Лениний одон


Одон

Одонгийн бүч

Лениний одон (Орос: Орден Ленина) нь Владимир Ильич Лениний нэрээр нэрлэгдсэн Зөвлөлт Холбоот Улсын төрийн хамгийн дээд одон байсан юм.

Түүх засварлах

Лениний одонг 1930 оны дөрөвдүгээр сарын 6-нд Бүх Оросын Төв Гүйцэтгэх Хороонд анх баталснаар бий болжээ.[1]

Ажилчин, тариачны улаан армийн удирдах ерөнхий газрын дарга Н.В.Левичев дэлхийн пролетари нарын жолоодогчийн дурсгалд зориулан ийм одон бий болгох саналыг 1926 онд тавьжээ. Улаан тугийн 4 одон авсан байлдааны баатруудад Лениний одон гардуулж байхаар анх төлөвлөж байсан байна. Харин одонг “Ильичийн одон” гэж нэрлэх ёстой байж. Гэвч энэ санаа дэмжлэг олоогүй бөгөөд тэр үед иргэний дайн хэдийнээ дуусаад байсан учир, тус орны энэ дээд шагналыг цэргийнхэн төдийгүй, энгийн хүмүүс авах ёстой болжээ.

Лениний одонг дөрвөн жилийн дараа буюу 1930 оны дөрөвдүгээр сарын 6-нд баталсан байна. Санал болгосон өч төчнөөн загвараас зураач И.И.Дубасовын загварыг хамгийн шилдэгт тооцсон бөгөөд тэрбээр Лениний хөргийг буудайн түрүүгээр хүрээлүүлжээ.

Шагналыг бараг батлагдмагц ЗСБНХУ-ын комсомолын хэд хэдэн байгууллага тухайн үед 5 жилийн ойгоо тэмдэглэсэн “Комсомольская правда” сонинд 1 номерын одонг гардуулах санаачилга гаргасан байна. Зөвлөлтийн залуучуудын саналыг ёсоор болгож, тавдугаар сарын 23-нд сонин энэ дээд шагналыг хүртжээ.

Зөвлөлтийн олон жанжин болон төрийн томхон зүтгэлтэн Лениний одонгоор хэд хэдэн удаа шагнуулсан байна. Н.С.Патоличев (зөвлөлтийн төр, намын зүтгэлтэн) болон Д.Ф.Устинов (зөвлөлтийн жанжин, төрийн зүтгэлтэн) нар хамгийн олон буюу 11 удаа шагнуулжээ. ЗСБНХУ оршин тогтносон он жилүүдэд нийтдээ уг одонгоор 430 мянган удаа шагнасан байна. Бүр 1931 оны хоёрдугаар сарын 8-нд гадаадын анхны хүн Лениний одонгоор шагнагджээ. Зөвлөлтийн нүүрсний аж үйлдвэрт ажиллаж байсан Германы инженер Иоханн Георг Либхард анхны шагналтан болсон байна.

Тажикистаны пионер охин Мамлакат Нахаганова 1935 онд хөвөн хураалтын ажилд онцгой амжилт гаргажээ. 11 настай сурагч охин өдөрт 13 кг хөвөн хураахын оронд 80 кг хөвөн хурааж байжээ. Тийнхүү Мамлакат хамгийн залуу Лениний одон тэмдэгт болсон байна. 100 насныхаа ойг тэмдэглэснээс хойш 7 хоногийн дараа 1979 онд Лениний одонгоор шагнагдсан хөгжмийн зохиолч С.Ф.Людкевич хамгийн настай нь болжээ.

1933 оны нэгдүгээр сарын зөвлөлтийн “Осоавиахим-1” аэростат Мордовын нутагт сүйрчээ. Багийн гишүүн П.Федосеенко, А.Васенко, И.Усыскин нарыг Лениний одонгоор анх удаа нэхэн шагнасан байна. Зөвлөлтийн бүх 15 бүгд найрамдах улс, түүнчлэн 100 гаруй муж Лениний одонгоор шагнагджээ.

ЗСБНХУ тарж бутарснаар Лениний одонгоор шагнахаа больсон байна. Новосибирск мужийн тоосгоны заводын захирал Я.Я.Муль 1991 оны арван хоёрдугаар сарын 21-нд хамгийн сүүлчийн одонг авчээ. Лениний нэртэй одонгийн тухай материалын төгсгөлд Ильич өөрөө ямар одонгоор шагнагдаж байсныг мэдэхэд сонирхолтой байх болов уу. Тэр Бүгд Найрамдах Хорезм Ард Улсын ганцхан одонтой байсан бөгөөд Ленин түүнийг 1922 онд авчээ.

Одонгоор шагнуулсан олны танил хүмүүс засварлах

Мөн үзэх Ангилал:Лениний одон шагналтан

Цахим холбоос засварлах

  Commons: Лениний одон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. Лениний одон: Түүх ба үнэ цэн (германаар)