Лумпенпролетариат

Лумпенпролетариат (Герман: Lumpenproletariat ˈlʊmpn̩pʁoletaˌʁi̯aːt - орч. анги нийгмийн ухамсаргүй доод давхарга) - эдийн засгийн хувьд баталгаагүй нийгмийн амьдралаас хөөгдсөн эсвэл тусгаарлагдан хасагдсан хүн амын хэсэг бүлэг гэж Карл Марксын нэвтрүүлсэн нэр томьёо. Энгийн үгээр бол "Лумпен" гэдэг нь ямар ч өмч хөрөнгөгүй, ажил мэргэжилгүй, тохиолдлын ажил хийж амьдардаг, төр нийгмийн халамжийг янз бүрийн хэлбэрээр ашигладаг хүнийг хэлнэ.

Лумпен бол нийгмийн гарал үүсэлгүй, ёс суртахууны зарчимгүй, тухайн үед бодит эрх мэдэлтэй байгаа хүчтэй этгээдийг үг дуугүй дагахад бэлэн хүмүүсийг хэлдэг байна.

Нийгмийн аль ч давхаргад харьяалагддаггүй нийгмийн гишүүд гэж хэлж болно. Эдгээрт архаг ажилгүй, хоригдлууд, сэтгэцийн өвчтэй хүмүүс, гуйлгачин, тэнүүлчид буюу янз бүрийн шалтгааны улмаас нийгмийн хөдөлмөрийн хуваарилалтад биечлэн оролцдоггүй төлөөлөгчид юм.

Аливаа иргэний нийгэм нь хөрөнгөтөн аж үйлдвэрлэлийн хэв маягаас шалтгаалж цэвэр эдийн засгийн шалтгаанаар гишүүдээсээ лумпенүүдийг байнга бий болгодог бөгөөд иймээс дэлхийн нэг ч капиталист улс хүн амаа лумпэнчлэхээс хамгаалж чаддаггүй гэж К.Маркс үзэж байжээ.

Мөн энд Лаццарони - (Италид 19 дүгээр зуунд нийгмийн хамгийн доод давхаргынхныг хэлдэг байсан), Прекариат - баталгаагүй нийгмийн анги, Нийгмийн ёроол/ хог шаар - зэрэг ойлголт ордог байна.