Редакторлах зүй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: Редакторлах зүй (Редактирование. Editing). Редакторлах гэдэг үг латин хэлний redigo, redactum – “засах, за...
(Өөрчлөлт алга)

10:05, 8 Есдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Редакторлах зүй (Редактирование. Editing). Редакторлах гэдэг үг латин хэлний redigo, redactum – “засах, залруулах” гэсэн үгнээс гаралтай нэр томъёо бөгөөд хожим “цэгцлэх, үнэмшүүлэх, ойртуулах, хүргэх” гэсэн утгыг давхар агуулах болжээ. Орчин үед редакторлах ажлыг төрөл бүрийн бичмэл утга зохиолын эхтэй ажиллах явдал гэж ойлгож болно. Редакторлах зүйг толь бичгүүдэд: “Зохиогчийн гар бичмэлийг хэвлэлд бэлтгэх ажлыг редакторлах зүй гэнэ. Редакторлах зүй нь бүтээлийн агуулга, түүний бүтэц, арга барилд гарсан алдаа мадгийг арилгахад чиглэгдэнэ. Түүнчлэн сонин, сэтгүүл, уран зохиолын цомирлог зэрэг тогтмол хэвлэлийг удирдах үйл ажиллагааг редакторлах зүй хэмээнэ” (211.5) гэж тодорхойлсон байдаг. Дээрх тодорхойлолтыг үндэслэн ном, тогтмол хэвлэлийн үйл ажиллагааг удирдах, бүтэц зохион байгуулалт, агуулга чанарыг сайжруулах, хянан найруулж, хэвлэлд бэлтгэх зорилго бүхий утга зохиолын ажлын тодорхой нэг салбарыг редакторлах зүй гэж нэрлэж болно. Редакторлах зүйн зорилго нь олон нийтэд зориулж буй утга зохиол, сэтгүүл зүйн аливаа бүтээлийн агуулга хэлбэрийн нэгдлийг хангах, онол уран сайхны өндөр төвшинд байлгах, үг үсэг, хэл найруулгын ямар ч алдаа мадаггүй гаргах, ном хэвлэлийг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн удирдах, уран бүтээлчдэд сайн чанартай бүтээл туурвихад туслахад оршино. Редакторлах зүйн судлах зүйл нь утга зохиол, сэтгүүл зүйн бүтээлийн эхийг хэвлэлд бэлтгэх, зохиогчийн гар бичмэл дээр хийх хянан найруулах ажил, хэвлэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах, хянах арга технологи, ном, хэвлэл мэдээллийн газрын бүтээлч ажлыг удирдах, төлөвлөх арга барил зэрэг болно.

Редакторлах зүйн зарчим (Принципы редактирования. Principles of Editing). Редакторлах ажлын онол, практикаар шалгагдаж, бодит үр дүнгээ өгч буй зүй тогтлуудын төвлөрсөн илэрхийлэл, хянан найруулах үйл ажиллагаа явуулахад баримтлах арга зүйн үндэс мөн. Редакторлах зүйн үйл ажиллагаа нь олон нийтэч, ил тод, шинжлэх ухаанч, үнэн бодитой, хүнлэг байх зарчмуудын үндсэн дээр явагддаг. Хамгийн гол зарчим нь олон нийтэч байх зарчим юм. “Утга зохиолын бүтээл нь хүмүүсийн аж амьдралын үнэн байдал, бүтээн байгуулах их үйлс, шударга зөв үзэл санаа, хүсэл эрмэлзлийг жигд тусгаж чадсанаар л жинхэнэ олон түмэнч байх бололцоотой билээ. Ийнхүү олон түмний санаа бодол, сонирхол таашаалд нийцүүлэх үйлсэд хувь нэмэр оруулдаг чанар нь редакторлах зүйг олон түмэнч болгодог” (63.48). Редакторлах зүйн ил тод байх зарчмын мөн чанар нь улсын нууцаас бусад бүх мэдээлэл чөлөөтэй дамжих ёстой, ямар ч мэдээллийг редактор болон редакцийн газар албаны ба хувийн зорилгын үүднээс өөрчлөх, өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлж засах, зохиогчийн эрхэд бүдүүлгээр халдах ёсгүй гэдэгт оршино. Редактор ямар ч бүтээлийн шинжлэх ухааны үндэс нь зөв, оновчтой, ашигласан аливаа баримт сэлт, мэдээлэл нь үнэн бодитой байгаа эсэхэд өндөр төвшинд хяналт тавьж чаддаг боловсролтой шударга хүн байх шаардлагатай бөгөөд чухам энэ шинж чанар нь хянан найруулах ажлын үнэн бодитой байх, шинжлэх ухаанч байх зарчмыг баримтлахад нөлөөлдөг хүчин зүйл болдог. Хүнлэг энэрэнгүй байх зарчим нь зөвхөн редакторлах зүйн төдийгүй утга зохиол, сэтгүүл зүй, урлагийн бүтээлийн язгуур зарчим бөгөөд олон түмэнд зориулж буй аливаа бүтээлд хүнлэг энэрэнгүй үзлийн үүднээс хандаж, зохиогчийг хүндэтгэн үзэж, нэр төрийг нь хамгаалах, алдаа дутагдлыг нь арилгах, сайн сайхныг нь дэмжин дэлгэрүүлэхийн төлөө ажиллахад түүний мөн чанар нь оршино. Редактор тухайн бүтээлд дээрх шаардлагын үүднээс хандах нь сэтгүүл зүйн аливаа бүтээл нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж, уншигчдыг төөрөгдүүлэх, буруу зөрүү ойлголт өгөхөөс хамгаалж, үүрэг зорилгоо оновчтой биелүүлэхэд туслах болно. Редакторлах зүйн зарчмууд сэтгүүл зүйн практикт чухал ач холбогдолтой байдаг нь үүнтэй холбоотой юм.