Зундуйн Хангал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
http://unuudur.mn/зуун-зуунд-мөнхрөх-зундуйн-хангал-гэж-хэн-байв/ нийтлэл хуулсан: 103.229.121.245 (Яриа) хэрэглэгчийн 566335 засварыг цуцлах
Tag: Undo
Мөр 25:
1948 оны 4 сарын 27-нд [[Улаанбаатар]] хотод төрсөн. 1964 оноос хөгжимчнөөр ажиллаж, 1968-1970 онд [[Зөвлөлт Холбоот Улс|ЗХУ]]-ын [[Алматы|Алма-Ата]]гийн хөгжмийн сургууль, 1970-1976 онд Свердловскийн Хөгжмийн дээд сургуульд суралцаж төгсөн хөгжмийн зохиолчийн мэргэжил эзэмшжээ. Барилгачдын соёлын ордонд хөгжимчин, ХБК-д багш, УДБЭТ, Улсын цирк-д хөгжмийн зохиолчоор ажиллаж байв.
 
''-Төгсөөгүй дуурийн эзэн тэнгэрлэг ханхүү-''
 
Монгол түмний шүтэн биширдэг хөгжмийн зохиолч Зундуйн Хангалыг Увсынхан тус аймгийн Тариалан суманд төрсөн гэх аж. Харин зарим эх сурвалж Улаанбаатарт мэндэлсэн гэх юм. Ах дүү нарынх нь төлөөллөөс асуулаа. Хөгжмийн зохиолчийн аав С.Зундуй Монголын анхны сэхээтнүүдийн нэгэн ажээ. ЗХУ-д Рабфак төгсөж, Донбассын Их сургуулийг уул уурхайн инженер мэргэжлээр дүүргэсэн түүнийг эх орондоо ирсэн цагаас нь хойш тухайн үеийн Намын төв хороо орчуулагчаар голдуу ажиллуулжээ.
 
Алгын чинээ цааснаас авахуулаад Намын их хурлуудын илтгэл ч орчуулна. Хойд хөршөөс зочид төлөөлөгчид ирэхэд угтаж тосохоос авахуулаад алхам бүрт нь хэлмэрчилнэ. Тэрээр Ю.Цэдэнбал, Майдар дарга нартай тун ойр ажилладаг шадар нь байжээ. Дотооддоо ч намын шугамаар байсхийгээд нэг, хоёр жилээр томилолтоор явдаг албат байж. 1948 онд буюу З.Хангал агсны төрсөн жил эднийх Увс аймгийн Тариалан сумын айл байсан юм билээ. Тэнд гэргий нь амаржсаныг мэдэх хүмүүс тус аймагт төрсөн гэж тэмдэглэсэн байж болох талтай.
 
Зарим нэг хүн аав нь Налайхын уурхайн даргаар томилогдож очоод байх үед З.Хангал төрсөн ч гэдэг байна. С.Зундуй гуай яагаад ч юм, гэр бүлийнхээ, ялангуяа долоон хүүхдийнхээ тухай мэдээллийг нууцламтгай хүн байжээ. Цэл залуудаа 1962 онд нөхөр нь нас барахад бэлэвсэрч хоцорсон гэргий Н.Дариймаа нь өөрийн долоо, үрчилж авсан хоёртой нийт есөн хүүхдийн гарыг ганзганд, хөлийг дөрөөнд хүргэхээр зүтгэж байхдаа охид, хөвгүүдийнхээ бичиг баримтын бүрдэлт, бичилт зэрэгт төдийлөн анхаарал тавиагүй юм болов уу, эсвэл нөхрийнхөө баримталж ирсэн зарчмаар элдэв хөдөлгөөн гэлгүй бүх хүүхдээ Улаанбаатарт төрснөөр бүртгүүлсэн үү. Байж болох л юм.
 
Аав ээждээ тав дахь хүүхэд нь болон мэндэлсэн З.Хангал багын адтай, алаг нүдээ эргэлдүүлэн юм бүрийг сонирхож, оролдож үзэж явдаг жаал байжээ. Тэрээр тухайн үеийн сэхээтнүүд хүүхдээ ихэвчлэн сургадаг байсан “орос” 23 дугаар дунд сургуулийн сурагч байлаа. Ангийн багш нь эцэг эхийн хурал бүр дээр “Танай хүүхэд уран зохиолын ном уншихаас биш, хичээл хийхгүй байна” гэж алтан хошуу хүргэдэг байсан ч аав, ээж нь хүүгээ зэмлэж шийтгэхгүй.
 
Харин ч заримдаа аав нь өөрөө хөвгүүдээ “уруу татаж” гэртээ бокс тогложн ана мана үзэлцдэг байж гэнэ. Гэтэл З.Хангалыг 14 настай байхад аав нь гэнэт өөд болоход хэзээний сүрхий Хангал хүү ажил хийж, мөнгө олж ээждээ туслахаар сургуулиа орхижээ. Түүний олсон ажил нь Барилгачдын соёлын ордны жааз хөгжмийн хамтлагт бөмбөр тоглох.
 
Төрөлхийн хөгжмийн авьяастайн дээр дуулж хөгжимдөх дуртай аавынхаа нөлөөгөөр сурсан бүхэн нь энд хэрэг болжээ. Жааз хөгжмийн хамтлагт тоглож байх тэр л үедээ хөнгөн хөвсгөр өнгө аястай, хүмүүсийн сэтгэлийг соронзон мэт татдаг “Аяны шувууд” дуугаа зохиосон байна. Түүнийг нь дуучин Х.Төмөр агсан дуулж олонд алдаршуулсан билээ.
 
''<small>Хөгжмийн зохиолч хүү Х.Булган болон Ардын жүжигчин С.Гончигсумлаа нарын хамт, 1995 он</small>''
 
Бөмбөр сайн тоглодог, оросоор ярьдаг З.Хангал хүү удалгүй Хөгжим бүжгийн дунд сургуульд туслах багшаар дуудагдлаа. Зөвлөлтийн мэргэжилтэн багш нарт хэлмэрчлэх чадвартай, хөгжмийн боловсролтой хүмүүсийн хэрэгцээ байсан тэр үед цовоо сэргэлэн залуу ёстой л байраа олж эзэлжээ. Багшийн хэлснийг сурагчид нь, сурагчийн ярьсныг багшид дамжуулж суух зуур нь хөгжмийн авьяастайг нь олж харсан Зөвлөлтийн мэргэжилтэн багш түүнд төгөлдөр хуурын хичээл заав.
 
Багшийн хий гэсэн болгоныг нь алдаа мадаггүй гүйцэтгэсээр төгөлдөр хуур хөгжимд нэвтэрхий боллоо. Түүнийг даруй бүжиг ангийн концертмейстер болгосноор одоогийн Ардын багш Долгорсүрэнтэй хамтарч ажиллажээ. Үндэсний бүжгийн хичээлийн суурь нь үндэсний хөгжим тул дасгалын хөгжим зэрэгт ардын дуунуудыг ямраар л бол ямраар найруулж тоглоход багшид ч, оюутан, сурагчдад ч таатай, урамтай байдаг байжээ.
 
Арав гаруйхан настайдаа аавыгаа орлон ажил хийж, олсон мөнгөө ээждээ өгч гэр бүлдээ тус нэмэр болж явсан хүү эрийн цээнд хүрч, эрдэм номын жолоог хойд хөршийн зүг залсан. Тэрээр ЗХУ-ын Свердловск хотын Уралын Хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцаж төгсөөд эх орондоо ирж, Хөгжим бүжгийн дунд сургуульдаа хөгжмийн онол, зохиомжийн хичээлийн багшаар ажиллаж эхэлжээ. Хичээлээ ч зааж, хөгжмөө ч зохиосоор 1996 онтой золгож, насан өөд болох хүртлээ З.Хангал тэр л гурван давхар ягаан байшингийн цонхоор сонссон хүн санаа алдам тансаг хөгжмүүдийнхээ авиа эгшгийг нисгэж байж.
 
Консерваторийн багш, Монголын цохивор хөгжмийн сургалтыг тэргүүлж яваа Гавьяат багш Б.Зоригт “Бид залуу байсан болоод ч тэр юм уу, З.Хангал гуай ямар мундаг, бараг суутан гэмээр хүн байсныг мэддэггүй байжээ. Дуу цөөтэй, бүтээлч сэтгэлтээтэй, шинийг эрэлхийлэгч уран бүтээлч байсан. Хийж байгаадаа шимтэхээрээ хавь ойрд нь юу болж байгааг анзаарахгүй. Долоовор хуруугаа гозойлгоод, эрхий, дунд хуруу хоёроороо харандаагаа барьж байгаад ноотыг зурсан юм шиг дурайтал бичдэг байлаа. Уран бүтээлч хүний соёл ямар байх ёстойг би түүнээс олж харж байсан юм.
 
Би хөгжмийн зохиолч морин хуурын концертоо анхлан тоглуулах гэж байхад нь ойр байсан юм. 1989 онд хувилах машин байсангүй. Багш “Алтан намар” наадмаар энэ концертоо тоглуулах гэж яарахад нь бидний хэдэн нөхөд Циркийн баруун талын гэрт нь очиж хуулалцаж өгсөн юм. Тоглолт Дуурийн театрт болсон. С.Гончигсумлаа гуай сэтгэгдлээ хэлэхдээ “Аль аль талаас нь авч үзэхэд Монголд хөгжмийн шинэ бүтээл төрлөө” гэж дуу алдан, баяр хүргэж байлаа. Тэр концерт бол морин хуур, цохивор хөгжим болон бусад зэмсэгт шинэ хэллэгүүд бий болгосон өвөрмөц бүтээл болсон л доо.
 
Интервалаар давхар ноот тоглох техникийг тэр л анхлан гаргаж ирсэн. Ингэж манай улсад үндэсний уламжлалт морин хуур хөгжимд зориулсан концерт анхлан төрсөн түүхтэй. Тэр жил Н.Жанцанноров гуай мөн концертоо гаргасан. Түүний дараа Б.Шарав бичсэн. Өөрөөр хэлбэл морин хуурт концерт бичих сэдэл санааг өдөөж өгч, Монголын хөгжмийг шат ахиулсан уран бүтээлч бол З.Хангал. Өнөөдөр хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр таван сайхан концерттой байгаа нь тэртээ 1989 онд З.Хангал энэ төрлийн бүтээл төрүүлснийх, өдөөгч байж чадсаных болов уу гэж боддог” хэмээн ярьж байна.
 
Хөгжмийн зохиолчийн "Салхич шувуу" симфони найраглалыг энэ оны хоёрдугаар сард Куба улсын Гавана хотод тус улсын Үндэсний оркестрт удирдан тоглуулсан маэстро Б.Лхагвасүрэн эрх чөлөөний арлыг зорихынхоо өмнө ярилцлага өгөхдөө “Багшийг сургуульд ажиллаж байхад бид шавь нь байлаа. Тухайн үед ийм гоё бүтээлүүд хийж байсныг нь яаж мэдэх вэ. Одоо бол дурлан тоглож, тоглуулж байна” гэж ярьж байсан.
 
З.Хангалын нэгэн үеийн хөгжмийн зохиолч Төрийн хошой шагналт Н.Жанцанноров “Манай үеийнхэн дундаас түрүүлж сэтгэдэг нь, сэдэж, хэрэгжүүлдэг нь З.Хангал байсан юм” гэж хэлж байсан. Түүний хэлсэнчлэн бусдаас урьтаж бүтээн туурвисан хөгжмийн ямар ямар гайхамшигт бүтээлүүдийг нь өнөөдрийн монголчууд сонсон, харваад өнгөрөх од мэт үзэгдээд явсан тэр уран бүтээлчийг бишрэн хайрлаж байна вэ.
 
З.Хангал хөгжмийн урлагийн бүхий л төрлөөр туурвиж байжээ. Сонгодог урлаг талд "Эхийн сэтгэл" нэг бүлэгт хүүхдийн бүжгэн жүжиг, "Эрдэнэсийн охид" балет бичсэн. "Эмч нар", "Шинэ байшинд", “Гургалдайн дуут шөнө" зэрэг драмын жүжгийн хөгжим ч түүнийх. "Анхны алхам", "Гэрлэж амжаагүй явна", "Хатанбаатар", “Тань руу нүүж явна”, “Би нисэх дуртай”, “Суварган цэнхэр уулс” зэрэг киноны хөгжмийг мөн зохиосон. Дан хөгжмийн зохиолуудаас нь чавхдаст хөгжмийн дөрвөл, "Салхич шувуу" симфони найраглал, хийлийн концерт, төгөлдөр хуур симфони найрал хөгжмийн концерт зэрэг арав шахам дан хөгжмийн бүтээл нь алдартай. Эдгээрээс заримынх нь тухай онцолъё.
 
“Эрдэнэсийн охид” балетын хөгжим. Эх орон, байгаль дэлхийдээ мөргөн сүслэх өнгө аяс, жаргалтай амьдрал, хайртай хосын бие биенээ гэсэн их тэмүүлэл, сэтгэлийн гүнээс ундрах баяр баяр баясгалан хийгээд бага зэргийн гунигийн тухай өгүүлэх мэт. Энэ хөгжмийг сонсох дуртай хүмүүс “Сонсох болгонд уйлах юм даа”, “Хангал ах манай гурван өндөрт эдгээр бүтээлээ бичиж байсан даа”, “Багадаа сонсож өссөн, гоё байна”, “Үнэхээр тансаг”, “Жинхэнэ монгол бахархал чинь энэ дээ”, “З.Хангал агсантай юу ч ярих вэ дээ. Зүгээр л шүтэж амьдаръя” гэжээ.
 
“Тань руу нүүж явна” киноны хөгжим. Хүүгээ алдсан эхийн сэтгэл дэх шаналал, бусдын үрийг өөрийн мэт хайрлаж болох эсэхийг мэдэхгүй бэтгэрэхийн зовлонг хөгжмөөр үүнээс өөрөөр илэрхийлэх аргагүй мэт. Энэ хөгжмийг сонсож эхэлмэгц л уушги, зүрх давхцах мэт догдолж эхэлдэг. Сэтгэлийн чанадын зөрчил хийгээд амьдралын үнэн, хорвоогийн хатуу, басхүү зөөлөнтэй ч эвлэрэн бууж өгөх мэт мэдрэмж энэ бүтээлийг сонсоход төрдөг.
 
Түүний “Салхич шувуу” симфони бүтээл удахгүй дэлхийн алдартай оркеструудын юм л бол тоглож байдаг хөгжим болох буй за. Оросоор буревестник гэдэг, далай орчимд амьдардаг, том биетэй, урт далавчтай, түүгээрээ хүчтэй салхи сөрөн хээв нэг нисч явдаг шувууг монголчууд салхич хэмээн нэрлэсэн байдаг. Цаг агаарын өөрчлөлтөөр өнгө нь хувирч байдгаар онцлог. Тэнгэр хуйсганаж, далайн шуурга дэгдэж эхэлмэгц саарал буревестник хар бараан буюу хүрэн өнгийн болдог байна.
 
Түүнийг аливаа хар хүчний эсрэг зогсч чадах тэсвэр тэвчээрийн бэлгэдэл болгосон байх нь Европ-Оросын утга зохиолд байдаг. Хөгжмийн зохиолч З.Хангал ч гэсэн өөрийн бүтээл туурвилдаа үзэж туулсан газар орныхоо тухай сэдвийг тусгахдаа үзэл бодлоо шингээсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ нь түүний аливааг түрүүлж, урьтаж хардаг байсан онцлогтой холбоотой ч болов уу. Тэгэхээр З.Хангал “Салхич шувуу” симфони найраглалдаа байгалийн сүр хүчийг илтгэхийн сацуу урьдчилан таамаглаагүй гэнэтийн ямар нэгэн үйл явдал байгальд эсвэл амьдрал, нийгэмд болох гээд байгааг хэлэх гэсэн мэт, бага зэргийн түгшүүр адил зохиол бус уу.
 
Хөгжмийн зохиолч З.Хангал агсны дүү хийлч, хөгжмийн багш З.Оюун “Аав маань орос ардын балалайка, мандолин, ээж минь шанз, мандолин тоглодог байлаа. Гавьяат жүжигчин Дашдулам багш зэрэг тухайн үеийн томчуудтай тоглож, дуулж хуурддаг, бие биенийхээрээ зочилдог байсан. Эцэг эх хоёрын авьяас үр хүүхдүүдэд нь уламжлагдсан юм болов уу гэж боддог. Эгч нь энэ удаа З.Хангал ахын тухай л ярья. Ахыгаа би ховорхон төрсөн авьяастан, шинийг эрж хайгч, чөлөөтэй сэтгэгч, хуучныг эвдэгч, өөрийн гэсэн ертөнцдөө дураар аялагч гэж хэлнэ.
 
Хөгжим зохиохдоо манайд, Монгол Улсад юу дутуу байна, тэр бүхнийг гүйцээе гэсэн сэтгэлээр хандаж, ажиллаж байсан юм шиг санагддаг. Хийл хөгжимд зориулсан бүтээлүүд, цохивор хөгжим дэх шийдлүүд тун өвөрмөц. Өөртөө тавьсан уран бүтээлийн зорилго нь эгэл хүмүүсийг байтгуай хөгжмийн өндөр боловсролтой урлагийнхныхаа сэтгэлийг татах юм болов уу гэж би ойлгодог. Зүгээр нэг хөгжим бичих биш, сонин, содон, урьд өмнө сонсогдож байгаагүй бүтээлүүд гаргая гэж тэмүүлдэг байж дээ гэж хардаг. Амьдралын жишээтэй зүйрлэвэл өнгөний зохицол тун сайтай, загварын даашинз урлаж байсан юм уу гэж хэлэхээр.
 
Ах их мөрөөдөмтгий, уран зөгнөл сайтай хүн байсан нь уран зохиолын ном их уншдаг байсантай нь холбоотой байх. Мөрөөдлийн хөгжмөө бичихийн тулд юу ашиглахаа маш сайн мэддэг байсан. Зохиол бүр нь мэргэжлийн мөртлөө хөнгөн хошигнол цаанаа агуулж байдаг. Энэ бүх бодлогын дүнд бий болсон бүтээлүүдийг бид өнөөдрийг хүртэл сонсож байна. Ирээдүйд бүр илүү үнэ цэнэтэй болох болов уу” хэмээн ярилаа.
 
Тийм ээ, бидний мэдэх, харин танихгүй, гэхдээ монгол хүн бүрийн зүрх сэтгэлийг булгилуулж, сэтгэлийг “хямрааж” байдаг бүтээл туурвил үлдээгээд 1996 онд 48 насандаа энэ хорвоог орхисон хөгжмийн зохиолч З.Хангал гэж ийм л орчлонд хосгүй хүмүүн байжээ.
 
З.Хангал агсан дуурь бичиж байгаад орхиод явжээ. Эхний хоёр бүлэг нь байдаг уг бүтээлийг магадгүй түүний ач охин, төгөлдөр хуурч Булганы Сарнайцэцэг нь гүйцээж бичих биз ээ. Тэр цагт өдгөө АНУ-д ажиллаж амьдарч буй гэргий, циркийн нэрт жүжигчин Д.Ягаанцэцэг нь эх орондоо ирж, хөгжмийн зохиолчийн ах дүүсийн хамт дурсамжийн, хүндэтгэлийн томоохон арга хэмжээ зохион байгуулах ч болов уу.
 
Тэр цагт төгсөөгүй дуурийн эзэн тэнгэрлэг ханхүү, Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал агсны хөгжимд дуртай монгол хүн бүрийн зүрх, сэтгэл бас нэгэн ер бусын баяр баясгалант хэмнэлээр булгилан догдолно доо.
 
==Бүтээлүүд==