Тумугийн тулалдаан
Түмүгийн Хэрэг нь 1449 оны 9-р сарын 1-ний өдөр Эсэн тайш тэргүүтэй Ойрад монголчууд, Мин улсын Жэнтун хааны цэргийн хооронд болжээ.
Түмүгийн Тулалдаан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Мин-Ойрадын хоёрдугаар дайн (англ.) | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Монгол | Мин улс | ||||||
Удирдагчид | |||||||
Эсэн тайш | Жэнтун Ван Жен | ||||||
Цэргийн хүч | |||||||
20,000[1] | 500,000 | ||||||
Хохирол | |||||||
3,000 | 200,000+ |
1449 оны 7-р сард Эсэн тайш гурван замаар Мин улсад довтлов. Түүний биечлэн удирдсан гол замын цэрэг Датун хотын чиглэлээр давшжээ. Мин улсын их сайд Ван Жен тайганы ятгалгад орж 22 настай залуу Жэнтун хаан хам хум 500,000 цэрэгтэй их армийг цуглуулан өөрийн биеэр монголчуудын эсрэг хөдөлсөн байна. Жэнтун хааныг Ван Жен тэргүүтэй туршлагатай 20 жанжин, бусад олон тооны сайдууд дагалджээ.
8-р сарын 3-нд Эсэн тайшийн цэрэг хятад цэргийн түрүүчтэй цагаан хэрэмний ойролцоо Янгхед тулгаран байлдаж эхэлжээ. Мөн өдөр Мин улсын хаан дүү Жу Циюйд улсыг захируулан үлдээж Бээжингээс мордов. Хятад цэрэг хүчээр дутуу ойрадуудыг хурдан зүйл дуусгаад буцна хэмээн төлөвлөж гарсан тул бэлтгэл муутай байв.
Гэвч байдал тэдний санаснаар болсонгүй. Олон хоног үргэлжлэн орсон ширүүн бороо явган цэргийн хурдыг сааруулжээ. Зутарч санаагаар унасан ордны бараа бологчид хааныг Цзюйюнь даваанаас буцаах гэсэн боловч Ван Жен тэднийг сонсохыг ч хүссэнгүй. 8-р сарын 16-нд Мин улсын цэрэг зорьсон Янгхед хүрсэн боловч тулаан аль хэдийн дуусч хөндий хятад цэргийн хүүрээр дүүрсэн байлаа. Цааш явсаар хоёр хоногийн дараа Датунд хүрч хотын хамгаалагчдаас монгол цэргийн талаар мэдээ авав. Датуны хамгаалагчид Ван Женийг үүнээс цааш давшин Монголын тал нутаг руу орох нь эзэн хааны амь насанд аюултай байж болох тухай ятган Бээжин рүү буцаахыг санал болгожээ. Ингээд монголчуудтай илд зөрүүлэлгүй буцаж явахдаа замдаа дайнд ялсан мэтээр зарласаар явжээ.
Ван Женгийн хувийн эдлэн буцах замд нь Южоуд байсан бөгөөд ядарсан цэргүүд хөрөнгийг нь талж мэднэ гэж айсандаа эдлэнгээсээ холуур тойруу замаар буцахаар шийджээ. Монгол цэрэг ухарч яваа дайсныг тайван орхилгүй жижиг баг цэргүүдээр хөөн байлдсаар байв. Ингэж явсаар 8-р сарын 27-нд Сианьфуд очиж буусан байна. 8-р сарын 30-нд монголчууд Сианьфугийн зүүн этгээдэд байсан арын хамгаалалт руу довтлон устгажээ. Мөн тэр өдөр туршлагатай хөгшин жанжин Жу Ёонгийн морин цэргийн том арми Яоэрлинд монголчуудтай таарч байлдсан боловч ялагдсан байна. 8-р сарын 31-нд Жэнтун хаан цэргийн хамт шуудангийн Туму өртөөнд хүрч буудаллажээ. Зарим хашир сайд нар Ван Женд 45 км-ийн зайд байгаа зузаан хэрмээр хамгаалагдсан Хуайлай хотод орж хоргодохыг санал болгосон ч хүлээж авсангүй.
Эсэн тайш нэг баг цэргийг хошууч болгон илгээж хятад цэргийн өмнө зүгт усанд хүрэх замыг нь хаалгажээ. Ингээд 9-р сарын 1-нд довтолгоонд орж хятад цэргийн хүрээг бүслэн хаажээ. Ван Жен, Эсэн тайшийн хэлэлцээр хийх саналыг хүлээж авсангүй. Харин ундаасаж туйлдсан цэргээ голын зүг дайран бүслэлтийг сэтлэн гарахыг тушаав. Эмх замбараагүй усны зүг улангасан зүтгэх хятад цэрэг Монголын хошууч цэргийн (Эсэн тайш тэргүүтэй Монголын гол хүч тулааны үед ирж амжаагүй) хооронд ширүүн тулаан өрнөж дэг журмаа алдан хяналтгүй болсон хятад цэргийн олонхи нь алагджээ. Монголчууд Мин улсын цэргийн бүх том тушаалтнууд, ордны бараа бологчдыг устгаж, асар их зэр зэвсэг, эд хогшил олзлон авсан байна. Ван Жен зугтах гэж байгаад өөрийн цэргүүдэд алагдсан аж. Монгол цэрэг Жэнтун хааныг таниад алалгүй Эсэн тайшид авчирч өгчээ.
Эсэн тайшийн тухайд дайсны хааныг олзлоно чинээ санаагүй тул түүнийг яахаа мэдэхгүй байв. Эхлээд Бээжин рүү элч илгээн хааныг нь золиос аван суллахыг санал болгосон боловч тус хотын цэргийн удирдлага улс орны хувь заяа эзэн хааны амь наснаас илүү чухал гэсэн татгалзсан хариу өгчээ. Тэгээд ч олзлогдсон хааны дүү нь өөрийгөө хаан ширээнд өргөмжилсөн тул байр сууриа ахдаа тавьж өгөхийг хүсэхгүй байв. Үүний хариуд монголчууд Бээжинг бүсэлсэн боловч хэрэм эвдэх сайн багажгүй тул бат бөх хэрмээр хүрээлэгдсэн хотыг дайран эзэлж чадсангүй. Өдөр хоног өнгөрөх тусам Хятадын өнцөг булан бүрээс туслах цэрэг ирж байсан тул цэргээ хураан буцжээ. Эсэн тайш Жэнтун хааныг дөрвөн жил хорионд байлгасны эцэст ямар нэг төлөөс авалгүй тавьж явуулсан юм.
Тумугийн тулалдаанд монгол цэргийн хошууч болох ердөө хоёр түмэн цэрэг оролцож түүхэнд ховор тохиох агуу ялалтыг байгуулсан билээ. Энэ тулалдаан нь Мин улсын 300 жилийн түүхэн дэх хамгийн том ялагдал байсан юм.