Нийтлэл зүй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: Нийтлэл зүй (Публицистика. Publicism). Латин хэлний “Public”- нийгмийн, олон нийтийн гэсэн үгнээс гарал...
(Өөрчлөлт алга)

09:37, 8 Есдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Нийтлэл зүй (Публицистика. Publicism). Латин хэлний “Public”- нийгмийн, олон нийтийн гэсэн үгнээс гаралтай нэр томъёо. Сэтгүүл зүйн онолд тогтмол хэвлэлд нийтлэгдсэн бүх материалыг бичлэгийн арга барил, нийгэм улс төрийн үйл амьдралыг тусгах цар хэмжээгээр нь үндсэн хоёр төрөлд хуваан авч үздэг. Ингэж үзэхдээ амьдралын тодорхой хэсгийн баримт үйл явдалд тулгуурлан мэдээллийг нийгмийн тодорхой хэсэгт зориулан туйлын шуурхай хүргэдэг үйл ажиллагааг сэтгүүл зүй, өгүүлж буй асуудалдаа нийгэм улс төрийн гүн гүнзгий дүн шинжилгээ хийж, энэ чанараараа орчин үеийн түүхийн субъектив хүчин зүйлд голлон анхаардаг нийтэд зориулагдсан даацтай бүтээл туурвих үйл ажиллагааг нийтлэл зүй гэж нэрлэдэг. Хүн бүр эрт дээр үеэс аливаа нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд үгийн нөлөө, хүч боломжийг ашиглаж ирсэн түүхтэй. Үнэхээр гүн гүнзгий утга агуулгатай, жинтэй, яруу тод үг хүн бүрийн анхаарлыг татаж, нийгмийн амьдралд ноцтой нөлөө үзүүлж байсныг судлаачид нэг бус удаа тэмдэглэсэн байдаг. Үүний үндсэн дээр бүтээлч үйл ажиллагааны өвөрмөц хэлбэр болох нийтлэл зүй бүрэлдэн тогтсон ажээ. Нийтлэл зүй ямар нэгэн мэргэжил болон мэргэжлийн хүрээнд үл хамаарах онцлогтой юм. Нийтлэл зүйн мөн чанар нь “үгийн урлагийг эзэмшиж чадсан нийгмийн аль ч гишүүн үйл явдал, үзэгдэл, баримт, асуудлын талаарх үзэл бодлыг хувийн туршлага, мэдлэг, үнэт зүйлсийн үндсэн дээр олон түмэнд илэрхийлэх замаар иргэний үүргийг биелүүлэхэд оршино” (204.98). Хувь хүний үзэл бодол нөлөөлөх, итгүүлэн үнэмшүүлэх чадварын хувьд янз бүрийн төвшинд байдаг бөгөөд энэ нь олон нийтийн санаа бодлыг бүрдүүлэхэд тэр хэмжээнд нөлөөлдөг. Ийм олон нийтийн үзэл бодолд онцгой нөлөө үзүүлдэг хүмүүс нийгэмд томоохон байр суурь эзэлж, олон түмний хайр хүндэтгэлийг хүлээдэг онцлогтой. Нийтлэлийн статус хүний ажил хөдөлмөр, мэргэжил, нас хүйсээс үл шалтгаалан ийм замаар бий болдог. Нийтлэлийн бүтээл ялангуяа нийгмийн томоохон өөрчлөлтийн үед улам хүчтэй эрчимжиж, иргэдийн идэвхийн өсөлтийн илэрхийлэл болдог онцлогтой. Ардчилсан иргэний нийгэмд нийтлэл зүй ил тод байдал, олон ургальч үзлийн нэг гол илэрхийлэл болж, дэвшилт өөрчлөлт шинэчлэлийн үр ашигтай хэрэгслийн үүргийг гүйцэтгэдэг. Тийм хурц дайчин, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх чадвар сайтай, томоохон асуудлуудыг дэвшүүлэн тавьж, зохиогчийн үзэл бодол, үнэлэлт, дүгнэлтийг яруу тод илэрхийлсэн нийтлэл 90-ээд оны эхний хагаст олноор гарч байсан нь үүний тод жишээ мөн. Сэтгүүл зүй ба нийтлэл зүй нь тодорхой нийтлэг шинжтэй боловч бас илэрхий мэдэгдэхүйц ялгаатай байдаг. Судлаачдын үзсэнээр нийгэм улс төрийн томоохон сонины бүх материалуудын 15-20 хувь нь нийтлэлийн бүтээлүүд байна. Сонинд нийтлэгдсэн, радиогоор нэвтрүүлэгдсэн бүх зүйл нийтлэлийн материал гэсэн ойлголтыг дээрх судалгааны үр дүн няцааж байна. Ер нь аливаа нэгэн асуудал, сэдвийн талаар сэтгүүл зүйн мэдээлэл ч, нийтлэл ч бичиж болно. Харин нийтлэл нь тухайн асуудлыг илүү өргөн хүрээнд авч, нийгэм улс төрийн үйл ажиллагааны баримтуудыг тусгахдаа улс төрийн санааг оюуны үнэт зүйлстэй зохицуулан үзүүлдэг. Тусгах гэж байгаа зүйлийн нийгмийн нэгдмэл чанар, улс төртэй холбогдох нийгмийн сэтгэл зүйн үйл явц, онцлогт соргог хандах явдал нийтлэл зүйн онцлог шинжийн нэг юм. Нөгөө талаар нийтлэл зүй, сэтгүүл зүй хоёр өөр өөр хэмжүүртэй бөгөөд өөр өөр үйл ажиллагаагаар олон түмний ухамсар, сэтгэхүйд нөлөөлдөг. Сэтгүүл зүйд сонгож авсан сэдвийг “шуурхай” гэсэн нэр томъёоны хүрээнд авч үздэг бол нийтлэл зүйд “цаг үеийн чухал” гэсэн ойлголтын хүрээнд задлан шинжлэх аргаар тусгадаг. Нийтлэл зүй нь цаг үеийн нэлээд урт хугацааг хамардаг бөгөөд түүний баримт сэлт нь нийтлэлчийн өөрийнхөө үнэлэлт дүгнэлт, санал бодол, тайлбарыг шаарддаг юм. Эдгээр хоёр ойлголтын өөр нэг ялгаа нь бүтээлч үйл ажиллагааны шинж тэмдэг, үр дүнгээрээ илэрдэг. Сэтгүүлч хүнд ямар нэг өгүүлэл буюу тайлан бичихэд зохих хэдэн баримт хангалттай бол нийтлэлч хүнд тийм мэдээлэл хангалтгүй юм. Учир нь нийтлэл зүйд юуны өмнө орчин үеийн түүхийн субъектив хүчин зүйлүүдэд илүү их анхаарлаа төвлөрүүлдэг. Нийтлэлд зохиогчийн “би” гэсэн ойлголт нэлээд тод тусдаг бөгөөд нийтлэлч өөрийн гэсэн санал бодол, үнэлэлт дүгнэлтийг чөлөөтэй илэрхийлдэг. Ер нь сэтгүүл зүйн материалуудын нийлбэр нь хэдийгээр өргөн олон уншигчид зориулагдсан боловч бүтээл нэг бүр нь тодорхой бүлэг хүмүүст хандсан байдаг, сэтгүүлч юуны өмнө зохих мэргэжлийн буюу нийгмийн тодорхой давхаргын хүмүүстэй “ярилцдаг”. Иймд сэтгүүл зүй бол ялгавартай (дифференциал) ойлголт, харин нийтлэл зүй бол цомтгогч (интеграл) ойлголт мөн. Нийтлэл ямар ч мэргэжлийн, нийгмийн ямар ч давхаргын хүмүүсийн иргэний ухамсар, сэтгэхүйд хандсан байдаг. Нийтлэлч нийгмийн амьдралын чухал баримтыг сонгож авахдаа түүнээс нийт иргэний сонирхлыг татахуйц талыг олж илрүүлэхийг эрмэлздэг. Тэгвэл нийтлэл зүй, сэтгүүл зүйн гол ялгаа нь тусгаж буй объектын шинж чанар, зохиогчийн өмнөө тавьсан тодорхой зорилт, танилцаж байгаа амьдрал, үйл явдлын хамрах цар хүрээ, бодит байдлыг тусгах арга барил, хэл найруулгад оршдог гэж хэлж болно. Дээрх саналуудыг нэгтгэх замаар нийтлэл зүйн үндсэн шинжийг тодорхойлж болно. Үүнд: • Нийтлэл зүйн гол агуулга нь цаг үе, улс төрийн үйл явдал, баримтын үндсэн дээр бичигдсэн олон нийтийн анхаарлыг татахуйц чухал санаа байдаг. • Зохиогчийн хувийн санал бодлоос өөр, түүний нийгмийн байр суурь, үзэл бодлыг илэрхийлж чадахуйц баримтанд өгсөн үнэлэлт, дүгнэлт зайлшгүй ордог. • Нийтлэлийн судлах объект нь нийгмийн бүх салбарыг хамрахын хамт агуулга нь бүх нийтийн анхаарлыг татахуйц өргөн байдаг. • Зорилго нь нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцож, олон түмний үйл ажиллагаанд практик болон улс төрийн нөлөө үзүүлэхэд оршино. Тиймээс өрнөдийн нэрт судлаач Б.Хааке “сэтгүүлч мэдээллийн амьд “суваг”, нийтлэгч олон түмний саналыг илэрхийлэгч, нягтруулагч бөгөөд улс төрийн санааны индэр мөн” (207.187) гэж хэлсэн байдаг. Тэгвэл нийтлэл зүй бол сэтгүүл зүйн суваг болон бусад аргаар тарж байгаа олон нийтийн улс төрийн бичлэгийн тодорхой нэг төрөл бөгөөд цаг үеийн чухал асуудлыг тусгах замаар олон түмэнд нөлөө үзүүлэх зорилго бүхий нийгмийн үйл ажиллагааны нэг өвөрмөц хэлбэр юм.