Болор эрих (Дундад зууны монгол хэл: Bolor erikhe, Орчин үеийн монгол хэл: Bolor erikh) нь 1776 онд Рашпунцаг гэж хүний бичсэн түүхэн сурвалж бичиг юм. Монголын үндэсний хэл бичгээрх түүхийн сурвалж дотор агуулга ба бичлэгийн арга барилаар XVII-XIX зуунд зохиогдсон монгол сурвалж дундаас онцгойрдог.

Зохиогчийн тухай засварлах

Рашпунцаг бол Чингис хааны алтан ураг, Батмөнх Даян хааны тавдугаар хөвгүүн Алчуболдын есдүгээр үеийн ач болно. Эцэг Цэрэндаржаа нь Бээжингийн Цян-чин-мэнь хаалганы шадар хиагийн албыг дөч илүү жил хашсанаас үзвэл, төрд итгэл олсон, бас ч боловсролтой нэгэн байсан бололтой. Ийнхүү Бээжинд олон жил сууж байсан нь Рашпунцагийн монгол, манж, хятад, төвөд хэлийг эзэмшин, олон хэлний судар номтой танилцахад их дөхөм болжээ. Рашпунцаг нь Арташид, Лувсанданзан гэсэн хоёр ахтай байжээ.

АНУ-ын Индиана их сургуулийн монгол судлаач доктор Христофер Этвүүд "Рашпунцаг нь хятадын түүх бичлэгийн онцлогыг монголын түүх бичлэгт оновчтой ашиглаж чадсан анхны хүн мөн юм" гэж дүгнэжээ.

Зохиолын бүтэц агуулга засварлах

Болор эрих нь Боржигин овгийн үүслээс эхлэж, Их Монгол Улс, Их Юань улсын түүхийг нилээд дэлгэрэнгүй бичиж, Билигт хаанаас Лигдэн хаан хүртэлх Монголын түүхийг дурдан өгүүлжээ.

Энэхүү түүхийн ном бол өмнөх үеийн олон сурвалж шиг хүүрнэн өгүүлэх бус, эргэцүүлэн тунгааж, зарим асуудалд өөрийн бодлоо бичиж, хятад хэлний ном бүтээлтэй харьцуулан дүгнэж тусгасан нь онцгой бүтээл болоход хүрчээ.

Хэвлүүлсэн байдал засварлах

Болор эрихийг 2006 онд Улаанбаатар хотноо Монголын түүхийн сурвалж бичгийн 30 боть цоморлигийн дотор 2 боть болгон хэвлүүлсэн. 2015 онд өмнөх 30 ботийг засварлаж, 3 сурвалж бичгийг нэмээд 33 боть болгож дахин хэвлүүлэхэд Болор эрихийг багтаасан.

 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.