971 онд клуб, 1991 онд соёлын өргөө, 2001 оноос Нутгийн Иргэдийн Хөгжлийн Төв болж зохион байгуулагдан 200 хүний суудал бүхий байртай, 12 мянган номтай номын сантайгаар тус тус үйл ажиллгаагаа явуулж байна.

Сүм хийд засварлах

Зээрэнгийн хийд: Гурван дугантай, 100 гаруй лам хуваргатай хийд байжээ.

Газар зүй засварлах

Уул нуруу засварлах

  • Бухтын нуруу: Сант сумын төвөөс зүүн урагш Х.Ө. 45-ын орчимд орших намхан нуруу.
  • Домбонгийн говь: Дундговь аймгийн Сайхан овоо, Өвөрхангай аймгийн Сумын зааг нутагт далайн түвшнээс дээш 1325 м өндөрт орших нуруу.
  • Зодохын нуруу: Сант сумын төвөөс баруун хойш орших далайн түвшнээс дээш 1635 м өндөр өргөгдсөн уул.
  • Өнөцаг уул: Хангайн нурууны зүүн өмнөд захад орших далайн түвшнээс дээш 1721 м өндөр өргөгдсөн тахилгатай уул.
  • Улаан чихийн хоолой: Тус аймгийн нутгийн өмнөд хэсэгт үргэлжлэх уудам хөндий хоолой.
  • Эмээлтийн нуруу: Сант сумын төвөөс урагш орших далайн түвшнээс дээш 1543 м өндөр өргөгдсөн уул.

Эшлэл засварлах