Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрлүүд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрлүүд (Информационные жанры радиожурналистики. Informat...
(Өөрчлөлт алга)

10:01, 8 Есдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрлүүд (Информационные жанры радиожурналистики. Information jеnrеs of Radiojournalism). Радио сэтгүүл зүйн хөгжлийн явцад зөвхөн радио нэвтрүүлгийн онцлогт тохирсон бичлэгийн төрөл зүйл, арга хэлбэр төлөвшин тогтжээ. Радио нэвтрүүлгийн агуулгыг харгалзан радио сэтгүүл зүй, уран сайхны нэвтрүүлэг гэж хоёр том хэсэгт хуваадаг. Радионэвтрүүлгийн энэ хоёр хэсгийн агуулга нь радиогийн уран бүтээлийн өвөрмөц хэлбэр болох бичлэгийн төрөл зүйлүүдээр дамжин сонсогчдод хүрдэг. Бичлэгийн төрлүүд радиогийн практик үйл ажиллагааны явцад үүсч, бүрэлдэн тогтсон байдаг. Бичлэгийн төрлүүдэд оршиж буй нийтлэг зүй тогтлууд сэтгүүлчдийн хэд хэдэн үеийн амьд практикийн явцад бүрэлдэн бий болжээ. Бичлэгийн төрлийн зорилго нь радионэвтрүүлгийн систем дэх түүний эзлэх байрыг тодорхойлж, онцлог шинжийг илэрхийлэхийн хамт гол шинж чанаруудыг бүрдүүлэн төлөвшихөд оршино. Радио сэтгүүл зүйд өгч буй үнэлэлт, дүгнэлтийн хэмжээ, хэл найруулгын яруу хэрэглэрүүд бичлэгийн төрлийг үүсгэх элементүүдийн тоонд багтдаг. Аливаа бичлэгийн төрөл зөвхөн нэг шинжээрээ бус, тухайн бичлэгийн төрлийн дотор харилцаа холбоо, харилцан нөлөөлөлд оршиж буй хэд хэдэн шинж тэмдгээр тодорхойлогдоно. Бичлэгийн төрлүүд янз бүрийн дотоод хэлбэрүүдтэй бөгөөд тэдний гол онцлог нь бичлэгийн төрөл зүйлийн үндсэн шинж тэмдгүүдийг хадгалдаг боловч элементүүдийн хоорондох харьцаа тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байдаг. Радионэвтрүүлгийн төрөл зүйлийн талаарх мэдлэг бол сэтгүүлч өмнө тавьсан зорилтыг бүрэн шийдвэрлэх, нийтлэлийн үр нөлөөг дээшлүүлэх, агуулга хэлбэрийн нэгдлийг хангахад чухал үүрэгтэй юм. Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрөлд радиомэдээ, радиосурвалжлага, радиосурвалжилсан тэмдэглэл, радиоярилцлага багтдаг. Радиомэдээ гэдэг бол сонсогчдын олонхийн болон тодорхой хэсэг, бүлгийн сонирхлыг татахуйц нийгмийн чухал ач холбогдол бүхий баримт, үйл явдал, үзэгдлийн талаар шинэлэг мэдээлэл агуулсан мэдээллийн бичлэгийн шуурхай зүйл мөн. Радиомэдээний гол тусгах объект нь ямагт бодит байдлын шинэлэг баримт, үйл явдал байдаг. Гол онцлог нь шуурхай, сонсогчдын бүх давхаргад хандсан, дээд зэргээр үнэн бодитой, мэдээний үндсэн асуултанд бүрэн хариулт өгсөн, лид нь маш тодорхой, товч, энгийн ойлгомжтой, гол зүйлийг оновчтой аргаар дахин давтсан (энэ нь тогтмол хэвлэлийн мэдээнээс ялгагдах гол онцлог болно), идэвхтэй үгээр богино өгүүлбэрээр бичигдсэн, логик холбоо сайтай, үйл явдлын баримтат шинжийг хадгалсан байх явдал юм. Болж байгаа (эсвэл болж өнгөрсөн) үйл явдлын шинж чанар, онцлог, утга учрыг дэлгэрэнгүй тайлбарлаж, түүнд үнэлэлт өгч, дүгнэлт хийсэн мэдээллийн бичлэгийн төрлийн бие даасан зүйлийг радиосурвалжилсан тэмдэглэл гэнэ. Сурвалжилсан тэмдэглэл хамрах хүрээ, хэмжээ, үнэлэлт дүгнэлтийн төвшний хувьд харьцангуй өргөн, дэлгэрэнгүй байдаг шинжээрээ радиомэдээнээс эрс ялгаатай юм. Мөн сурвалжилсан тэмдэглэлийг гол төлөв зохиогч өөрөө уншдаг нь түүний нөлөөлөх чанар, итгүүлэн үнэмшүүлэх чадварыг дээшлүүлдэг. Сурвалжилсан тэмдэглэл хэлбэрийн хувьд тайлбарласан мэдээтэй нэлээд төстэй юм. Тайлбарласан мэдээ бол үйл явдлын гол зүйлийг мэдээлэхийн хамт түүнд үнэлэлт өгсөн мэдээллийн багавтар материал бөгөөд баримтын талаарх мэдээллээс гадна зохиогчийн санаа бодлыг агуулсан байдаг. Сурвалжилсан тэмдэглэлийн энэ төрөл нь радиогийн мэдээллийн албаны хувьд чухал үүрэгтэй. Учир нь баримтын талаарх мэдээлэл дуусмагц түүний ач холбогдлыг тайлбарлаж, сонсогчид баримтын мөн чанарыг ойлгох, бусад үйл явдал, баримтын дотор эзлэх байр, ач холбогдлыг тодорхойлоход тусалдаг. Радио сэтгүүл зүйн гол бичлэгийн төрөл бол сурвалжлага юм. Болж байгаа үйл явдлыг тухайн цаг мөчид амьд яриа, дуу чимээ, хөгжмийн тусламжтайгаар хөгжил, хөдөлгөөн дундаа дүрслэн харуулах зорилго бүхий мэдээллийн бичлэгийн төрлийг радио сурвалжлага гэж нэрлэдэг. Амьд яриа, дуу чимээ бол сурвалжлагын итгүүлэн үнэмшүүлэх, сонсогчдын сэтгэл зүйд нөлөөлөх хамгийн гол элемент байдаг. Радио сэтгүүл зүйд шууд сурвалжлага онцгой байр эзэлдэг. Түүний нөлөөлөх, итгүүлэн үнэмшүүлэх, танин мэдүүлэх чадвар нь ямагт өндөр байдаг. Радиосурвалжлагын гол онцлог нь тухайн цаг мөчийн мэдрэмж, зохиогчийн үйл явдлын гэрч, ажиглагч, оролцогч нь байх, “би” баатрын идэвхтэй үүрэг, үйл явдлыг хөгжил хөдөлгөөн дунд үзүүлэх явдал юм. Радиосурвалжлага сэдвийн зорилго, шалтгаан, үйл явдлын ач холбогдлыг тайлбарласан болон үйл явдал болж байгаа газрын “дүр зургийг” үзүүлсэн оршил хэсэг, зохиогчийн тайлбар, оролцогчдын яриа, сэтгэгдлийг тусгасан үндсэн хэсэг, зохиогч болж өнгөрсөн үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч, өгүүлсэн зүйлийг нэгтгэн дүгнэсэн төгсгөл хэсгээс бүрддэг. Сурвалжлага үйл явдлын, үйл явдлын бус байж болно. Үйл явдлын сурвалжлагын зохиомж болж байгаа үйл явдлаас шалтгаалах бол үйл явдлын бус сурвалжлагын зохиомж нь сэтгүүлчийн ур чадвараас шалтгаалдаг. Радиосурвалжлага бол болж байгаа үйл явдлыг шууд тусгал төдий зүйл бус, тодорхой хэмжээгээр нийтлэлийн шинжтэй учраас үйл явдлыг дүрслэн харуулахын хамт зохиогчийн үнэлэлт, дүгнэлтийг зайлшгүй агуулдаг онцлогтой. Радиосэтгүүл зүйн хамгийн түгээмэл, чухал төрөл зүйлийн нэг бол радиоярилцлага юм. Сонсогчдод ямар нэгэн баримт, үйл явдал, үзэгдлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор сэтгүүлч ярилцагч хоёрын хоорондох яриаг радиоярилцлага гэж нэрлэнэ. Энд сэтгүүлч мэдээлэл олж авагч, ярилцагч нь мэдээллийн эх сурвалж, мэдээлэл зөөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Ярилцагчийн дуу хоолой, ярианы өнгө төрх, тухайн цаг мөчийн мэдрэмж зэргийг тэр чигээр нь тусгадгаараа сонины ярилцлагаас эрс ялгаатай бөгөөд энэ нь түүний итгүүлэн үнэмшүүлэх, хүртээмжтэй, багтаамжтай байх чанарт нөлөөлдөг. Тогтмол хэвлэлд байдаг янз бүрийн нэмэлт тайлбар, уянгын халил радиоярилцлагад маш хязгаарлагдмал байдаг. Мөн ярилцлага сурвалжлага, сурвалжилсан тэмдэглэл, найруулал зэрэг бусад бичлэгийн зохиомжийн чухал элементийн үүргийг гүйцэтгэдэг тохиолдол бий. Энэ тохиолдолд бие даасан бичлэгийн төрлийн үүргийг гүйцэтгэдэггүй, зөвхөн нэмэлт мэдээлэл өгөх, итгүүлэн үнэмшүүлэх чадварыг дээшлүүлэхэд нөлөөлдөг. Үүнийг ярилцлага – ишлэл гэж нэрлэдэг. Бие даасан ярилцлага өөрийн гэсэн зохиомж, утга санаа бүхий агуулга хэлбэрийн нэгдэл байдаг. Радиоярилцлага эхлэл, үндсэн хэсэг, төгсгөл гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг. Эхлэл буюу хөтөч нь ярилцлага хийх болсон шалтгаан, зорилго, хариулт авах асуултуудын ерөнхий хүрээг тодорхойлж, ярилцагчийн талаар товч мэдээлэл өгдөг бол үндсэн хэсэг нь ярилцлагын гол мэдээллийг багтаасан агуулгыг бүрдүүлдэг. Төгсгөл хэсэг нь гол төлөв ярилцлагын явцад хийгдсэн дүгнэлтүүдийг дахин давтдаг, эсвэл ярилцагч бие дааж товч дүгнэлт хийдэг.