Хамид Карзай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "1957 онд нийслэл Кандагарт төрсөн бөгөөд пүштүүн үндэстэн. Пүштүүн бол Афганистаны зонхилог..."
(Өөрчлөлт алга)

10:55, 18 Гуравдугаар сар 2014-ий байдлаарх засвар

1957 онд нийслэл Кандагарт төрсөн бөгөөд пүштүүн үндэстэн. Пүштүүн бол Афганистаны зонхилогч үндэстнүүдийн нэг бөгөөд тэдний дотор “дуррани” хэмээх зориг чанга, эрэмгий тэмцэгч овгийн холбоо бий. Карзай энэ холбоонд харьяалагддаг. Ер нь Афганистаны төр засгийн эрхийг “дуррани” овгоос гаралтай пүштүүн хүн л барих учиртай гэж үздэг. Хамип Карзай тэр ерөөлөөр л төрийн тэргүүн болсон байх. Афганы улсыг үндэслэгч нь мөн л энэ овгоос төрсөн Дост Мохаммед байлаа. Сүүлчийн хаан Мохаммед Захир Шах ч эдний удмынх. Энэ утгаараа Америкийн улстөрчдийн хийсэн сонголт зөв санагдана. Карзайн эцэг Мохаммед Захир Шах хааны албанд хүчин зүтгэж явсан өндөр боловсролтой нэгэн байсан бөгөөд хүүгээ багаас нь эрдэм номтой хүн болгоныг хичээжээ. Ирээдүйн Ерөнхийлөгч Кандагарт дунд сургууль дүүргээд Энэтхэгийн Симлэд суралцан боловсрол олжээ. Энэ үед түүний эх нутаг Зөвлөлтийн нөлөөнд хэдийн автсан байв.

1980-аад онд Зөвлөлтийн цэргүүд Афганистанд ноёрхлоо тогтоосон бөгөөд энэ үед чамгүй боловсрол эзэмшиж, англи хэлийг чөлөөтэй эзэмшсэн Карзай Афганистаныг аврах үндэсний фронтын мэдээллийн хэлтсийг толгойлж, Пакистанаас гол ажлаа зохион байгуулж байжээ. 1987 оноос тэрбээр энэхүү фронтын Улстөрийн газрыг тэргүүлэх болж, Кандагарт Зөвлөлтийн цэргүүдтэй тулалдаж байсан өөрийн омгийхныгоо санхүүжүүлж, харийн түрэмгийлэгчдийг хэрхэн зайлуулах талаар зөвлөгөө өгч байж. 1992-1994 онд Карзай Лалын Афганистан улсын Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа Зөвлөлтийн түрэмгийллийг хүчтэй эсэргүүцсэн “Талибан” хөдөлгөөнийхөнтэй холбоо тогтоожээ. Удал Кандагар хотоо тэдэнд найр тавин өгөв. Сүүлдээ талибуудтай тогтоосон хамтын ажиллагаа нь итгэлцлийн түвшинд хүрч, тэд Карзайг НҮБ-д төлөөлөгчөөрөө ажиллахыг санал болгожээ. Гэвч талибууд хүчирхийллийн шүтсэн дэглэм тогтоож, гадны орнуудаас алан хядагчдыг урьж залан тэдний бодлогоор ажлаа явуулах болсон нь Карзайн сэтгэлд нийцэхгүй байв. Үзэл бодлын зөрчилдөөн хурцдах нь Карзайд тун аюултай санагдаж эхлэв. Иймээс тэр Кандагараас оргон зайлж, Пакистаны Кветта хотод түр суурьших болсон төдийгүй тэндээ Талибуудын эсрэг хөдөлгөөнийг зохион байгуулах болжээ. Зөвлөлтийн цэргүүд хамаг зэр зэвсгээ орхин төрөлх эх орон руугаа буцах үеийг талибууд овжноор ашиглан Афганистаныг шариатын хуультай улс болгох харгис ажиллагааг хүчтэй явуулж байлаа. Энэ үед Карзай Пакистаны хаан байсан Мохаммед Захир Шахыг Афганистанд эгүүлэн авчирч, түүнийг дээд Ерөнхий сайд болгохыг уриалдаг “Римийн үйл явц” хөдөлгөөний идэвхтэй дэмжигч болов.

Нэг үгээр хэлбэл, алан хядагчдын эсрэг ажиллагаагаа эхлэх хүртлэх арван жилийн хугацаанд улстөрийн чиг баримжаагаа гурван ч удаа өөрчилж, “гурав,дөрөвдүгээр цуваа”-ны улс төрч гэгдэв. Гэхдээ дан улстөрөөр амьсгалсангүй, хажуугаар нь арилжаа наймаа эрхэлж, Пакистан болон АНУ-д тансаг орд харш, зочид буудал, зоогийн газрын бүхэл бүтэн сүлжээтэй болж амжжээ. Түүнийг Пакистанд байхад эцэг нь талибуудын тагнуулын хэргээр баривчлагдаж, багагүй сандаргаж байсан тухай тэр хожим дурса ярьсан нь бий. Азаар Мохаммед Захир Шахын хүн байснаар гүжир хэргээс мултарсан түүхтэй. Хэдийгээр тэр талибуудтай таарч тохирохоо больсон ч гэлээ Афганистаны хууль тогтоох дээд байгууллага болох Лойя Жирга /Loya Jirga/ буюу шашны мяндагтан хийгээд омгийн ахлагчдын зөвлөлийг үүсгэн байгуулах Гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүнд орох урилгыг тэднээс авчээ. Тэгээд 2000 оноос уг бүрэлдэхүүнд нь орж ажиллав. Гэтэл Америкийн зэвсэгт хүчин Афганистаны нутаг дэвсгэрийг хүчтэй бөмбөгдөж эхэлсэн бөгөөд энэ үеэр Хамид Карзайн Пакистанд толгойлж байсан отряд талибуудыг намнахаар ирсэн байжээ. Талибууд Карзайг үзэн ядахын туйлд хүрэв.

Учир нь Карзай Америкчуудын ширүүн бөмбөгдөлтийн дараахан Афганистаны Түр захиргааны тэргүүн болж, талибуудыг нугаслан дарах ажиллагаанд шуударчээ. Түр захиргааны гол зорилго нь Афганистанд тогтвортой байдлыг хангаж, цаашдын улстөрийн хувь заяаг тодорхойлох, түүний дотор хүчин төгөлдөр Засгийн газрыг сонгоход чиглэж байсан юм. “Сайн инж өгсөн хүн л сайхан хүүхнийг гэргийгээ болгодог” гэсэн афган ардын үг бий. Энэ утгаараа Америкчууд Түр засгийн газрын тэргүүнд АНУ-ын бодлогыг талархдаг хүн байлгахын тулд гомдохооргүй инж” өгсөн нь мэдээж. Афганистанд алан хядах ажиллагааны эсрэг ажиллагаа явуулахын тулд АНУ Дэлхийн хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг авч, Засгийн газрыг бүрдүүлэх замд орсон нь зүй ёсны хэрэг юм.Тиймээс ч Германы Бонн хотноо болсон хэлэлцээрт Афганы зонхилогч үндэстний төлөөлөгчид оролцохдоо шилжилтийн Засгийн газрын гол суудалд Америкийн төлөөний ганц хүн Карзайг оруулсан биз ээ. Түүний Засгийн газрын бүрэлдэхүүнд өмнө нь талибуудтай хүчтэй тэмцэж байсан хүмүүс орсон.

Эх оронч гэгдэж байсан Ахмад Шах Масудын хамтран зүтгэгч Касим Фахимыг Батлан хамгаалахын сайдаар, Умардын узбекуудын удирдагч Абдуррашид Дустумыг түүний орлогчоор сонгосон. Харин талибуудын эвлэрэшгүй дайсан Каннуг Дотоод хэргийн сайд, доктор Абдуллаг Гадаад хэргийн сайдаар томилж, шинэ, ардчилсан, парламентын тогтолцоотой Афганистан улсыг байгуулах ажилдаа шуудран орсон юм. Хамид Карзайн энх тайванч Афганистаныг бий болгохын төлөөх зүтгэл нь дэлхийн олон орны талархлыг хүлээсэн. Дублин хотноо болсон Олон улсын Хөгжлийн дээд чуулганы дараа буюу 2002 оны зургаадугаар сард тэрбээр Лойя Жирга Ерөнхийлөгчийн хэргийг хариуцах түүхэн үүрэг хүлээсэн юм. Үүнээс хоёр жилийн дараа бүх ард түмний анхны сонгуулиар Карзайд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн таван жилийн хугацааг олгосон. Иймаас Хамид Карзай энэ хугацаанд Афганчууд төдийгүй дэлхийн итгэлийг алдахгүйг хичээж буй.