Михаил Лермонтов

Михаил Юрьевич Лермонтовын (1814-1841) эцэг нь Юрий Петрович Лермонтов (1787-1831) цэргийн огцорсон ахмад байв. Эх Мария Михайловна Арсеньева (1795-1817) нь айлын ганц охин. Лермонтов Москвад төрөөд Пятигорскд нас баржээ. МЮ-гийн бага нас нь Пенза губерны Тархан сууринд ээжийн нь ээж буюу эмэг эх Е.А. Арсеньевагийн өнгөрчээ. Тэр төрөөд хэдхэн сартай байхдаа л эмэг эхийнхээ эдлэн газар иржээ. Тэр хүүхэд насандаа Кавказын рашаан усанд гэрийхэнтэйгээ гурван удаа /1818, 1820, 1825 онд/ явж байжээ. 1827 онд эмэг эхийнхээ хамт Москвад ирж, 1828 онд Москвагийн их сургуулийн дэргэдэх дотуур байртай пансион сургуулийн 4-р ангид оржээ. Чухам энэ үеэсээ л тэр шүлэг бичиж эхэлсэн ажуу. Тийн 1828 онд “Черкесүүд”, 1829 онд А.с.Пүүшкинийг дуурайн “Кавказд олзлогдогч” найраглалуудаа бичсэн бөгөөд мөн энэ ондоо, насан туршдаа засч бичсэн “Шулам” найраглалынхаа анхны нооргийг гаргажээ.
Тэр пансион сургуульд 2 жил суралцаад сургуулиа төгсөөгүй боловч Москвагийн их сургуулийн улс төр- зан суртахууны ангид 1830 онд элсэн оржээ. Гэвч хайр сэтгэлээ өгч байсан бүсгүй нь Петербург шилжсэн учир 1832 онд сайн дураараа сургуулиасаа гарч, Петербургийн их сургуульд шилжин суралцах гэсэн боловч, МИС-д үзсэн хичээлүүдийн нь шалгалтыг дахин авна гэсэн учир дургүйцэж, өөрийн хамаатан Столыпиний ятгаснаар Морьт торгон цэргийн бага дарга нарын сургуульд орж 1834 онд уг сургуулиа төгсөөд Хаан сууринд алба хааж эхэлсэн.
Энэ үедээ тэрбээр уран бүтээлээ үргэлжлүүлэн туурвисаар байлаа. Тэр Москвагийн их сургуульд байхдаа Н.Ф. Ивановад зориулсан мөчлөг шүлэг бичжээ. 1830 онд “испанчууд” найраглал, “ Хүмүүс ба шунал” драм бичив. Тэр цэргийн сургуульд байхдаа “Вадим” роман дээрээ нууцаар ахжиллаж байлаа. Энэ нь 1832-1834 оны үе юм. Энэхүү романы гол баатар нь хэт их романтик сэтгэлтэй бөгөөд зохиогч урлах аргазүйг бүрэн эзэмшээгүй байсан үе хэдий боловч Пугачёвын бослогын нэг үеийг харуулснаараа лермонтовын уран бүтээлийн түүхэнд чухал байр эзэлдэг.
Тэр сургуулиа төгсөөд Петербургийн дээдсийн хүрээлэнгийн амьдралд хөл тавин орж, бүжигт найр наадам, багт наадамд байнга оролцдог болсон юм. Тэр энэхүү амьдралаас сэдэвлэн 1835 онд “Багт наадам” жүжгээ бичив. Гэвч энэ жүжгээ тайзан дээр тоглуулах гэж оролдоод чадаагүй. “Уншлагын номын сан” цувралаар 1835 онд “хаджи абрек” романтик найраглал нь зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хэвлэгдсэн. 1836 онд “вангийн хатан Лиговская” дуусгаж амжаагүй туужаа бичиж эхэлсэн бөгөөд энэ туужид анхлан Печорины дүрийг гаргасан. Энэ тууж дахь МЮ-гийн өөрийн нь намтартай холбогдолтой зүйлс нь насан туршдаа сэтгэлээ өгсөн В.А. Лопухинатай холбоотой юм.
1837 оны нэгдүгээр сард А.С.Пүүшкин дуэльд алагдсан нь М.Ю.Лермонтовыг Оросын тэргүүн зэргийн яруу найрагчийн суудалд нэг л өглөө аваачаад тавьчихсан.Энэ нь МЮ-гийн “Яруу найрагчийн үхэл” шүлгээс нь үүдэлтэй. Энэ шүлэг олон талаар Лермонтовын амьдралд нөлөөлж түүний хувь заяаг хөтөлсөн билээ.
Энэ шүлгийн эхний хэсгийг гар бичвэрээр тарааж байсан бөгөөд лермонтов дараа өдөр нь сүүлчийн 16 мөрийг гүйцээн бичсэн бөгөөд чухамхүү энэ хэсэг л нэгдүгээр Николай хааны дургүйцлийг маш их хүргэсэн юм. Энэ хэсэгтээ лермонтов зөвхөн алуурч Дантесийг төлдитйгүй хаант засгийг, тэдэнд долдойлогчдын үнэн дүр төрхийг илчилж шүүмжилсэнд хаан их уурласан юм. Тэгээд МЮ-г ийм шүлэг бичсэний нь учир Доод Новгородод шилжүүлэн алба хаалгах болсон бөгөөд энэ анги нь Кавказд сунжирсан байлдаан хийж, байсан учир тэндээс амьд буцаж ирэх магадлал тун бага байсан юм. Тэр 1837 оны гуравдугаар сарын 19-нд шинэ газраа алба хаахаар явжээ. Эмэг эх нь болон Жуковский зэрэг хүмүүс хөөцөлдсөний дүнд 1838 оны дөрөвдүгээр сард урьд нь алба хааж байсан Хаан тосгон дахь ангидаа буцаж иржээ. Тэр энэ үедээ “Иван васильевич хааны тухай дуулал...”, 3Тамбовын нярав” зэрэг томоохон бүтэлүүд “Бородино”, “Бодрол”, “Яруу найрагч”, “чи нжаал” зэрэг алдартай олон шүлгээ бичээд байлаа. 1839 онд “Банди” найраглалаа бичиж, “Шулам “ найраглал дээрээ үргэлжлэн ажилласаар байв. 1839 оноос “Бэла”, “фаталист”, 1840 оны хоёрдугаар сард 3Тамань” тууж нь хэвлэгдээд 1840 оны дөрөвдүгээр сард эдгээр туужуудаа нэгтгэн зарит шинэ бүлэг нэмээд “Манай үеийн баатар” нэртэй роман болгон хэвлүүлсэн байдаг.
Ийнхүү “манай үеийн баатар” роман нь хэвлэгдэж байсан эн үеэр Лермонтов Францын элчийн хүү Э.Баранттай дуэль хийсний учир дахин шийтгэгдэхэд тулаад байлаа. Дуэль 1840 оны хоёрдугаар сарын 18-нд болсон юм. Түүнийг Кавказд хоёр дахь удаагаа цөлөх шийдвэрийг цэргийн шүүх гаргасан бөгөөд энэ нь мэдээж нэгдүгээр Николай хааны шууд заавраар оноосон шийтгэл болой. Тэр мөрдөн байцаагдаж байхдаа “Сэтгүүлч, уэншигч, зохиолч” гэдэг алдарт шүлгээ бичсэн юм. Энэ удаад Лермонтовыг Тенгиний явган цэргийн хороонд алба хаалгахаар шийтгэв. Энэ анги Кавказын байлдаанд оролцохоор бэлтгэгдэж байв. Морин цэргийн офицер хүнийг явган цэрэгт шилжүүлсэн нь маш том доромжлол юм. Тэр тавдугаар сарын эхээр ни йслэлээс гарч тавдугаар сарын сүүлч хүртэл москвад байгаад зургадугаар сарын 10 гэхэд Ставрополь хүрч, зургадугаар сарын сүүлч гэхэд Кавказд хүрч Грозный хавийн фронтод очсон байлаа. МЮ Кавказд хэд хэдэн тулалдаанд эр зоригтой тулалдаж цэргийн командлал нь түүнийг “Алтан сэлэм” зэрэг шагналд тодорхойлж байсан боловч Николай хаан тэрхүү тодорхойлолтыг үзээд дарга нарыг нь загнаж шагналаас хасч байв.
1840 оны аравдугаар сард МЮ-гийн “Шүлгүүд” гэсэн бяцхан түүвэр хэвлэгдсэн бөгөөд түүндээ яруу найрагч нэлээд хатуу сонголт хийн 22 шүлэг, “Иван васильевич хааны тухай дуулал”, “Банди” гэсэн хоёрхон найраглалаа оруулсан байлаа. 1841 оны дөрөвдүгээр сард амралтаараа Петербургт ирсэн боловч, Николай хаан нэгэн газар болсон бүжигт наадам дээр Лермонтовыг олж харчихаад 48 цагийн дотор нийслэлийг орхин ангируугаа буюу Кавказруу явах тушаалыг өгүүлсэн юм. Тийн тэр Москвагаар дамжин Кавказруу явах замдаа “Прощай, немытая Россия...” гэдэг шүлгээ бичиж нэгэн танилдаа өгсөн бөгөөд би удахгүй үхнэ гэсэн үгийг байнгад хэлж байжээ. Ангируугаа явах замдаа Пятигорск хотод хуучны танил Н.с. Мартыновтой муудалцан 1841 оны долдугаар сарын 13-нд дуэль хийж, их л учир битүүлгээр алагдсан юм. Орчин үеийхэн нь энэхүү тулааныг дуэль биш, урьдаас зохион байгуулсан аллага хэмээн үздэг юм. Одоо ч энэ дуэлийн олон зүйл тодорхойгүй хэвээр байсаар байдаг ажгуу.