Коммунист намын тунхаг

Коммунист номлолыг цэгцтэй илэрхийлсэн анхны томоохон бүтээл бол К.Маркс, Ф.Энгелс нарын 1848 онд туурвисан “Коммунист намын тунхаг” (герман. Manifest der Kommunistischen Partei) зохиол юм. Тэд уг бүтээлдээ капитализмыг устган коммунизм ялах нь түүхэн жам ёсны зүй тогтолт, зайлшгүй үйл явц гэж үзжээ. К.Маркс, Ф.Энгельс нар шинжлэх ухааны социализмын тухай сургаалаа цаашид 1848-1861 оны европын хувьсгал, Парисын коммуны түүхэн туршлагад түшиглэн гүнзгийрүүлэн боловсруулсан байна. Пролетари нарын ангийн тэмцлийг зохион байгуулж удирдахад улс төрийн нам чухал үүрэгтэй бөгөөд нийгмийн хувьсгалын ялалтыг хангах, ангиудыг устгах, эцсийн зорилгод нь хүрэх явдал бол ажилчин ангийн намын түүхэн үүрэг мөн гэж К.Маркс, Ф.Энгельс нар үздэг байв.

Социалист хувьсгал бол шинэ нийгэмд хүрэх гол арга зам юм. Гэхдээ түүний ялалт нь коммунист нийгэм эдийн засгийн байгууллын эхлэл мөн. Капитализмаас коммунизмд шилжихэд шилжилтийн бүхэл бүтэн үе шаардагддаг. “Капиталист коммунист хоёр нийгмийн хооронд капитализмыг социализм болгон хувиргах хувьсгалт үе оршино.Энэ үед тохирсон улс төрийн шилжилтийн үе байх бөгөөд энэ үеийн төр нь пролетарийн хувьсгалт диктатур л байх болно." [1]

Коммунист байгууллын дээд шатны асуудлыг марксизм нэлээд авч үздэг бөгөөд үүнд хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил эцэстээ коммунизмд хүргэх бөгөөд “хүнийг хөдөлмөрийн хуваарьт зохицуулж боолчлох явдал арилснаас хойш, түүний хамт оюуны ба биеийн хөдөлмөрийн эсрэг тэсрэг байдал арилсан цагт, хөдөлмөр зөвхөн амьдралын хэрэгсэл байхаа болиод, харин өөрөө амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйл болсон цагт, хүн бүр тал бүрийн боловсролтой болж хөгжихийн хамт үйлдвэрлэх хүч бас өсөн хөгжиж, нийгмийн баялгийн бүх эх булаг дүүрэн оргилон ундрах болсон цагт, коммунист нийгмийн дээд шатанд зөвхөн тэр үед хөрөнгөтний эрхийн явцуу хүрээг бүрэн давж сая болох бөгөөд нийгэм нь туг дээрээ: “хүн бүр чадварынхаа хэрээр хийж, хүн бүр хэрэгцээнийхээ хэрээр авна”[2] гэж бичих болно хэмээн үздэг. Нийгмийн хөгжлийн талаарх К.Маркс, Ф.Энгельс нарын онолыг цаашид лавшруулан боловсруулсан гол хүн нь В.И.Ленин мөн гэж марксистууд үздэг. Иймд Марксизмыг үндэслэгчид ба Лениний онолын өвийг бүхэлд нь марксизм-ленинизм гэж томъёолон, түүнийг олон улсын коммунист хөдөлгөөн улс төрийн номлол, үзэл суртлаа болгон баримталж иржээ. Марксизмыг үндэслэгчид социалист хувьсгал өндөр хөгжилтэй капиталист хэд хэдэн оронд нэгэн зэрэг буюу бараг нэг зэрэг хэрэгжиж байж ялалтаа хангаж чадна хэмээн үзэж байсан бол В.И.Ленин тусгаар нэг орны хүрээнд тийм ялалт боломжтой хэмээн үзэж энэ үндэслэлээ Орос оронд хэрэгжүүлсэн юм.

Социалист хувьсгалын талаарх Лениний үндэслэл нь империализмын тухай түүний онолтой шууд холбоотой. Тэрээр капитализм хөгжлийнхөө дээд, эцсийн шат империалист шатандаа шилжин орлоо гэж үзэж байв. ”Империализм бол капитализмын дээд шат, шулан сорогч,ялзарч байгаа капитализм, социалист хувьсгалын угтал мөн”[3] гэсэн дүгнэлтийг В.И.Ленин хийсэн юм. Коммунист улс төрийн номлолд В.И.Лениний оруулсан өөр нэг хувь нэмэр нь шинэ маягийн намын тухай сургаал юм. Коммунист нам бол ажилчин ангийн тэргүүний отряд, үзэл санаа нэгт хүмүүсийн улс төрийн зохион байгуулалтын дээд хэлбэр гэж тэрээр үзэж байжээ. Ийм нам социалист үзэл санааны төлөө тууштай тэмцдэг, өндөр ухамсар, зохион байгуулалттай, өөртөө шүүмжлэлтэй ханддаг, хувьсгалт дайчин байх ёстой. Түүний үндсэн үүрэг бол засгийн эрхийг гартаа авах үе шатанд ч, дараа нь социализм, коммунизм байгуулах үе шатанд ч ажилчин ангийн үзэл суртал, стратеги, тактик, улс төрийн бодлогыг боловсруулж үзэл суртал, улс төрийн аргаар удирдан чиглүүлэх ролио хэрэгжүүлэхэд оршино гэж В.И.Ленин үзсэн юм.

Коммунист номлолын өөр нэг томоохон хэсэг болох пролетарийн диктатурын тухай сургаалыг В.И.Ленин гүнзгийрүүлэн авч үзсэн. Аливаа оронд социалист хувьсгал ялсны дараа капитализмаас социализмд шилжих шилжилтийн бүхэл бүтэн үе үргэлжлэх бөгөөд тэр нь эсрэг тэсрэг ангиудыг бүрэн устгах хүртэл үргэлжилдэг. Энэ үе дуусаагүй цагт мөлжигчид хуучныг сэргээх гэж зайлшгүй горьдсоор байдаг, тэгээд энэ горьдлого нь сэргээх гэсэн оролдлого болж хувирдаг. Иймд социалист хувьсгалын ололтыг хамгаалахын тулд пролетари нар өөрийн диктатур, засаглалаа тогтоохоос өөр аргагүй. Энэ диктатурын тусламжтайгаар хөрөнгөтнүүдийн хуучин ноёрхлоо сэргээх гэсэн сонирхол, оролдлогыг няцаах ёстой. Гэхдээ пролетарийн диктатур нь энэхүү хүчирхийллийн үүргээс гадна гол нь шинэ нийгэм байгуулах үүрэг гүйцэтгэх ёстой. ”Диктатур гэдэг нь шууд хүчирхийлэл дээр тулгуурласан ямар ч хуулиар баригдахгүй эрх мэдэл юм. Пролетари ангийн хувьсгалт диктатур нь байлдан олсон ажилчин ангийн хөрөнгөтнүүдэд үзүүлэх хүчирхийллээр дэмжигдсэн ямар ч хуулиар холбогдоогүй эрх мэдэл юм”[4]. хэмээн В.И.Ленин зааж байжээ. Үүний хамт социализмын талаарх В.И.Лениний баримтлал Орос орны эдийн засаг нийгэм улс төрийн амьдралын өөрчлөлтийн явцад ихээхэн өөрчлөгдөж ирсэн байна. Тэрээр 1920-иод оны үеэс социализмын талаарх өмнөх төсөөлөл, онолын үндэслэлээсээ татгалзаж асуудлыг шинээр авч үзэж эхэлсэн юм. Тухайлбал, 1920-1924 онд бичсэн бүтээлүүдээ Орос орны хувьд хөгжлийн түвшин доогуур, тариачны сэтгэл зүй давамгайлж байгаа тул социализмыг шууд бүтээн бий болгох боломжгүй байна. Иймд социалист үзэл санааг хэрэгжүүлэх хөрс дэвсгэрийг капиталист харилцааг сэргээх замаар бий болгох хэрэгтэй бөгөөд энэ утгаараа социализмыг гагцхүү нийгмийн хөгжлийн өндөр түвшинтэй холбож үзэхээс өөр бололцоогүй юм гэдгийг тэмдэглэж байжээ. Гэвч уг санаагаа бүхэл бүтэн цэгцтэй үзэл баримтлал болгон хөгжүүлж амжаагүй байна.

Социализмын талаарх коммунист номлолын нэр хүнд үүнийг практик зорилтынхоо онолын үндэс болгон хэрэгжүүлж ирсэн олон оронд өнөө үед унаж байгаа нь бодит баримт юм. Энэ нь объектив, субъектив олон шалтгаан, хүчин зүйлтэй холбоотой юм. Тухайлбал, уг номлолын нэлээд баримтлал тухайн орны түүхэн тодорхой нөхцөл байдалд нийцэхгүй байгаа, мөн практик үйл ажиллагааны алдаа нь аль алины улмаас социализм байгуулах коммунист загвар олон оронд амжилт олоогүй байна. Энэ нь манай орны онол, практикийн үйл ажиллагаанд ч бас холбогдох юм.

Коммунист номлолын хамгийн гол сул тал нь нийгмийн дэвшилд хувьсгалын үүрэг, ролийг хэт дөвийлгөөд харин хувьслын ач холбогдлыг дутуу үнэлдэгт, нийгмийн олон бүлгийн үндсэн эрх ашгийг сөргүүлэн, түүхэн дэх ангиудын тэмцлийн дэвшилтэт үүргийг туйлшруулан баримталж ирсэнд тус тус оршдог.

20-р зууны сүүлийн хагаст коммунистууд Маркс, Энгельс, Лениний үзэл санааг баримтлалаа болгон, капитализмыг халж, социализмд шилжих, социализмыг байгуулах үеийн зорилтууд юу вэ? Гэдгийг орчин үеийн нөхцөл байдалд нийцүүлэн боловсруулахад ихээхэн анхаарч ирсэн юм. Тэд коммунист нийгэм эдийн засгийн байгууллын эхний шат социализмын үед:

Эдийн засгийн салбарт: улс ардын аж ахуйг эрчимтэй хөгжлийн замд шилжүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, үйлдвэрлэлийн үр ашгийг дэлхийн дээд түвшинд хүргэх, хөдөлмөр,үйлдвэрлэлийн нийгэмчлэлийн түвшинг улам өндөржүүлэх, хоршооллын өмчийг нийт ард түмний өмчид ойртуулах.

Нийгмийн хүрээнд: хүн бүхэнд хийсний нь хэрээр хуваарилах социалист зарчмыг чанд мөрдөх, хот, хөдөөгийн хоорондын эрс ялгааг арилгах, биеийн ба оюуны хөдөлмөрийг нягт хослуулах, нийгмийн ангигүй бүтцийг бий болгох.

Улс төрийн салбарт: төрийг удирдахад олон түмнийг аль болох өргөнөөр татан оролцуулах, сонгуулийн системийг улам боловсронгуй болгох, олон нийтийн байгууллагын ролийг дээшлүүлэх, ардчиллыг гүнзгийрүүлэх замаар ард түмний өөрөө удирдах социалист ёсыг дэлгэрүүлэх.

Нийгмийн оюун санааны амьдралын хүрээнд: социалист үзэл суртлыг хүмүүсийн ухамсарт батжуулж,өндөр ёс суртахуунтай болгон төлөвшүүлэх, шинжлэх ухааны ололт, соёлын үнэт зүйлсийг нийт иргэдэд хүртээмжтэй болгох хэрэгтэй гэж үзэж байв.

Ийм зорилтыг дэвшүүлэхэд хүргэсэн онолын гол баримтлал бол үйлдвэрлэлийн хэрэгслийг нийгэмчлэх явдал эцэстээ ангийн ялгааг арилгаж ангигүй нийгэмд шилжих бололцоог хангах чухал хүчин зүйл төдийгүй тэр нь бүр коммунист байгууллын эхний шатанд таваарын үйлдвэрлэлийг үгүйсгэдэг гэсэн марксизмыг үндэслэгчдийн үзэл юм. Коммунистууд эдгээр зорилтыг нийгмийн амьдралд хэрэгжүүлэх гэж социалист гэгдэж байсан орнуудад янз бүрээр оролдож байсан боловч нэг ч оронд бүрэн хэрэгжээгүй байна.

Эдүгээ коммунист улс төрийн номлол, түүнийг хэрэгжүүлэгч субъект олон улсын коммунист хөдөлгөөн гүн гүнзгий хямралд ороод байна. Үүний нэг нотолгоо бол урьд нь социалист гэгдэж байсан 15 орны олонхи нь социализмаас татгалзаж бас коммунист номлолын нэр хүнд капиталист орнууд, хөгжиж байгаа ард түмний дотор ихээхэн унаж, эдгээр оронд коммунистуудын төлөө сонгуулийн үед санал өгөгчдийн тоо буурч, коммунист намын гишүүдийн тоо ч бас багасах болсон юм. Гэхдээ энэ хямрал зөвхөн 70- 80 аад оны үетэй холбогдохгүй бөгөөд түүний уг сурвалж бүр 1920-иод оноос тавигдсан гэж олон судлаач үздэг юм. Энэхүү хямрал нь эдүгээ коммунист хөдөлгөөний зорилго, онол, улс төрийн бодлого, стратеги, тактик, зохион байгуулалтын бүтэц зэргийг бүхэлд нь хамарч байна. Иймээс ч уг хямралыг гэтлэн давж онолын үндэслэл ба практик үйл ажиллагаагаа бүхэлд нь, орчин үеийн дэлхий дахины хөгжлийн бодит байдал, төлөв хандлагад нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлага бий болжээ.

Орчин үед коммунист онол, номлолыг шинэчлэх хандлага нь Маркс, Лениний социализмыг албан ёсоор баримталсан хэвээрээ байгаа орнуудад хүртэл бий болсон байна. Тийм онолын шинэчлэлийн үүднээс коммунист номлол дахь онол улс төрийн олон баримтлалаас ил, далд, татгалзах хандлага илрэх боллоо. Тухайлбал:

  • Социалист хувьсгал бол дэлхийн нэгдмэл үйл явц мөн гэдэг үндэслэлээс,
  • Социализм капитализм хоёр үндсээрээ эсрэг тухай, социализмын хэмжээлшгүй давуу тал, капитализмын гарцаагүй мөхлийн тухай номлолоос ,
  • Марксизм- Ленинизм бол бүхнийг мэдэж, бүхэнд хариу өгч чадах цорын ганц сургаал мэт суртал нэвтрүүлгээс,
  • Нийгмийн шударга ёс бол зөвхөн нийгмийн өмч тогтон ноёрхсон үед бололцоотой гэсэн үзлээс ,
  • Түүхийн хөгжлийн хөдөлгөгч хүч нь зөвхөн ангийн тэмцэл байдаг гэсэн үндэслэлээс тус тус ямар нэг хэмжээгээр татгалзаж байна.

Гэхдээ коммунист номлолд коммунист нам бүхэн ийм байдлаар хандахгүй байгааг тэмдэглэх хэрэгтэй юм. Коммунист сонгодог номлолд үнэнч нам, хүч, хүмүүс дэлхийн бөмбөрцгийн янз бүрийн бүс нутагт өнөөдөр ч цөөнгүй байна. Түүгээр ч барахгүй коммунист диктатурыг сэргээх гэсэн оролдлого ч гарч байгаа юм.

Ийнхүү коммунист улс төрийн номлол нийгмийн хөгжлийн явцад хувьсан өөрчлөгдөж, янз бүрийн улс орны хүрээнд өнөөдөр ч харилцан адилгүй үнэлэгдэж, түүнд хандах хандлага, шинэчлэх чиглэл ч мөн янз бүр байна. 20-р зуун эсрэг тэсрэг нийгэм улс төрийн хоёр системийн өрсөлдөөн сөргөлдөөний зуун байсан бөгөөд Оросын их хувьсгалаар эхэлсэн ангийн тэмцэл 20-р зууныг “хувьсгалын зуун” болгожээ. Коммунист нийгмийн загвар нь нарийн бүтэцтэй нийгмүүдийн хөгжлийн нөхцөлд таарахгүй, өөрийн алдаа дутагдал дээр системтэй суурилах чадваргүй ба иргэдийг өөрөөсөө маш их хэмжээгээр хөндийрүүлсэн нь түүнийг онол ба практик дээр унагасан юм. Октябрийн хувьсгалаас хойш хүйтэн дайныг дуусталхи 70 гаруй жилийн хугацаанд нийгмийн 53 хувьсгал гарч эдгээрийн 42 нь ялалтад хүрч, 11 нь ялагдал хүлээжээ. Сталин, Лениний үүсгэсэн хувьсгалын их үйл хэрэг иргэний дайнд хүргэж ахар богино хугацаанд Оросын 13 сая хүний амь аван оджээ. Түүний дараагаар КГБ-ийн шорон бөөнөөр хорих лагерь, колони цөллөгт 20 сая хүн ардын амийг авч, оросын сэхээтний давхарга бараг устжээ. Үүнтэй зэрэгцэн аж үйлдвэржүүлэлт явагдаж дэлхийн хамгийн ядуу хоцрогдсон орныг тэргүүний гүрэн болгож чаджээ. Дэлхийн 2-р дайнд орос орон 30 сая иргэнийхээ алтан амийг өргөжээ.Орос орон өөрийгөө тойруулсан 14 улсыг нэгтгэж 250 сая хүн ардыг захирч байснаа дайны дараа дахин 11 улсыг дагуулаа болгож социалист лагерь байгуулан 1.5 тэрбум хүн ардыг улаан тугийн дор нэгтгэжээ.