Оксфордын англи хэлний толь бичиг

Оксфордын англи хэлний толь бичиг (англи. The Oxford English Dictionary, OED), Оксфордын толь, Оксфордын Их толь бичиг - Оксфордын Их сургуулийн хэвлэх үйлдвэрээс гаргадаг, англи хэлний үндсэн түүхэн толь бичиг. Уг толь бичиг англи хэлний түүхэн хөгжлийг харуулсан, эрдэмтэн судлаачдын гарын авлага болдог байна. Тус хэвлэх газрын хамгийн алдартай бөгөөд том англи хэлний академик толь бичиг юм. 2005 оны хэвлэлд 301,100 орчим өгүүлэл (350 сая тэмдэгт) багтсан. Энэхүү толь бичиг нь анхны ерөнхий редактор Жеймс Мюррейгийн нэрээр "Мюррейн толь бичиг" (Murray’s) гэсэн албан бус нэрээр мөн алдартай.

Оксфордын англи хэлний толь бичиг

Уг толь бичгийн анхны цахим хувилбар 1988 онд гарсан. Онлайн хувилбар нь 2000 онд гарсан бөгөөд 2014 оны дөрөвдүгээр сарын байдлаар сар бүр хоёр сая гаруй хүн цахим хувилбарт зочилсон байна.

Толь бичгийг 1857 онд Лондоны Филологийн /Хэл судлалын/ нийгэмлэг анх зохиосон. 1859 онд англи хэлний шинэ толь бичгийг хэвлэх нарийвчилсан санал хэвлэхэд боловсруулан бэлэн болгож байжээ. Жэймс Мюррей редактороор томилогдон ажилласан бөгөөд Хенри Брэдли, Уильям Крэйги нар мөн толь бичиг дээр хамтран ажилласан байна.

1884 оны 2 дугаар сарын 1-нд "Түүхийн зарчмууд дээр тулгууралсан англи хэлний шинэ толь бичиг" (англ. «New English Dictionary on Historical Principles», NED) нэртэй анх хэвлэгдэж байжээ. 1895 оноос хойш хавтас дээр давхар "Оксфордын англи хэлний толь бичиг" (англи. «Oxford English Dictionary») гэж бичиж эхэлжээ. Уг бүтээл нь нийт 10 боть бөгөөд 1928 он хүртэл хэвлэгдсэн байна.

1933 онд уг толь бичгийг дахин хэвлүүлж, нэг боть нэмэлттэй 12 боть болжээ. Тэр үеэс одоогийн "Оксфордын англи хэлний толь бичиг" гэгдэх болжээ.

Оксфордын англи хэлний толь бичгийн 2 дахь хэвлэл.

1971 онд жижиг үсэг ашигласан, хоёр боть бүхий жижиг хэвэлсэн ном гарсан юм. 1989 онд энэхүү толь бичгийн хоёр дахь хэвлэлийг 20 боть болгон хэвлүүлсэн ажээ.

Бүрэн шинэчилсэн хувилбар 2017 онд цахим хэлбэрээр гарсан. Одоо гурван сар тутамд толь бичгийн шинэчлэлтүүд гарч, тэдгээрт байгаа оруулгуудыг засаж, шинээр гарсан үгс нэмдэг болжээ.

Оксфордын толь бичгийн үгийн санд 1150 оноос хойш англи хэлний утга зохиолын болон ярианы хэлэнд байгаа бүх үгсийг багтаасан болно. Энэ нь тэдний этимологи, семантик, зөв ​​бичих, үг хэллэг, дүрмийн дэлгэрэнгүй тайлбарыг өгдгөөрөө онцлог юм.