Баянмөнх жонон нь (1452-1479) Тайсун хааны дүү Агваржин жононгийн хүү Хархуцаг, Ойрадын Эсэн тайшийн охин Цэцэг хатан нарын ганц хүү юм. Тэрээр Ойрадын Эсэн тайш 1452 онд Зүүн Монголын бүхий л томоохон цэргийн зүтгэлтэн, ихэс язгууртан, ноёдыг нэгэн чуулганы үеэр хядаж устгасан тэр л цаг мөчид төрж Алтан ургийн цөөн хэдэн хүний нэг болсон байсан. Эсэн тайш Хархуцаг тайжийг хорооход Цэцэг хатан 7 сартай жирэмсэн байжээ. Тэр үед Эсэн тайж Цэцэг хатнаас хүү төрвөл хорооно, охин төрвөл хүнд өгнө гэсэн байна. Цэцэг хатан хүү төрүүлэхэд Эсэн тайшийн хүмүүс хороохыг завдсан ч Цэцэг хатан өөрийн эмэг эх Самар тайху дээрээ очиж охин төрсөн хэмээн худал хэлж, охин хувцас өмсгөн 5 нас хүртэл нуужээ. Лу.Алтан товчид тэмдэглэснээр Самур тайху Баянмөнхийг 5 настайд нь Ойрадын Өгэдэй баатар, Хонгирадын Эсэлэй тайбу, Харчины Болуй тайш, Сартуулын Баяндай ахлаху хэмээх 4 хүнд өгч Монголын төв нутаг руу явуулжээ. Баянмөнхийг Урианхайн Хутагт Шигүши ноёнд өгч өсгүүлэв. Улмаар Мандуул хааны ивээлд орж Болох жонон болж баруун 3 түмнийг захирч байсан. Удалгүй түүнийг Мандуул хаан сэжиглэн Исмайл тайшд цэрэг захируулан Баянмөнхийг хөнөөлгөжээ.

Түүхэн он цагийн зөрүүд засварлах

Түүний нас барсан он цагийн талаар зарим талаар ихээхэн зөрүүтэй үзэл байдаг. Энэ бол Монгол сурвалжын тэмдэглэгдсэн хугацаа нь Мин улсын судар зэрэг түүхэн сурвалжид бичигдсэн хугацаатай зөрж байдаг. Үүнээс үүдэж одоо хүртэл гадаад болон дотоодод Баянмөнх жононг 1452-1470, 1452-1479, 1452-1487 онд амьдарч байсан тухай судлаачдын таамаглал их байдаг.

  1. Эхний хугацааг монгол сурвалжуудын жилийг орчин цагийн тоололтой тооцон гаргасан тооцоолол юм.
  2. Харин 1479 онд нас барсан гэх нь хятад сурвалжийн мэдээг үндэслэсэн байх ба Мандуул хааныг 1467 бус 1479 онтой дүйцэх хятад тоололын онд нас барсан гэж гардаг. Хятад сурвалжыг дагахад хүрвэл Мандуул хаан 1475-1479, Батмөнх хаан 1480 юмуу 1488 онд хаан болсон гэж үздэг.
  3. Мөн 1487 онд таалал төгссөн гэсэн хугацааг Даян хааныг 1488 онд Мин улсын хаанд өөрийгөө бүх Монгол улсын хаан боллоо гэдгээ явуулсан захианаас улбаалж гаргасан байгаа нь монголын түүх бичлэгт маш том зөрүү үүсгэж байгаа.
Өмнөх
Агваржин жонон
Жонон
1463-1467?
Дараах
Улсболд жонон